Эцэг эх нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 75-80 хувиар өсдөг

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Эцэг эх нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 75-80 хувиар өсдөг

Эцэг эх нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 75-80 хувиар өсдөг

Жил бүрийн долдугаар сарын эхний долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл шарилж, луулийн төрлийн ургамал цэцэглэн, улмаар дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил өвчнийг үүсгэдэг. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20 хувь нь харшилтай байдаг аж.

Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хүрэгсдийн 5 хувь, хүүхдүүдийн 15 хувь нь өвчилсөн байна. Түүнчлэн 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид үзэж байгаа юм.

Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор /шарилжны/, хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил  буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.

Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дүнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин, найтааж эхэлдэг. Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод гэнэт алга болж болно. Түүнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг,  эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд нь өвчлөх магадлал 25 хувьтай. Хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80 хувиар өсдөг байна.

Ургамлын харшил нь 3-9 настайд ихэвчлэн илэрдэг

Түүнчлэн манай оронд ургадаг ургамлын 50 гаруй зүйл нь харшил үүсгэдэг байна. Ургамлын харшил нь 3-9 настайд ихэвчлэн илэрдэг ажээ. Хамгийн гол нь харшлын илрэх шинж тэмдэг харилцан адилгүй байдаг гэнэ. Тодруулбал, харшил үүсгэгчтэй таарсны дараагаас нус гоожин найтаалгаж, хамар загатнадаг. Нулимс гоожиж, нүдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгүүд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит юм. Хүнсний харшил нь хүүхдүүдэд голдуу диатез  буюу сахрын харшил хэлбэрээр илэрдэг.

Эдгээрийн аль нь болохыг мэргэжлийн байгууллага арьсанд сорил тавьж шалгадаг ажээ. Хавар, зуны улиралд ургамлын болоод нарны харшлууд идэвхэждэг бөгөөд сүүлийн үед эмийн харшил ч идэвхжих хандлагатай болсон талаар мэргэжилтнүүд ярьж байгаа юм.

Ургамлын харшлыг анагаах ухаанд “поллиноз” гэж нэрлэдэг. Энэ бол нэлээд тархмал эмгэг бөгөөд ургамлын тоосонцроор үүсгэгддэг харшил юм. Харшлын илрэл нь голчлон амьсгалын замын ба нүдний салст бүрхүүлд улирлын шинжтэйгээр жил бүр илэрч, ялангуяа харшлуулагч зүйл ургамал цэцэглэх, тоосоо гөвөх үеэр хурцаддаг. Энэ төрлийн харшилд удамшлын хүчин зүйл ихээхэн нөлөөтэй. Ургамлын харшлын эмчилгээ нь иж бүрдэл байх ёстой. Тэр дундаа энэхүү өвчин бага насны хүүхдүүдэд зонхилон нөлөөлдөг учраас хооллолт, харшлуулагчаас зайлсхийх, түүнийг бие махбодоос гадагшлуулах, дархлааны өвөрмөц эмчилгээ, эмийн эмчилгээ зэргийг хослуулах хэрэгтэй байдаг байна.

Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй

Энэ талаар АШУҮИС-ийн багш, доктор П.Ганчимэг “Ургамлын гаралтай зарим хүнс нь ургамлын тоосонцрын адил харшлын урвал үүсгэж болох тул хүүхдийн хоол хүнсэнд онцгой анхаарвал зохино. Тухайлбал, зөгийн балаар харшилтай хүүхдээ тордохыг зөвлөмөөргүй байна. Хүүхэд модны тоосонд харшилтай бол улаан лооль, киви, петрушка, хар чавга, лууван, интоор, алим, самар, тоор жимс өгч болохгүй. Зэрлэг ургамалд харшилтай бол тарвас, халва, наранцэцгийн самар, майонез, гич, хүрэн манжин, хаш зэргийг хүнснээс хасна.

Бусад өвчний эмчилгээнд ургамлын гаралтай эм бэлдмэл хэрэглэхийг түр азна. Эмийн эмчилгээг эмч зааж өгөх ёстой ба хүүхдэд харшлын эмийг хяналтгүй, дураараа хэрэглүүлэх нь ихээхэн хор уршигтай. Ялангуяа хамрын дусаалгыг аль дайралдсаныг нь, эсвэл эмчийн тодорхой хугацаанд хэрэглүүлэхээр бичиж өгсөн дусаалгыг хяналтгүй удаан хугацаагаар хүүхдэд хэрэглүүлэх нь хамрын салс бүрхүүлийн хялгасан судсаар эргэлдэх цусны эргэлтийг саатуулж эмийн ринит гэж нэрлэгдэх эмгэгт хүргэнэ. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй” гэж зөвлөлөө.

Ургамлын тоосны харшилтай хүмүүст анхааруулах зүйлс:

  • Шарилжийн төрөл луулийн овгийн ургамлуудын дохиурын тоосовч задрах үзэгдэл өглөөний 04.00-09.00 цаг, оройн 17.00-22.00 цагуудад эрчимждэг. Энэ үед хаалга цонхоо ойлгохгүй байх.
  • Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх.
  • Гадуур өмсөж явсан хувцсаа битүү орчинд шүүгээнд, уутанд хийх.
  • Угаасан хувцсаа гадаа гаргаж тавихгүй байх.
  • Гадуур явахдаа амны хаалт зүүх.
  • Ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх.

Дашрамд дурдахад, өглөөний агаарт ургамлын тоос их байдаг учраас цонхыг үдээс хойш, борооны дараа онгойлгож байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн харшлыг өдөөгч ургамлыг газраас 7-10 см хэмжээтэй байхад нь хадаж түүх хэрэгтэй аж. Их хогтой газрынхыг зулгааж болдог. Зулгаасныхаа дараа харин олон настын үр цацаж нөхөн сэргээлт хийх ёстой. Шарилжийг цэцэглүүлж, үрлүүлэхгүйн тулд зургаадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын сүүлч үе хүртэлх хугацаанд хадах хэрэгтэй. Тэгвэл агаарт дэгдэх шарилжны тоосонцор илт багасдаг ажээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж