Сар шинийн баярын өдрүүдэд монголчуудын хоол хүнсний хэрэглээ эрс нэмэгддэг. Бууз, чанасан мах, салат, айраг, цагаан идээ гээд өөх тос, уураг ихтэй хүнс зонхилдог энэ үеэр “жин нэмчих вий”, “ингэж идэж болохгүй” гэх айдас олон хүнд төрдөг. Гэвч баярын цөөн хоногт илчлэг тооцож, өөрийгөө хэт хязгаарлах нь харин ч стрессийн дааврыг нэмэгдүүлж, хоол шингээлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй гэдгийг та мэдэх үү? Энэ талаар Хоол зүйч, Шинжлэх ухааны магистр А.Уянгаас тодрууллаа.
-Цагаан сарын баярын өдрүүдэд хэд хоног дараалан их идэх нь жин нэмэх, цаашлаад эрүүл мэндэд муугаар нөлөөлөх үү?
-Цагаан сар бол хоолны дэглэм барих үе биш. Хэрэв ямар нэг өвчний оноштой, эмчийн заалтаар хоолны дэглэм барих шаардлагатай биш л бол баярын цөөн хоногт илчлэг бодож, жин нэмчих вий гэсэн айдас харин ч стрессийн дааврыг ихээр ялгаруулж хоол шингээлтийг удаашруулдаг. Баярын хэдхэн хоногт илчлэгт санаа зовж, “ингэж идэж болохгүй” гэж өөрийгөө стресстүүлэх нь:
- симпатик мэдрэлийн системийг идэвхжүүлж,
- хоол боловсруулах шүүс ялгаралтыг бууруулж,
- хоол шингээлтийг удаашруулдаг.
Өөрөөр хэлбэл тайван идэх нь өөрөө хоол шингээлтэд эерэг нөлөөтэй. Монголчууд эртнээс “цаг цагаар цаддаг, цагаан сараар нэг цаддаг” хэмээн ярьж ирсэн нь өдөр тутамд хэт их идэх бус, харин баяр ёслолын үед л цадтал идэж, бусад үедээ зохистой, даруу хооллодог ухаалаг хандлагыг илэрхийлдэг. Цагаан сар бол онцгой баяр, харин өдөр тутмын хооллолт өөр дэгтэй байсан гэсэн үг. Тиймээс цагаан сараар жаахан илүү идсэн нь асуудал биш, харин байнгын хэтрүүлэн идэх нь эрсдэл болдог. Өөрөөр хэлбэл, баярын болон өдөр тутмын хооллолтыг ялгаж ойлгох, энгийн өдрүүдэд тэнцвэртэй хооллолтыг эрхэмлэж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэсэн үг юм. Бууз, мах идэхийн өмнө ногооны салат, бага зэрэг исгэсэн ногоо идэх нь ходоодыг бэлтгэж, өөх тосны шингээлтийг жигдрүүлнэ. Махны хэт өөхтэй хэсгээс зайлсхийх нь хүнддэхээс сэргийлнэ. Мөн болж өгвөл айл хооронд алхах нь хоол шингээлтэд тустай.
-Ямар төрлийн хоол хүнс хоолны хордлого үүсгэх эрсдэл өндөртэй байдаг вэ
-Буруу хооллох эсвэл хэтрүүлэн идэх нь хордлогод орох шалтгаан болдоггүй. Хордлого төрүүлэгч бичил биетээр бохирдсон хоол хүнс идсэнээр хоолны хордлого үүсдэг. Тиймээс баярын өдрүүдэд хордлогоос сэргийлэхийн тулд хоол хүнсийг зөв хадгалах нь чухал. Тухайлбал мах, мах бүтээгдэхүүнийг хөргүүрт таваас доош хэмд хадгалах, илүүдэл хоол хүнсийг тасалгааны хэмд удаан байлгахгүй хурдан хөргүүрт хийх, жимс, ногоог сайтар угааж хэрэглэх нь чухал. Үүнээс гадна өөх тос болон нүүрс ус ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэх нь элэг цөс, ходоод, нойр булчирхайд ачаалал өгч цээж хорсох, гэдэс дүүрэх, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг өгч болзошгүй. Тиймээс халуун бүлээн шингэн сайн уух, мах, буузтай хамт аль болох ногоо, даршилсан ногоо, майонезгүй салат, зууш хамт хэрэглэхийг зөвлөж байна.
-Зарим хүнсийг хооронд нь зохицолгүйгээр хэрэглэх нь ходоод гэдэсний зовиур үүсгэх, улмаар хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юу?
-Сар шинийн баярын хоол хүнс ихэвчлэн мах махан бүтээгдэхүүн, өөх тос, майонезтой салат гээд өөх тос ихтэй хүнс зонхилдог. Тиймээс мах, бууз гэх мэт хүнд хоолыг дээр дурдсанчлан төрөл бүрийн ногоо, ногооны салат гэх мэт хөнгөн хоолтой хамт хэрэглэх нь тохиромжтой. Мөн жимс ногоо нь эслэгээр баялаг төдийгүй Ц амин дэмийн агууламж өндөртэй учир махан дахь төмрийн шимэгдэлтийг дэмжих, эслэг нь хоол боловсруулалтыг дэмжих нөлөө үзүүлнэ. Тиймээс мах болон ногоо нь хоорондоо маш сайн зохицдог.
Харин маханд агуулагдах гемийн төмрийн шимэгдэлтийг удаашруулдаг эрдэс нь кальци байдаг.
Кальци нь сүү, сүүн бүтээгдэхүүнд өндөр хэмжээтэй агуулагддаг. Тийм болохоор сүү, сүүн бүтээгдэхүүнийг махан хоолноос зайтай хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг. Гэхдээ тухайн хүн лактоз шингээхэд асуудалгүй бол баярын цөөн өдрүүдэд мах, сүүг хамтад нь хэрэглэхэд тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хамгийн гол нь хэмжээгээ анхаарах зүйтэй.

-Хууч өвчтэй хүмүүсийн хувьд өвчнөө сэдрээхгүй байхын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Баяр ёслолын өдрүүдэд ямар нэгэн хууч өвчтэй хүмүүс хооллолтондоо анхаарах нь чухал. Учир нь баярын дараа хууч өвчтэй хүмүүсийн өвчлөл сэдрэх тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал ходоод, элэг цөс, нойр булчирхайн асуудалтай хүмүүс өөх тос ихтэй хоол хүнсийг хязгаарлах шаардлагатай байдаг. Гэтэл баярын идээ, хүнс өөх тостой хоол түлхүү учир хэмжээгээ анхаарч бага хэмжээтэй хэрэглэх нь хамгийн чухал. Ер нь аливаа нэг зүйлийг бүр мөсөн хорих биш хэмжээг тохируулан хэрэглэх нь хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.
-Баярын өдрүүдэд жин нэмэхгүй байх тал дээр ямар зөвөлгөө өгөх вэ?
-Баярын өдрүүдээр жин нэмэхгүй хооллох энгийн боловч үр дүнтэй арга гэвэл өдөрт усаа хангалттай уух, мөн эслэгийг хангалттай хэрэглэхийг зөвлөж байна. Эслэг нь бүх төрлийн жимс, хүнсний ногоонд агуулагддаг. Тухайлбал мах болон буузаа идэхээсээ өмнө ногоо, нарийн ногооны салатыг бага хэмжээтэй идэхийг зөвлөж байна.
Учир нь эслэг нь цадсан мэдрэмжийг хурдан өгснөөр хэтрүүлэн идэхээс сэргийлэхээс гадна өтгөн хатахаас сэргийлэх ач холбогдолтой.
Мөн даршилсан ногоо идэх нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж уураг задлах пепсин дааврыг идэвхжүүлдэг учир мах, буузтай исэг болон даршилсан ногоог хачир байдлаар идэх нь тохиромжтой. Гэхдээ давсны агууламж их учир хэмжээг нь анхаараарай гэж зөвлөе.
Харин хоолыг удаан, сайтар зажилж идэх нь хоол боловсруулах үйл явцыг дэмжих, хэтрүүлэн идэхгүй байх хамгийн үр дүнтэй арга юм.
-Зөв зохистой хооллох хамгийн энгийн арга юу вэ?
-Зохистой хооллолт гэдэг нь бие махбодод шаардлагатай бүх шим тэжээлийг зөв хэмжээгээр, тэнцвэртэй авч байхыг хэлнэ. Энгийнээр хэлбэл,
- Төрөл бүрийн хүнс хэрэглэх буюу нэг төрлийн хоол идэх биш, уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс бодисыг хоол хүнсээрээ дамжуулан хангалттай авах.
- Тохиромжтой хэмжээгээр идэх – Хэт их, эсвэл хэт бага идэхгүй, өөрийн биед тохируулан хооллох.
- Зөв цагтаа хооллох – Өдөрт тогтмол 3-5 удаа хооллож, өлсөхгүй, хэт цадталаа идэхгүй байх.
- Эрүүл, боловсруулаагүй хүнс сонгох – Ногоо, жимс, бүхэл үр, цэвэр уураг зэрэг байгалийн гаралтай хүнсийг түлхүү хэрэглэх.
Өөрөөр хэлбэл, таны бие махбодод хэрэгтэй бүх шим тэжээлийг хангалттай авч, эрүүл, эрч хүчтэй байх хооллолтыг зохистой хооллолт гэж нэрлэдэг.
3,548.92






















































Энхцэцэг 2026-02-04 202.21.112.226
Мэдэг гэдэг билүү ккк
Энхцэцэг 2026-02-04 202.21.112.226
Зөв мэдээлэл хүргэдэг мэргэжил нэгт таньд баяр хүргэе. хэрхэхийг бурхан мадаг гэдэг билүү
Нэргүй 2026-02-04 66.181.178.214
цагаан сарын бууз идээд байвал ороод л байдаг юм даа цагаан сараар сайн идэж хаврын хавсрагаа давнаа хө монголчууд
Нэргүй 2026-02-04 138.252.29.36
яаж идэхээ өөрсдөө мэдэе. буузаа иднэ уу? ногоо иднэ үү? өөрсдөө л шийдэе. монгол хоолоо яаж нэмэгдүүлэх үнэ ханш багатай байлгахаар сэдэж ухаанаа зарцуул
Нэргүй 2026-02-04 203.91.115.51
Монголчууд хэдэн мянган жилийн турш сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн байж сүүлийн үед л лактоз лактоз гэж маягладаг болж, угаасаа монгол хүний организм сүүнд дасцан байгаа, сүү уугаад гүйлгээд байвал ээжээсээ аавынхаа талаар асуугаарай