А.Энхтөр: Түрэгийн хамгийн эртнийх ч байж болох онгоныг олсон

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

А.Энхтөр: Түрэгийн хамгийн эртнийх ч байж болох онгоныг олсон

А.Энхтөр: Түрэгийн хамгийн эртнийх ч байж болох онгоныг олсон

Алтайн овгийн хэлт ард түмний нэгэн дээвэр дор хуралдан буй “Алтайн ард түмэн” олон улсын долоо дахь эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Эрдэм шинжилгээний хуралд 14 орны 300 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байгаа юм. Уламжлал, зан заншил, ёс, засаг хууль гэх мэтчилэн маш өргөн цар хүрээнд 200 гаруй илтгэгчийн 160 гаруй илтгэл хурлын үеэр хэлэлцэгдэх ажээ.  Уг эрдэм шинжилгээний хурлын илтгэгч, Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор дэд профессор  А.Энхтөртэй ярилцлаа.


-Та Олон улсын Түрэг Академийн залуу судлаачдад өгдөг мөнгөн медалиар шагнууллаа.  Юуны өмнө баяр хүргэе?

– Баярлалаа. 2016 онд Шведийн Олон улсын форумд Д.Цэвээндорж академич маань алтан медалийг авч байсан. Харин өнгөрсөн намар Түрэг академийн зохион байгуулсан Олон улсын “Түрэгийн ертөнц” форумд манай академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл алтан медалийг авсан.  Өнөөдөр би мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.

– “Алтайн ард түмэн” олон улсын долоо дахь эрдэм шинжилгээний хурлын өмнө ямар малтлага хийсэн бэ.  Энэ талаараа дэлгэрэнгүй яривал?

– Алтайн ард түмэн бүгд нэг хэлтэй гэдэг утгаар энэ хуралд оролцож байх шиг байна. Би  Булган аймгийн Баян Хиагт сумын Түрэгийн үе гэж нэрлэдэг Шивээт улаан хэмээх газар хааны тахилын онгон малтлагын асуудал дээр Олон улсын Түрэг Академитай хамтарч гурав  дахь жилдээ ажиллаж байгаа. Олон улсын Түрэг Академи бол Азербайжан, Кыргызстан, Казакстан, Турк гэсэн дөрвөн улсын хамтран байгуулсан олон улсын байгууллага юм. Манай Шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн хүрээлэн уг байгууллагатай хамтарч мөн гурав дахь жилдээ малтлага, судалгаа хийлээ.  Саяхан Олон улсын Түрэг Академийн ерөнхийлөгчийн танилцуулснаар олон амжилттай ажил хийсэн.  Түүний нэг нь манай Шивээт улааны дурсгал юм. Энэ дурсгалаар Түрэгийн хамгийн эртнийх ч байж болох тахилын онгоны шинэ хэлбэрийг тогтоосон.

-Түрэгийн хамгийн эртнийх ч байж болох гэхээр дотоод болон гадаад дүрслэлийн хувьд ямар хэлбэр дүрстэй, ямар зүйлсийг агуулсан онгон бэ?

-Уг дурсгалт байгууламж нь уулын орой дээр 6-7 метрийн өндөр, дөрвөлжин суурин дээр 8-н залгаа том чулуугаар өрсөн байдалтай байсан.   Үүдэн талдаа зүүн тийшээ харсан, том хэрэмтэй бөгөөд хэрэмнээс дотогш олон хүн чулуу, арслан чулуу, хонины чулуун хөшөө гэх мэт нийтдээ 16 том хөшөө дүрслэлүүд олдсон. Үүнээс гадна бид гурван чулуун хөшөөний толгой олсон нь эртний хүмүүсийн хувцас хэрэглэл, эдлэл зүүлт, зэрэг дэвийн ялгааг харж болохуйц гайхамшигтай дүрснүүдийг олж илрүүлээд байна.

-Эдгээр судалгаа шинжилгээ, малтлага нь 2015 оноос хойш хэрэгжиж эхэлсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ энэхүү дурсгалыг 1912 онд Рамстор хэмээх эрдэмтэн олж дэлхий нийтийн сонирхлыг татаж байсан. Үүний дараа Монголын эрдэмтэн Ц.Доржсүрэн, Д.Цэвээндорж болон Оросын олон эрдэмтэн судалж байсан ч малтаж чадаагүй. Учир нь хэмжээний хувьд хэтэрхий том байсантай холбоотой. Уг чулуун хэрмийн урт нь 120м, өргөн нь 46м бөгөөд найман залгаа том чулуугаар өрсөн, давхар хэрэмтэй эртний хотын жижигхэн загвар юм. Энэ нь Зүүн Түрэгийн хаант улс байгуулагдахаас өмнө Монголын нутаг дэвсгэр дээр байсан өвөг дээдэс, хааны тахилын онгон ч байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа.  Түүнчлэн Ашина овог ирж ноёлхоос өмнөх энэ хаадын тахилын онгон байсан ч байж магадгүй. Үүнтэй ижилхэн гэж болохоор дурсгал байдаг ч хэмжээ дамжаа нь өөр, хүмүүсийн суусан байдал нь ч өөр байдаг. Гэхдээ хувцасны хувьд ойролцоо байсан нь нийтлэг одоогийн бидний костьюм өмсдөг шиг тийм дээл хувцастай байсан. Тухайн үед дээл хувцсаар нь Түрэг, Кидан гэж нэрлэх боломжгүй. Тэр үеийн соёл учраас. Бидний нэг нь нөгөөгөөсөө торгон замыг дагасан олон худалдаа солилцооны явцад соёлын өндөр мэдлэг ухааныг солилцож байсан учраас тэр үеийн нийтлэг зүйлс их байна.

-Одоогийн байдлаар хэддүгээр зууны, хичнээн олдвор олдсон бэ?

-Өмнө нь ил байсан, нутгийн зарим ард иргэдийн энд тэндээс олсон гэх мэтчилэн маш олон олдвор бий. Бидний энэ жил олсон гэвэл гар дээрээ жижиг гүен буюу зулзагаа барьсан дүрслэлтэй хоёр арслан чулууг олсон. Мөн хурга эхийгээ дагаад явж байгааг маш тод томруун дүрсэлсэн чулуун дүрслэл ч бий.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж