Францын мөрдөн байцаагчид Элон Маскийн эзэмшдэг "Х" сошиал платформын Парис дахь оффист нэгжлэг хийжээ. Тус улсын прокурорын алба "Х" платформтой холбоотой мөрдөн шалгалтыг өргөжүүлсэн бөгөөд Элон Маскийг байцаалтад дуудах болсон байна. Мөн одоо болон өмнө нь ажиллаж байсан ажилтнууд, түүний дотор өнгөрсөн жил ажлаа өгсөн гүйцэтгэх захирал асан Линда Яккариног гэрчээр дууджээ. Энэхүү мөрдөн шалгалтын гол зорилго нь "Х" платформ хүүхдийн хүчирхийллийн тухай дүрс бичлэг, зургуудыг хадгалах, тараахад холбоотой эсэхийг олж тогтоох юм. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан "Deepfake" хуурамч дүрс, бичлэг нийтлэх, холоксотыг үгүйсгэсэн болон хуурамч мэдээлэл тараах, алгоритмыг зүй бус ашиглах боломж олгож байгаа эсэхийг шалгана.
"Х" платформын "Grok" нэртэй хиймэл оюуны чатботыг ашиглаж бодит хүмүүсийн царайг "зүй бус" зураг, бичлэгт оруулж байна гэх гомдлууд нэмэгдэх болсон.
Улмаар мөрдөн шалгах болсон. Парисын прокурорын газар нэгжлэгийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа болон Европолтой хамтран хийсэн гэдгээ баталжээ. Тэдний зорилго нь "X" платформын үйл ажиллагааг Францын хууль тогтоомжийн дагуу мөрдүүлэх явдал гэж мэдэгдэж байна.
Мөрдөн байцаах алба гэрчүүдийг сайн дурын үндсэн дээр дуудаж, тэдний байр суурь болон хууль сахиулахад чиглэсэн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тайлбар хүсч байна. Прокурорын газар уг үйл явдлыг "X" платформ дээр мэдэгдэж, цаашид уг платформыг ашиглахаа зогсооно гэж нэмж мэдээлжээ.
Өнгөрсөн жил хийсэн нэгэн судалгаагаар "X" платформын алгоритм нь Их Британийн хэрэглэгчдэд баруун жигүүрийн болон хэт туйлширсан контентыг түлхүү харуулж байсан нь тогтоогдсон байна.
Мөн тус улсын зохицуулагч байгууллага болох "Ofcom" өнгөрсөн сард Онлайн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд "X" платформ хууль бус контентоос хэрэглэгчдийг хамгаалж байгаа эсэхийг шалгах мөрдөн шалгалт эхлүүлжээ. "X" компанийн төлөөлөгч одоогоор тайлбар өгөөгүй. Харин Элон Маск өмнө нь Францын прокуроруудыг улс төрийн зорилготой мөрдөн шалгалт явуулж байна гэж буруутгаж байсан юм.
3,548.92






















































Холбоотой мэдээ