"Одоо ийшээ тийшээ явахгүйгээр эх орондоо л баймаар байна. Монголоо санан санан ирлээ" хэмээн өгүүлэх энэ гэр бүл бол Т.Будынх. Тэд монголчуудын бахархал болсон уран нугаралтын урлагийг дэлхийд сурталчилж, 30 гаруй орноор хамтдаа аялжээ. Хамгийн сүүлд АНУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирээд буй нь энэ юм. Хамтдаа Австралиас гадна Япон улсад очиж үзэхийг битүүхэн хүсч мөрөөдөж байгаа бөгөөд алсдаа эх орондоо шавь нараа бэлтгэж, циркийн урлагаа хөгжүүлэхэд анхаарна гэдгийг хэлсэн юм.
Аав, ээж нь хүүхдүүдтэйгээ хамт нугарна. Дөрвөн настай охин нь мост унаж, есөн настай хүү нь аавынхаа мөрөн дээр гар дээрээ тогтож, тэнцвэрийн үзүүлбэр үзүүлнэ.
Т.Будын хувьд, Монгол Улсдаа гарын 10 хуруунд багтах эрэгтэй уран нугараачийн нэг бөгөөд "X Roses" төвийн уран нугаралтын багш, продюсер гэдгээр нь циркийн урлагийнхан андахгүй. Тэрбээр "Манай гэр бүл эх орондоо ирээд дөрөв хонож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Бостон хотноо циркийн сургуульд багшилж байгаад ирлээ. Эх орондоо ирээд маш сайхан байна. Хүүхдүүд маань ч маш баяртай байна. Эх орныхоо агаар салхи, байгалийн сайхнаас гадна хайртай аав ээж, ах дүүгээ маш их санагалзсан" гэдгийг хэлж байв.
Түүний хувьд Монголын циркийн урлагийн ноён оргилуудын нэг Т.Цэнд-Аюуш багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор 2004 оноос тухайн үеийн Улсын циркийн Уран сайхны зөвлөлийн шийдвэрээр багш болж байжээ. Тэрбээр багшийнхаа хоёр дахь эрэгтэй шавь нь бөгөөд 1992 онд Соёлын яамнаас уран нугараач, акробат тэнцвэрч мэргэжлийн үнэмлэх авсан байна. Т.Буд багшийнхаа тухай дурсан ярихдаа "Багш маань Монголын циркийн маш алдартай уран бүтээлч хүн. Энэ урлагт асар том хувь нэмэр оруулж, олон шавь нарыг төрүүлсэн гавьяатай. Багшийн алдар хэмжээлшгүй их дээ. Хөдөлмөрийн баатар Б.Норовсамбуу бол манай багшийн анхны шавь. Намайг багш болсны дараа Норовоо багш маань надад уран бүтээлийн санал тавьсан юм. Тэгээд 2005-2007 он хүртэл багш дээрээ үлдсэн шавь нартайгаа нийлж, багшийнхаа дурсгалд зориулан "Хос бамбар" нэртэй бүтээлийг хийсэн. Энэ уран бүтээлээрээ ОХУ-д болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, "Гран при" шагнал хүртсэн. Мөн тэр ондоо Монте-Карлогийн хүүхдийн тэмцээнээс Тэргүүн мөнгөн цом хүртэж байлаа. Тэр цагаас хойш шавь нартайгаа олон улсын тэмцээнд тасралтгүй оролцож байна" хэмээн амжилтуудаасаа дурдаж, эгнүүлэн өрсөн цомуудаа танилцуулсан юм.
Тодруулбал, 2025 оны 47 дахь удаагийн Монте-Карлогийн дэлхийн олон улсын циркчдийн фестивалын "Алтан цом" болон 2025 ондоо БНХАУ-д зохион байгуулсан "China International Circus Festival Zhuhai" тэмцээний Мөнгөн бар цомыг хүртсэн бөгөөд үргэлжлүүлэн Олон улсын эмэгтэй циркчдийн тэмцээний "Гран при" цом, UBS телевизийн "To be or not to be" шоуны тэргүүн байрын шагнал, Италийн Ром хотноо болсон олон улсын тэмцээний хос алтан цом гээд дурдаад баршгүй олон цом харагдана.
ДЭЛХИЙН ЦИРКИЙН УРЛАГТ МЭРГЭЖЛИЙН УРАН НУГАРААЧ ГЭР БҮЛ ХОВОР

Дэлхийн циркийн урлагт мэргэжлийн уран нугараач гэр бүл ховор. Тэр ховор гэр бүлийн нэг нь Т.Будынх гэдгийг тодотгон хэлье. Циркийн манежинд хариуцлага алдвал бэртэж, цаашлаад үхэж ч болно. Тийм тохиолдол ч цөөнгүй бий. Гэр бүлээрээ циркийн уран бүтээлч байх нь энэ бүх эрсдэлийг тооцож, даван туулахад давуу тал болж өгдөг гэдгийг хосууд онцолсон юм. Хамтдаа бэлтгэл сургуулилалтаа хийж, бие биедээ шаардлага тавихаас гадна нэг нэгнээсээ цаг үргэлж суралцана.
Тэд АНУ-д байх хугацаандаа монголчуудынхаа шинэ жилийн арга хэмжээнд уригдаж, баярыг нь гэр бүлийн үзүүлбэрээрээ чимжээ.
Энэ тухайгаа эхнэр Б.Ихэрцэцэг ярихдаа "Бид сүүлд АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцож, гэр бүлийнхээ анхны номероо үзүүлсэн. Эхлээд АНУ-ын Денвер дараа нь Лас-Вегас хотноо тоглосон. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Бидний хийж байгаа трюк бага л байх шиг санагдсан чинь сүүлдээ нэмэгдсээр байгаад есөн минутын үзүүлбэр болсон. Үзэгчдэд үзүүлбэр маань ерөөсөө урт санагдаагүй, маш сайхан байсан гэдэг сэтгэгдлийг хэлж, баяр хүргэсэн" тухай ярилаа.
БЯЦХАН УРАН НУГАРААЧ Б.УХААНЖИН ААВ, ЭЭЖ, АХЫГАА ДАГАЖ ХИЙСЭЭР БАЙГААД УРАН НУГАРЧ СУРЧЭЭ

Хүү Б.Чингүүжин одоо есөн настай. Тэр удахгүй 10 нас хүрнэ. "Би гурван настайгаасаа мост унаж сурсан. Таван настайдаа анхны телевизийн нэвтрүүлэгт орж, циркийн номер үзүүлж эхэлсэн. Надад гэр бүлээрээ циркийн үзүүлбэр үзүүлэх нь гоё байдаг. Бяцхан дүү маань сайхан зантай байвал олон номер үзүүлнэ. Харин дургүй нь хүрвэл бэлтгэлээ хийдэггүй" гэсэн юм. Харин гэр бүлийнхээ бяцхан уран нугараач Б.Ухаанжингийн хувьд "Надад мост хийхэд хэцүү. Яагаад гэвэл нуруу жаахан өвддөг. Бас би хоёр гар дээрээ зогсч чадна" гээд шууд л авьяасаа гайхуулах нь өхөөрдөм.
Бяцхан уран нугараач охины хувьд ахыгаа дагаж хийсээр байгаад энэ бүхнийг сурсан байна.
Т.Буд "Уран нугаралтад насны хязгаар гэж байхгүй. Дасгалаа тогтмол хийж, биеээ сайн хөдөлгөж байвал уран нугараач хүнд төгсгөл гэж байхгүй гэж боддог. Хүн хөгширч бус хөшиж үхдэг гэж үг бий. Тиймээс уран нугаралтаар хичээллэсэн хүний уян хатан байдал нэмэгдэж, бие хөших байдлаас ангижирч, залуу насны тэр сайхан бие бялдар нь улам сайхан сэргэдэг. Одоо ч ахмад уран нугараачид маань уран нугарч, өөрсдийн амьдралаараа батлан харуулж байгаа нь бахархам сайхан" гэдгийг хэлж байлаа.
Циркийн уран бүтээлчид биеийн хүчнээс гадна тархины ачаалал даах чадвар маш чухал. Уран нугараач Б.Ихэрцэцэг "Уран нугараач хүн агаар дээр ажиллах, тэнцвэрээ авах зэрэг олон төрлийн үзүүлбэр хослуулдаг учраас эхэндээ маш их стресстдэг. Тэр болгоныг байнга давтаж, тогтмол бэлтгэл сургуулилалт хийсний үндсэн дээр ур чадвар суудаг. Үүний хажуугаар уран нугараач хүн байнгын хоолны дэглэмтэй байдаг. Биеэ нэг жин дээрээ барихын төлөө бэлтгэл байнга хийнэ. Өсвөр насны хүүхдийн жин огцом хэлбэлзэх магадлалтай. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа циркийн уран нугаралтын төрөл маш хүчтэй хөгжиж байна. Орчин цагт иог дасгал тогтмол хийж байгаад уран нугаралт руу орж ирэх тохиолдол гарч байна" гэв.
"МОНГОЛЧУУД БАЙГАЛИАСАА ИХ УЯН ХАТАН БИЕ БЯЛДАРТАЙ АРД ТҮМЭН"












Т.Буд "Монголын брэнд болсон гайхамшигтай нэгэн өв соёл бол уран нугаралт. Өдгөө дэлхийн дахинаа улам сайхан хөгжиж, уран нугаралтыг тэнцвэрийн элемент, акробат, агаарын гимнастиктай хослуулж байна. Гэсэн хэдий ч монгол уран нугаралтын онцлог мөн чанарыг өнөөдрийг хүртэл алдалгүй явж ирлээ. Дэлхийн олон улсад монгол уран нугаралтын гайхамшгийг хүлээн зөвшөөрч, маш өндрөөр үнэлж байгаа нь сайхан" гэхэд нь эхнэр Б.Ихэрцэцэг "Монголчууд байгалиасаа их уян хатан бие бялдартай ард түмэн. Энэ их авьяас монгол хүний гентэй холбоотой юм болов уу" хэмээн ханийнхаа яриаг тодотгов.
Уран нугаралтын багш Т.Будын тавилтын хувьд, уран нугараачид харанхуйд гэрэлтсэн тод өнгийн неон хувцастай нугарах.
Тэрбээр "Мэдээж номер бол маш сайн трюктай байх ёстой гэдэг талаасаа анхаарч, шавь нартайгаа олон жил ажиллаж байна. Зөвхөн трюк заахаас гадна бүжгийн хөдөлгөөн, хувцасны загвар, хэрэгслийн дизайн, хөгжмийн зохиол гээд бүх тал дээр чанартай байх ёстой. Тэр болгоныг үзэгчдийн сэтгэл санаанд нийцүүлнэ гэдэг төвөгтэй асуудал. Ямар ч байсан хийсэн уран бүтээлүүд маань маш сайхан үнэлгээ авч, шүүгчдийн болон олон үзэгчийн алга ташилтыг хүлээн авдагт маш баяртай байдаг. Үзэгчдийн өмнө нүдэнд нь шинэлэг үзүүлбэрийг харуулж байх нь миний үүрэг. Тиймээс уран бүтээлээ жилээс жилд цаг үеэ даган хөгжүүлж, шинэчилж байх ёстой гэж боддог" гэсэн юм.
Эхнэр Б.Ихэрцэцэг "Би бол бүх уран бүтээлдээ хайртай. Миний хань бүх үзүүлбэрийг маань найруулж, дэглэсэн. Миний хамгийн дуртай үзүүлбэр бол сүүлд хийсэн хүү болон шавь нартайгаа хамт хийдэг боурдтай үзүүлбэр. Үнэхээр дэлхийд цор ганц үзүүлбэр гэдэг утгаараа маш их омогшиж бахархах мэдрэмжийг авдаг" гэдгийг хэлж байлаа. Гэр бүлээрээ уран нугараач байх нь давуу тал ихтэй. Бүхий л цагт хамт байж, хамтдаа эх орныхоо нэрийг гаргана. Тэр нь маш сайхан мэдрэмжийг өгдөг" гэв.
"ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙГ НУГАРНА ГЭХЭЭР ЭМЭГТЭЙЛЭГ БОЛНО ГЭЖ БУРУУ ОЙЛГОДОГ"

"Ер нь эрэгтэй уран нугаралтын үзүүлбэр зөв тавилттай, их гоё сэдэлтэй, тохирсон аппарат хэрэгсэлтэй байвал их сайхан гэж боддог. Эрэгтэй хүн гэдэг утгаараа хүч тамирын гайхамшгийг уян хатан байдалтай хослуулж, гоо зүйн таашаалыг өгч болох бүхий л арга барилыг эзэмшсэн байх ёстой. Миний хувьд сандлын тэнцвэр, хос акробатын үзүүлбэр хийдэг байсан. Багшийн маань тавьсан номер үзэгчдийн алга ташилт дүүрэн байдаг байлаа.
Багшийн маань анхны эрэгтэй шавь Г.Одгэрэл ах маань Парисын тэмцээнээр долоон сандал дээр хамгаалалтын бүсгүй тоглож байсан. Мэдээж энэ бүхэн багшийн маань гайхамшигт заах арга, уран нугараачийн ур чадвар гээд олон зүйлээс шалтгаална. Тэрний дараагаар би гурван сандал дээр тоглож байсан.
Ер нь эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу хүний уян хатан чанар бол байгалиас заяасан байдаг. Бага насанд нь илүү тодордог гэх үү. Эрэгтэй хүүхдийг нугарна гэхээр эмэгтэйлэг болно гэж буруу ойлгодог. Байгалиас өгсөн сайхан авьяасыг хөгжүүлэх нь эмэгтэй хүн шиг болж байгаа зүйл биш. Энэ бол маш ховор авьяас билэг юм" гэдгийг Т.Буд яриандаа онцолж байлаа.
"БИД ХАМТДАА УРАН БҮТЭЭЛ ХИЙЖ, АМЖИЛТ ГАРГАХАД ГАГЦХҮҮ БАЙР Л ХЭРЭГТЭЙ БАЙНА"








Түүний хувьд циркийн урлагт улсын гэх барилга байшингүй болсонд сэтгэл эмзэглэж явдаг тухайгаа ярьсан юм. Тэрбээр "Монголын циркийн урлаг бол дэлхийн айргийн тавд бичигддэг. Ер нь шидэх банз хоёр төрлөөр агаарын зарим үзүүлбэрээрээ эхний гуравт багтаж байна. Мэдээж бэлтгэл сургуулилалт хийхдээ гадаадад гэрээгээр ажиллаж байх хугацаандаа хийж байна. Монголд стандартын байр савны асуудал хүндрэлтэй байгаа.
Тийм учраас өөрсдийнхөө номерыг боломжоороо сайжруулж, энэ урлагаа авч явж байна. Бидэнд байрны асуудал дутагдаж байгаа нь үнэн. Агаарын орон зайгаа дагаад боловсон хүчнээ бэлтгэх үйл ажиллагаа дутмаг болж, бусад төрөл жанрууд хөгжихгүй нөхцөл байдал үүсч байна.
Тиймээс даруй өөрсдийн байртай болж, өшөө олон сайхан уран бүтээл хийх бүрэн боломжтой. Улсын циркийн хувьчлал явагдсаны дараа асар олон хувийн студи, продакшнууд бий болж, үүрэх ачаагаа өөр өөрсдөө авч явсан. Залуус маань бүтээлээрээ гайхагдаад дэлхийд гайхагдаж байна. Бид хамтдаа уран бүтээл хийх, амжилт гаргахад гагцхүү байр л хэрэгтэй байна" гэсэн юм.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,548.92






















































Нэргүй 2026-02-04 66.181.182.68
Цирк, Ард кинотеатрыг төрд буцаан авах ёстой.
Bakharkhaj baina. 2026-02-04 203.217.139.240
Yamar saikhan ger bul be. Ta bukhen dee khamgiin khamgiin saikhan bukhniig khusie. Amjil amjilt amjilt
элбэгдорж үхээр байна. 2026-02-04 103.168.34.91
Уран нугаралт бол хятадынх гэдгийг батлах 1800 гаад оны хуучны бичлэгүүд маш олон байдаг юм байна. Үхэр монгол пизданууд баярлах болоогүй шүү.
Зочин 2026-02-04 66.181.161.146
Сагс бол америкийнх, сумо бол японых. Бид сагс тоглож, сумо барилдаж байна.
Өвгөн Балдан 2026-02-04 59.153.115.236
Маш гоё нийтлэл байна. Монгол хүний гайхамшигийг дахин нэг удаа мэдэрлээ. Бахархлаа. Ер нь Америкт монголчууд улам олон байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Америкт бараг 90-ээд хувь нь гадны суугуул АРД ТҮМЭН амьдардаг гэж ойлгодог. Тэгвэл өнөөдөр бараг Америкийн монголчууд гэсэн ард түмэн тэнд бүрдчихсэн юм биш үү. Уран нугараач Т.Будынхаа авьяаслаг гэр бүлд аз жаргал хүсье. Аугаа МӨРӨӨДӨЛ нь биелэх болтугай. Монголчууд цөмөөрөө дэмжинэ гэдэгт итгээрэй.
Нэргүй 2026-02-04 43.242.242.59
Гадаадад сурч ажиллаж болно. Гэхдээ үр удам, ясаа монголдоо үлдээх ёстой. Монгол хүн бүр эх орныхоо хөгжлийг урагшлуулхад хувь нэмроээ оруулах учиртай. Монгл хүн л монгол орныг авч явна. Циркийн барилгыг АН-ын Д.Даваадорж авсан Мөн Ард кино театрыг Сосорбарам хувьдаа авсан.Олигархиуд тийтэд үйлчлэх ёстой болгоныг өөрсдийн өмч болгосон. Энийгээ монголын ардчилал гэж боддог.
жирийн иргэн 2026-02-04 59.153.115.236
Өнөөдөр нэг нартай нэг дэлхий дээр хүмүүс хил хязгааргүй амьдрах ёстой.
Заан залудай 2026-02-04 59.153.115.236
Агуйнаасаа гар Овгийн тэргүүн минь.
Өвгөн Балдан 2026-02-04 59.153.115.236
Маш гоё гийтлэл байна. Монгол хүний гайхамшигийг дахин нэг удаа мэдэрлээ. Бахархлаа. Ер нь Америкт монголчууд улам олон байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Америкт бараг 90-ээд хувь нь гадны суугуул АРД ТҮМЭН амьдардаг гэж ойлгодог. Тэгвэл өнөөдөр бараг Америкийн монголчууд гэсэн ард түмэн тэнд бүрдчихсэн юм биш үү. Уран нугараач Т.Будынхаа авьяаслаг гэр бүлд аз жаргал хүсье. Аугаа МӨРӨӨДӨЛ нь биелэх болтугай. Монголчууд цөмөөрөө дэмжинэ гэдэгт итгээрэй.
Зочин 2026-02-04 103.145.234.36
Үнэхээр бахархалтай хосууд 👏👏👏 Аз жаргал хүсье.