Иргэд ТҮЦ-ийг нүүлгэхийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Иргэд ТҮЦ-ийг нүүлгэхийг дэмжиж байна

Иргэд ТҮЦ-ийг нүүлгэхийг дэмжиж байна

Автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-үүдийг Нийслэлийн захирагчийн албанаас албадан нүүлгэж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаа  ТҮЦ эрхлэгчдийн багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. ТҮЦ-үүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн зардаг, 00-ын асуудал байхгүй, хогийн цэг үүсгэдэг зэрэг олон сөрөг үр дагавар дагуулдаг. 

Яагаад ТҮЦ-үүд орчны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, яагаад нүүлгэх шаардлагатай вэ гэдгийг сурвалжлахаар 13-р хороололын  Халдвартын эмнэлгийн автобусны буудлын ойр орчмын ТҮЦ-үүдээр орсон юм. Явган хүний зам дээр ТҮЦ барьснаас хүн явахад хүндрэлтэй байв. Зөвхөн энэ автобусны буудал дээр гэхэд найман ТҮЦ зэрэгцэн үйл ажиллагаа явуулж харагдлаа. ТҮЦ болгоноор орж үзэхэд ундаа, тамхи, бэлэн хоол зэрэг бүтээгдэхүүн зарж харагдана. Нийслэлд нийт 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Тэдний 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нэг автобусны буудал дээр ийм олон ТҮЦ байгаа нь хотын тохижилтод сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдийн эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг.

ТҮЦ-үүдийг автобусны буудлаас нүүлгэж байгаа талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн Г. Батсамбуу:

-Явган хүний зам талбайг хаасан, баталгаагүй бүтээгдэхүүн зардаг, ТҮЦ-үүдийг нүүлгэх хэрэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бараг хар зах болсон. Иймд яаралтай нүүлгэх шаардлагатай. Гар дээрээс баталгаагүй хүнс их зарагдаж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд л гээд байх юм. Улсаас хүүхдийн мөнгө гээд олон арга хэмжээ авч явуулж байна шүү. нүүлгэх нь зөв.

Иргэн: Ч. Янжмаа:

-Нийслэлийн иргэд бидэнд ТҮЦ хэрэггүй. Хугацаа хэтэрсэн хортой бүтээгдэхүүн зардаг гэж дуулдах юм. Хүүхдүүдэд дандаа хугацаа хэтэрсэн, хор болохоор зүйл зарна, сургуулийн ойр орчимд тамхи зардаг, Сансарын туннелийн тэр хавийн ТҮЦ-үүдийг цэгцэлсэнд баяртай байна.  Хуультай улс л юм бол нүүлгэх шийдвэрийг дагах нь зөв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсон байдаг. Энэ хүрээндээ Сүхбаатар дүүргийн Долоон буудлын 17-р сургуулийн замын зүүн, 32-ын тойрог зүүн, Ногоон нуурын буудал,  Шинэ замын зүүн, баруун тал, Их тойруу Ардын эрх /Үндэсний шуудан/ сонины урд, 100 айл Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн буудал, Нарны зам Энхтайвангийн гүүрний хойд тал зэрэг байршлуудын автобусны буудлуудад саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, чиглэлийн маршрут бүхий орчин үеийн шийдэлтэй автобусны буудлын шинэчлэл хийж байгаа юм. Энэ ажлын хүрээнд төв зам дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа юм байна. “Их хотын өнгө төрх, иргэдийн зорчих ая тухтай нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа энэхүү ажлыг дэмжин ТҮЦ-ээ нүүлгэн шилжүүлэхийг үйлчилгээ эрхлэгчдэдээ” Улаанбаатар хотын захирагчийн албанаас уриалсан юм.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж