Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, зарим цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.
Нийслэлд 2018 онд улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, 5 сургуулийн спорт танхимын барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг тус тус барьж эхлүүлсэн. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр есөн сургууль, 22 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.
БЗД-ийн 68 дугаар сургуулийг төвлөрсөн дулаанд бүрэн холбожээ
Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаан хангамжид холбосон 68 дугаар сургуулийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажилтай танилцлаа.
Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуульд 1300 гаруй хүүхэд суралцдаг байна. Өнөөдрийг хүртэл халаалтаа шийдэхийн тулд нам даралтын зуух ашиглаж байсан юм. Энэ жил төвлөрсөн дулааны эх үүсвэрт холбогдсоноор нам даралтын зуухаа ашиглахаа больж түүгээр ч барахгүй тус сургуультай залгаа орших зэвсэгт хүчний 0310-р анги мөн төвлөрсөн дулаанд холбогдож байгаа юм. Ингэснээр хоёр уурын зуух бүрэн зогсож агаарын бохирдол үүсгэхгүй болж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт нийслэлийн төсвөөр 10, улсын төсвөөр 68 уурын зуухыг буулгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
“Энэ жилийн хувьд Эрчим хүчний яам, нийслэлийн хөрөнгө оруулалтаар гадна дулааныг төвлөрсөн дулааны шугамд холбох, дотоод сантехник гэсэн хоёр томоохон ажил хийгдэж байна. Ингэснээр манай сургуулийн орчин нөхцөл сайжирна. Өмнө нь халаалт муу байсан. Дулаан халаалтын хувьд өндөр хэмжээнд хүрч байна” хэмээн 68 дугаар сургуулийн захирал Ч.Чинчулуун ярилаа.
Дулаанд холбох ажил дуусч өнгөрсөн сарын 30-нд хүлээлгэн өгсөн байна. Хичээлийн шинэ жилээс өмнө ажил гүйцэтгэсэн компаниуд сургуулийн ойр орчмын тохижилтын ажлыг хийж дуусгана гэдгээ хэлж байв.
146 цэцэрлэг ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ
Үүний дараа Баянзүрх дүүргийн 5-р хорооны 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай танилцсан юм. Тус цэцэрлэгийн хуучин барилгыг 2014 онд буулгасан хэдий ч эргэж бариагүй 2017 он хүрсэн байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн тус цэцэрлэгийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Шинэ хичээлийн жилээс өмнө ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат хэлж байв. 146 дугаар цэцэрлэг нь 10 анги, 280 хүүхдийн ортой байх юм.
Хан-Уул дүүргийн 60, 118 дугаар сургуулиудын уурын зуухыг буулгана
Хотын даргаар ахлуулсан баг Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Байгуулагдсан цагаасаа эхлэн 30 гаруй жил нам даралтын зуухаар халаалтаа шийдэж ирсэн 60 дугаар сургууль энэ жил төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбогдохоор болжээ. Шугам сүлжээний ажлыг гүйцэтгэгч компанийн инженер Б.Жүгдэр “Гэрээнд заасан хугацаа болох аравдугаар сарын 1-нд ажлаа дуусгаж сургуулийн байрыг дулаанд холбоно. Зөвхөн 60 дугаар сургууль бус 118 дугаар сургуулийг мөн холбож, хоёр уурын зуухыг буулгана” хэмээв.
Тус сургуульд 1200 сурагч суралцаж 100 гаруй багш ажилчид ажилладаг. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд 85 хүүхэд суралцдаг аж. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах зориулалттай орчин бүрдүүлсэн байна. Энэ үеэр хотын дарга холбогдох албаны хүмүүс зарим үүрэг даалгавар өгөв.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчныг сайжруулах чиглэлээр нийслэлээс төсөв батлаад тохижилтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Мөн улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дулааны төвлөрсөн шугамд холбох ажил эхлээд байна. Сургуулийн захиргаа, багш ажилчид талархалтай хандаж байна” хэмээн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн захирал Д.Ариунаа ярив.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын төлөвлөгөөнд алслагдсан дүүргүүдийн уурын зуухыг буулгахаар төлөвлөсөн. Энэ жил 10 гаруй уурын зуухыг буулгана. 60, 118 дугаар сургуулийг дулааны төвлөрсөн шугамд холбосноор нэг уурын зуухыг буулгах юм. Мөн нийслэлээс хөрөнгө мөнгөний бололцоогоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахаар сургууль, цэцэрлэгүүдийн орох, гарах гарц, ариун цэврийн өрөөнөөс эхлэн тоноглож байна” гэв.
бнхау-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль барина
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 7 сургууль барихаар төлөвлөөд байгаа. Буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай өнөөдөр хотын дарга танилцав. Сургуулийн барилгыг Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд барьж байгаа юм.
Барилгын ажлыг “CHINA AID” компани гүйцэтгэж байгаа юм. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж байгаа аж.
“Сургуулийн барилгыг ирэх оны есдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой. Барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Суурийн ажлаа хийгээд явж байна. Барилгын ажил 20 хувьтай байна. Хөрөнгө мөнгөний асуудал гарахгүй бол хугацаа алдахгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой” хэмээн туслан гүйцэтгэгч компанийн талбайн инженер Д.Батдорж ярив.
Сургууль, цэцэрлэгийн барилга барих газар чөлөөлөлт 80 хувьтай байна
Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлттэй газар дээр нь очиж танилцсан юм. МУ-ын 2018 оны Төсвийн тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан, 39 байршилд сургууль цэцэрлэг төлөвлөн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Чингэлтэй дүүргийн тус хороонд баригдах бага, сургууль цэцэрлэгийн цогцолборын газар нь 20 нэгж талбар /9000м2/ юм.
Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа “Нийслэлийн Газрын албанаас 39 байршилд газар чөлөөлөлт хийж байна. Үүнээс 23 байршилд захирамж нь гарсан. 16 байршлыг 100 хувь чөлөөлөөд байна. Газар чөлөөлөх ажил 80 хувьтай явж байна. 14-р хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар 100 хувь чөлөөлөгдсөн” гэв.
Үүний дараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцав. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2017 оноос эхлэн он дамжин хэрэгжиж байгаа юм. Энэ хичээлийн шинэ жилээр бүрэн ашиглалтад орох юм байна.
Мөн Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд уурын зуухаар халдаг төрийн өмчийн цэцэрлэг болон зарим айл өрхийн дулаалгыг хийж байна. 2018 онд дулаалж буй төрийн өмчийн 5 цэцэрлэгээс 51 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлын явцтай танилцсан. Энэхүү ажил нь хэрэгжсэнээр тухайн барилгаас үүсч буй агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтойгоос гадна тухайн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдэд тав тухтай орчин нөхцөл бүрдэх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ жил Улаанбаатар хотод боловсролын салбарын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. УИХ, ЗГ-аас тавьсан зорилтын хүрээнд нийслэлийн бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтыг олон улсын стандарт буюу 85 хувьд хүргэх зорилт тавьсан. 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлээд байна. Энэ бүх барилгууд 2019 оны хичээлийн жилд ашиглалтад орох учиртай. Хамгийн хүндрэлтэй асуудал газар болоод байна. Газрыг нөхөн олговортойгоор иргэдээс худалдан авч байна. Газар чөлөөлөлтийн зардлыг нийслэлийн төсөвт тусгаад явж байна. Ирэх жилээс газар чөлөөлөлтийн зардлыг сургууль, цэцэрлэгийн барих төсөвт нь цуг тавих хүсэлтийг Сангийн яаманд хүргээд байгаа.
Энэ оны хувьд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг ашиглалтад оруулна эхний тав нь ашиглалтад орсон, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө, үлдсэн нь энэ ондоо багтаад ашиглалтад орно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.