"Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад нэлээд цаг орох бололтой"

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

"Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад нэлээд цаг орох бололтой"

"Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад нэлээд цаг орох бололтой"

1965 оноос Голланд улсын Амстердам хотод эхэлж байсан түрээсийн дугуйн үйлчилгээ хүрээгээ улам бүр тэлж өнөөдөр дэлхийн 600 гаруй хотод амжилттай хэрэгжиж байна. Орчин үеийн хотуудын хандлага автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болжээ. Улаанбаатар хот ч гэсэн ялгаагүй орчин үеийн шинэ чиг хандлагуудыг нийтийн тээврийн салбарт шат дараатай нэвтрүүлж байгаагийн тод жишээ “Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ юм.

“Шарк танк” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Никель Ганбаа буюу Г.Дашням “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох “Ubike” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Ийн түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Түрээсийн дугуй хэрэглээнд нэвтрээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч дугуйг хулгайлах, эвдлэх  зэрэг тохиолдлууд гарах боллоо.

Дээрх асуудлаар бид “Никель Ганбаа” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Г.Дашнямтай ярилцлаа. 

наймдугаар сарын дундуур 100 ширхэг дугуй дахин үйлдвэрлэж, худалдаанд гаргана

-Түрээсийн дугуй хулгайд алдагдах болсон талаар яриагаа эхэлье?

Одоогоор нийт 28 дугуй алга болоод байна. Зарим алга болсон дугуй нь эргээд олддог, зарим нь олддоггүй. Зогсоолууд дээрээ тогтмол дугуйтай байлгахын тулд зогсоолоос бусад газар үлдээсэн дугуйнуудаа цуглуулахдаа байршил тогтоогчийг ашигладаг. Бүх дугуй байршил тогтоогчтой. Хулгайлсан тохиолдолд баригдахгүй байна гэж байхгүй. Ихэвчлэн гэр хорооллын иргэд дугуйны байршил тогтоогчийг салгаж хаяаад дугуйг нь хашаандаа аваачсан байдаг. Байршил тогтоогч нарны хавтангаар цэнэглэгддэг учраас гадаа байх зориулалттай. Энд тэнд байрны орцонд оруулаад орхичихоор байршил тогтоогч ажиллахаа больчихдог тохиолдол бий.Харин сүүлийн үед хулгайлахаас илүүтэйгээр дахин ашиглах боломжгүй болтол эвдлэх тохиолдол гарч байна.

-Тэгэхээр дугуйны хохирлыг хэн барагдуулна гэсэн үг вэ?

-Түрээсийн дугуйнууд “Хаан даатгал” компаниар даатгагдсан учраас даатгалын компаниас бүх зардлыг гаргаж өгч байгаа. Мөн бид цагдаагийн байгууллагад хандсан.

-Мэдээж, түрээсийн дугуй үйлчилгээг зөв ашиглаад сурсан байнгын үйлчлүүлэгчтэй болсон байх?

-Ер нь соёлтой хэрэглэдэг хүмүүс нь эвдэлж хулгайлдагаасаа илүү олон  шүү. Хотоор манай дугуйг унаад явж байгаа олон хүнтэй таарч байна. Анх хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн цагаас байнгын хэрэглэдэг болсон олон ч хүн байгаа. Нэг зогсоол дээр арван дугуй байрладаг.

Хүн унаад явлаа гэхэд тэр зайд 4-5 сэлгээний дугуй аваачиж тавьдаг. Хэрэглэгч ихтэй болохоор эргэлт хурдан байдаг юм. 28 ширхэг дугуй алдагдсан болохоор ачаалал харьцангуй нэмэгдэж байна. Эдгээр дугуйг олно, нөхөн олговрын асуудал гэхээр цаг алдах талтай. Иймээс наймдугаар сарын дундуур 100 ширхэг дугуй дахин үйлдвэрлэн гаргана. Нэгэнт хэрэглэгч нэмэгдэж байгаа учраас дугуйныхаа тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ өвөл нэлээн олон дугуй үйлдвэрлэнэ. Одоо хэрэглэж байгаа хүмүүсийн идэвхийг харахад ирэх жил нийслэлд 500-600 ширхэг дугуй үйлдвэрлэж байж хүмүүсийн  эрэлт хэрэгцээг хангана гэж үзэж байгаа

 -Энэ жилдээ түрээсийн дугуйн  хамрах хүрээ  зөвхөн хотын төв хэсгээр л хязгаарлагдах уу?

-Тийм ээ. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүүхдийн урлангаас Зайсан хүртэл тойрогт явж байгаа. Мэдээж, 2019 онд тойрог нь нэмэгдэнэ. Жил жилээр тойргоо томруулаад дугуйныхаа тоог нэмээд явна. Хэдий  тулгарч байгаа асуудал байгаа ч дор нь шийдээд явж байгаа. Тодорхой хэмжээгээр нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулж байгаа учраас иргэдийн оролцоо хэрэгтэй. Зөвхөн бид нар хойноос нь хөөцөлдөөд явахаас илүүтэйгээр эдэлж хэрэглэж байгаа хүмүүс зогсоолоос аваад зогсоол дээр нь тавьдаг. Ариг гамтай  ханддаг бол бас өөр шүү.

Хамрах хүрээнээс гадуур хаягдсан дугуйнууд алга болж эвдэрдэг

-Ингэхэд зогсоолынхоо тоог нэмсэн үү?

-Бидний зүгээс зогсоолынхоо тоог аль болохоор нэмэхийг хичээж байна. Анх эхлэхдээ арван зогсоолтойгоор эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар 17 зогсоолтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ сарын дундуур нэмэлтээр 22-30 зогсоол нэмнэ. Албан газар болон үйлчилгээний газруудын гадаа ашигладаггүй хоосон зогсоол эсвэл дугуйн зогсоол их байдаг. Эдгээр зогсоолд дугуйнуудаа тавих талаар тухайн албан байгууллагын хүмүүстэй ярилцаж байгаа. Заавал төмөр зогсоол гэхээсээ илүүтэй бэлэн байгаа зогсоолыг ашиглахыг хичээж байна даа.

Хамрах хүрээнээс гадуур хаягдсан дугуйнуудыг сайн дураараа зогсоолд тавьдаг хүмүүс байдаг гэж сонссон?

-Зарим хүмүүс дугуйг зогсоолтой газраас нь  унаад зогсоолгүй газар тавьчихдаг. Ийм тохиолдолд  дугуйг унаад хамгийн ойрхон зогсоолд  байршуулдаг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүстэй зориулаад удахгүй бонус өгдөг болно.

-Ямар?

-Хамрах хүрээнээс гадуур дугуй унах үед 500 төгрөгөөр торгодог. Торгуулийн 500 төгрөг нь дугуйг зогсоолд байршуулсан хүний  дугуй унах данс руу орно гэх мэтчилэн аппликейшны хөгжүүлэлт нэмэлт зүйлс хийгдэж байгаа. Мөн энэ сарын дундуур дугуй захиалах гэсэн шинэ цэс нэмэгдэнэ. Жишээ нь, Бат өдрөөр дугуйгаа захиаллаа гэж бодоход түүнээс өөр хэн нэгэн захиалсан дугуйг унахгүй гэсэн үг. Энэ хэмжээгээр Батын хүлээх хариуцлага нь ихэснэ.

-Бүтэн өдрийн хураамж  хэдэн төгрөг байх бол?

-6000 мянган төгрөг төлөөд бүхэл өдөржингөө унаж болно.

-Ер нь хамрах хүрээнээс гадуур хаягдсан дугуйнууд ихэвчлэн алга болдог гэсэн үг үү?

-Хамрах хүрээнээс гадуур хаягдсан дугуйнууд алга болох эвдрэх тохиолдол их байгаа учраас тойргоос аль болох гаргахгүйг хичээж байгаа. Мэдээж өдөр тутамдаа засварын ажлыг хийгээд явдаг. Удахгүй хамрах хүрээнээс гарах л юм бол дугуйны дохиолол дуугардаг болгоно.

Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад манайхны ухамсар, соёлд нэлээд цаг орох бололтой

Эвдрэл дундаас ямар төрлийн эвдрэл дийлэнх нь байна вэ?

-Хамгийн ихдээ дугуй хагарч байна. Хагарсан дугуйнуудаа дор дор нь засаад явж байгаа. Унаж яваад дугуй нь хагарчих юм бол утасны апплейкшн дээрээс дугуйн гэмтэл мэдээлэх гэсэн цэс рүү ороод дугуйны дугаар зэрэг мэдээлэхээр оператор хийж байгаа хүмүүст мэдээлэл нь ирдэг. Ингээд бид нар хүмүүсээ явуулж засуулдаг учраас эвдрэл гэмтлүүдийг хурдан засдаг.  Хүмүүсийн хэрэглээ бид нарын тооцоолж байснаас харьцангуй гайгүй байна. Мөн дугуй хагарлаа гээд бид хэрэглэгчдээс нэмж төлбөр авахгүй байгаа. Учир нь энэ бол гарч болох эрсдэл гэдгийг бид тооцоолсон. Мэдээж даатгалтай  учраас дампуураад үйлчилгээгээ зогсооно гэсэн зүйл  байхгүй. Үйлчилгээгээ нэгэнт эхлээд явсан учаас энэ үйлчилгээгээ  олон хүмүүст хүргэх, цаашдаа улам сайжруулах зорилготой ажиллаж байна.

-Дугуй ихээр хагарч байна гэлээ. Иргэд дугуйн замаар явахгүй байна гэсэн үг үү, эсвэл дугуйн зам хангалттай байхгүй байна уу?

-Одоо байгаа тэмдэглэгээтэй дугуйн замуудаар хүмүүс их явж байгаа харагддаг. Хуучин байгаа дугуйн замуудыг шинээр тавьж байгаа дугуйн  замтай холбох ажлууд Нийслэлээс хийгдэж байгаа.

-Түрээсийн дугуйн үйлчилгээ хэдэн сар хүртэл ажиллах вэ?

– Аравдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. Дараа жилээс эхлээд дөрвөөс аравдугаар сар хүртэл үргэлжилнэ.

-Иргэддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад манайхны ухамсар, соёлд нэлээд цаг орох бололтой. Бид ч үйлчилгээгээ улам сайжруулахыг хичээж ажиллана. Гол нь зогсоолдоо авчирч тавиад, дүрмийн дагуу унаж хэрэглээсэй гэж л хүсэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж