Сэрэмжлүүлэг: Мөс цөмөрсөн гэх зургаан дуудлага бүртгэгджээ

Сэрэмжлүүлэг: Мөс цөмөрсөн гэх зургаан дуудлага бүртгэгджээ

Сэрэмжлүүлэг: Мөс цөмөрсөн гэх зургаан дуудлага бүртгэгджээ

Он гарсаар улсын хэмжээнд нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зургаан удаагийн мөс цөмөрсөн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Үүнээс Хөвсгөл аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийслэлийн Багануур дүүрэгт нэг тохиолдол бүргтгэгджээ. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байгаа аж. Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 25-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-15 см ахиу, харин Үүр голын хувьд 5 см нимгэн байна. Бэлтэс гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол Эг голын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа аж. Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 50-65 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 10-15 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-130 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын ихэнх нь 2025 оны мөн үеийн орчим байгаа бол Хануй гол Эрдэнэмандал сум орчимдоо 30 см нимгэн, харин Чулуут гол Өндөр-Улаан сум орчимд 50 см зузаан мөстэй байна.

Өгий болон Тэрхийн Цагаан нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 90-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийн орчим байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-50 см нэмэгдэж, 40-105 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-20 см ахиу, харин Хараа голын эх болон Туул голын адгаар 5-10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Мөн түүнчлэн Сэлбэ, Улиастай, Шарын голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

 Сэлэнгэ мөрөн, Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 45-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Эдгээр голуудын эхээр мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5 см орчим нимгэн, харин дунд болон адгаар 5-25 см ахиу байна. Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл зонхилж байна. Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Барх, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 65-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-25 см ахиу, харин Онон гол Биндэр сум орчимд 10 см нимгэн мөстэй байна.

Буйр, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 65-85 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Нууруудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-15 см ахиу байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж