“Хонио хариулж явсан малчид мотоцикльтойгоо урссан”

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

“Хонио хариулж явсан малчид мотоцикльтойгоо урссан”

“Хонио хариулж явсан малчид мотоцикльтойгоо урссан”

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал баг,  Ар бүүрэг гэдэг газар өчигдөр /2018.08.06/  аадар бороо орж, үер бууснаас олон тооны мал хорогдсон байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэгээс тодрууллаа. 


-Үерийн улмаас танай нутагт 400 гаруй толгой мал хорогджээ. Тодорхой мэдээлэл өгөөч?

-Ар бүүдэг гэдэг газар өчигдөр 15.00 цагийн орчимд 30 минут орчим үргэлжилсэн их устай бороо орж, үер буусан. Үерт гурван өрхийн 460 гаруй толгой мал хорогдсон.

Тухайн үед  900 орчим толгой мал бэлчээрт байсан. Хоёр малчин мотоциклиор хонио хариулж явсан юм билээ.  Харанхуйлж эхлэхэд нь биш боллоо гээд хонио эргүүлээд зүтгэсэн ч юу, юугүй үер бууж, өөрсдөө мотоцикльтойгоо урссан. Тэгэнгүүт мотоциклио орхиод явганаар малаа эргүүлсэн. Гэвч хүчрэгдээгүй, тал нь үерт урсаж, тал малтайгаа л эргэж ирсэн байгаа.

-Малаа даатгуулсан байсан болов уу?

-Хаан банкинд даатгуулсан байсан гэж малчид хэлж байна лээ.

-Ер нь малаа үерт алдсан айлыг малжуулах зэрэг төсөлд хамруулдаг уу.  Энэ тохиолдолд сумаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Малжуулах төсөл хөтөлбөр хэрэгждэггүй.  Онцгойгийнхон мал нь үерт өртсөн гэдэг бичиг л хийж өгдөг юм. Өчигдрийн үерт мал нь урссан гурван айлын хувьд Нарийн тээл сумаас ирсэн малчид. Отор хийж яваад ийм гамшигт өртлөө. Уг нь тухайн газар ингэж их үер бууж байсан тохиолдлыг санахгүй байна.

-Энэ зун үер ихтэй байна. Өчигдөр болсон үерийг эс тооцвол гайгүй өнгөрч байна гэж ойлгож болох уу?

-Үгүй ээ, өмнө нь хоёр ч газар үер бууж, 660 гаруй толгой мал хорогдсон. Хамгийн том хохирол нь Онгийн гол дагуу зусаж байсан мал юм. Нийт 500 толгой мал хорогдсон. Нөгөө нь зүүн талд буусан үерээс 160 гаруй толгой мал хорогдсон.

-Хур бороо элбэгтэй байгаа болохоор хадлан тэжээл сайн бэлтгэх боломжтой байгаа юу?

-Сумаасаа төлөвлөсөн хадлангаа бэлтгэчихнэ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж