УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох гэж байгаа тул улс төрийн намууд бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Өчигдөрийн тухайд АН, МАН-ын хурал болж, МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд хүсэлтээ хүргүүлсэн юм. Харин өнөөдөр МАН-ыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин ‘Манай намын II Бага хурал хуралдсан. Улмаар энэ оны аравдугаар сард Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойрогт МАН оролцоно гэдэг шийдвэрийг гаргасан. Өнөөдөр хуулийн дагуу энэ тухай тогтоол, бусад баримт бичгийн хамт МАН-ын хүсэлтийг гардуулж өгч байна. Та бүхэн хүлээн авч, МАН-ыг бүртгэхийг хүсч байна’ гэсэн юм. Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ‘МАН-ын баримт, бичгийг хүлээж авлаа. Сонгуулийн ерөнхий хороонд нам, эвслийн бичиг, баримтыг хүлээн авч, нягтлан шалгах Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар зургаан нам баримт, бичгээ ирүүлсэн. Хоёр намын баримт, бичиг дутуу байсан учир буцаасан’ гэх тайлбарыг өгөв.
Сануулахад, нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно. Харин СЕХ намуудын сонгуульд оролцох хүсэлтийг өнөөдрийн 00.00 цаг хүртэл хүлээж авах юм.
Т.НОМИН