Меланиа америкчуудад хүссэн зүйлийг нь өгсөнгүй

Меланиа америкчуудад хүссэн зүйлийг нь өгсөнгүй

Меланиа америкчуудад хүссэн зүйлийг нь өгсөнгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авснаасаа хойш олны анхаарлын төвөөс бараг гарсангүй. Гэхдээ Меланиа Трамп үүнд хамаагүй. Энэ бүх хугацаанд тэр хаана байв гэдгийг хариулах зорилготой шинэхэн баримтат кино цацагдлаа.

"Melania: 20 Days to History" буюу "Меланиа: Түүх бүтээх хүртэл 20 өдөр" киноноос үзэгчид Меланиа Трампын амьдралын өөр нэгэн өнцгийг олж харах учиртай. Тэр дундаа Трампын тангараг өргөх ёслолоос өмнөх өдрүүдийг олж харна.

АНУ даяар янз бүрийн маргаан, шуугиан ихтэй байгаа үед тус кино нээлтээ хийлээ. Холбооны агентууд хоёр хүний аминд хүрсэнтэй холбоотойгоор Миннеаполис хотод энэ өдрүүдэд олон нийтийн эсэргүүцэл ихэсч байна. Гэтэл ийм эгзэгтэй цаг үед ямар санхүүжилттэй, ямар учиртай кино мэдрэмжгүйгээр нээлтээ хийв гэж олон нийт шүүмжилж байна.

Улс төрийн асуудлыг түр хойш тавиад, Меланиа ер нь өдрөө хэрхэн өнгөрөөдөг бол гэж зарим хүн сонирхож магадгүй. Гэвч тэр хүмүүсийг энэ кино сэтгэл дундуур л үлдээх бололтой. Учир нь киноны ихэнх хэсэгт зүгээр л замд явж буй, олон нийтийн арга хэмжээнд оролцож буй Меланиаг харуулжээ. Гэсэн ч ойр дотны хүмүүстэйгээ хэрхэн харилцаж байгаагаар нь түүнийг багахан ч болов дүгнэх боломжийг үлдээсэн байна.

"Бүгд л мэдэхийг хүсдэг. Тиймээс үүнийг дэлгэж байна" гэсэн үгээр Меланиа киногоо нээжээ. Тэрбээр "Би Америкийн ард түмэнд энгийн иргэнээс тэргүүн хатагтай болсон аяллаа харуулахыг хүсч байна" гэж киноны зорилгоо тайлбарласан.

Тус кино нь Меланиа Трамп болон найруулагч Бретт Ратнер нарын хамтарсан бүтээл. Дашрамд дурдахад, Бретт Ратнер 2017 онд #MeToo хөдөлгөөний оргил үед бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж байсан ч өөрөө үүнийгээ эрс үгүйсгэдэг.

Киноны ихэнх хэсэг Нью-Йорк дахь Трампын цамхагт, ерөнхийлөгчийн Флорида дахь Мар-а-Лаго харшид, эсвэл энэ хоёрын хоорондох замд өрнөдөг. Гэсэн хэрнээ Трампын цамхагийг ч тэр, Мар-а-Лаго харшийг ч тэр олигтойхон үзэж сонжих боломжийг үзэгчдээ олгосонгүй. Үзэгчид зөвхөн Меланиа Трампын стилисттэйгээ, арга хэмжээ зохион байгуулагчтай, барилгын засал чимэглэлчтэй уулзаж буй цөөн хэдэн газрыг л олж харна.

Меланиа Трампын тухай цөөн хэдэн хувийн чанартай мэдээлэл гарсан. Гэхдээ энэ нь "Майкл Жексон бол миний хамгийн дуртай уран бүтээлч" гэх мэт ганц хоёр өгүүлбэрээр л хязгаарлагдана. Киноны туршид Майкл Жексоны "Billie Jean" дуу хоёр ч удаа гардаг.

Меланиа мөн ээжийнхээ үхлийг илэн далангүй хуваалцаж, амьдралдаа хамгийн их гашуудаж, гуньсан мөч нь байсан гэж тодорхойлжээ. Түүний ээж Амалижа Кнавс 2024 оны нэгдүгээр сард нас барсан юм. Меланиа 2025 оны нэгдүгээр сард ээжийнхээ нас барсны нэг жилийн ойгоор ерөнхийлөгч агсан Жимми Картерын оршуулгад оролцжээ. Энэ нь түүний уй гашууг улам бүр нэмсэн бөгөөд оршуулгын туршид ээжийгээ санан дурсаж байсныгаа хуваалцсан байна. Оршуулах ёслолын дараа тэр Манхэттэн дэх Гэгээн Патрикийн сүмийг зорьсон бөгөөд тэнд ээжийнхээ дурсгалд зориулж лаа асаажээ.

Меланиа Трампын хүрээлэл маш жижиг. Гэхдээ кинонд дүрсэлснээр. Түүний нөхөр, ерөнхийлөгч Дональд Трампыг энэ киноноос та бараг олж үзэхгүй. Дональд Трамп цөөн хэдэн удаа чухал арга хэмжээнүүд дээр л гарч ирэх ба ингэхдээ Меланиаг магтан сайшааж буйгаар гарна.

Меланиагийн хамгийн халуун дотно харилцааг түүний олон жилийн стилист Херве Пьер, Францын тэргүүн хатагтай Брижитт Макрон нартай харьцаж буйгаас нь л харах боломжтой. АНУ-ын тэргүүн хатагтайтай олон зүйлээр холбогдсон байдаг гэдгээ Брижитт Макрон хэлэх аж. Дональд Трамп, Эммануэль Макрон нар төдийлөн сайн харилцаатай биш байгаа ч хоёр тэргүүн хатагтай бие биеэ магтан, утсаар ярьжээ.

Харин Меланиагийн стилист Херве Пьер кинонд олон удаа гарна. Тэд хамтдаа байхаараа гайхалтай эрч хүчтэй байдаг бөгөөд олон жил хамтран ажиллажээ. Пьер мөн Меланиагийн загвар өмсөгч байсан түүх, хувцас хэрхэн сайхан зохидог талаар ярих аж.

Хамгийн харамсалтай нь, үзэгчид Меланиагийн жинхэнэ гэр бүлийг бараг олж үзэхгүй. Тэд хоорондоо хэрхэн харилцдаг нь нууц хэвээр үлдэв. Трампын хүүхдүүд зөвхөн тангараг өргөх ёслолын үеэр л харагдана. Мелаина хүүгийнхээ талаар үргэлж халуун дотноор ярьдаг ч гэлээ Баррон Трамп камерт үзэгдсэнгүй.

Меланиа киноны туршид тэргүүн хатагтай байх амаргүйг өгүүлэх аж. Олон нийтийн өмнө хүлээсэн үүргээсээ шалтгаалаад хувийн нууц, эрх чөлөө гэдэг зүйлээ алдсан мэт санагддаг гэж тэр ярьжээ. Мөн тэргүүн хатагтай хүнд нам гүм байж, өөртөө төвлөрөх агшин бараг олддоггүй, сэтгэл зүйн хувьд хүчирхэг байх ёстой гэжээ.

Кинонд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үймээн самуун, Дональд Трампын кампанит ажлын талаар зурвас дурдах боловч Меланиа өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс ихээхэн зайлсхийсэн байна. Тэрбээр Трампын өмнө нь хийж байсан албан мэдэгдлүүдийг л давтсан маягтай ярьжээ.

Тэргүүн хатагтай хүн хувь, хувьсгалын ажлыг маш сайн хослуулж чаддаг байх ёстойг Меланиа дурдсан байна. "Танд өөрийн гэсэн цагийн хуваариас гадна Цагаан ордны хуваарь, ерөнхийлөгчийн хуваарь гэж юм байгаа. Тэргүүн хатагтай байхаас гадна та ээж, эхнэр, охин, найз байх ёстой" гэж тэр хэлсэн байна.

Меланиа энд тэнд болж буй янз бүрийн эмгэнэлт явдал болон хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээнд санаа зовдог гэдгээ мөн илэрхийлжээ. Гэсэн ч тэр тэргүүн хатагтайн хувьд дорвитой бодлогын чанартай шийдэл, зорилго огт хэлсэнгүй.

Баримтат кино бол алдартнуудын олон нийттэй харилцах нэг гол хэрэгсэл. Гэвч Меланиагийн кино цагаа олоогүй гэж шүүмжлэгчид үзэж байна.

Лос Анжелес хот дахь киноны сурталчилгааны самбаруудыг иргэд урж, сүйтгэсэн хэрэг ч гарсан байна. Мөн кино шүүмжийн цахим хуудсууд дээр Меланиагийн кино нээлтээ ч хийгээгүй байхдаа муу гэсэн үнэлгээг авч эхэлжээ. Үүний зэрэгцээ киноны санхүүжилтын ард "Amazon" компани байсан нь ч шүүмжлэл дагуулсан. "Amazon"-ы үүсгэн байгуулагч Жефф Безос зэрэг хэд хэдэн тэрбумтан, бизнесийн удирдагчид Цагаан ордонтой харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Хэдий тийм байж болох ч Меланиагийн кинонд "Amazon" ер бусын их мөнгө зарцуулсан бололтой. Тодруулбал, киноны эрхийн төлөө 40 орчим сая ам.доллар, маркетингийн ажилд 35 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл бий.

Эцэст нь дүгнэхэд, энэ баримтат киногоор Меланиа өөрийгөө улс төрөөс ихээхэн хол авч гарчээ. Оронд нь тэр оройн хоол, даашинзны хийц зэрэг эсэн бусын зүйлд анхаарлаа хандуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-02 202.9.46.203

Эйпштэйний топ яшка байсан нь үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж