Дуулиан: Г.Номуундарийн сэтгэцийг шалгуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Дуулиан: Г.Номуундарийн сэтгэцийг шалгуулахаар болжээ

Дуулиан:  Г.Номуундарийн сэтгэцийг шалгуулахаар болжээ

 Сүүлийн үед олны анхаарал татсан зарим хэргүүд шийдвэрлэгдэхгүй удаж, олон эргэлзээ дагуулсаар байгаа. Тиймээс эдгээр хэргүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тоймлон хүргэж байна. Мөн шүүхээр шийдвэрлэгдээгүй прокурорт буцсан дуулиант хэргийн талаарх мэдээллийг хүргэе.


Д.МУРАТ, Д.ГАНТУЛГА НАРЫН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тодруулбал, Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хүчиндэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл тав  хүртэлх жилийн хорих ял оноох ажээ. Харин УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх Д.Муратыг маргааш /2018.08.08/ Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Харин хүүхэн хүчиндсэн хэрэгт холбогдсон гишүүн асан Д.Гантулгыг энэ сарын 17-нд шүүхээр болжээ.   

Д.СУГАР МЭДҮҮЛЭГ ӨГСӨНГҮЙ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болсон тул түүнийг  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаа болгон Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, үнэн мөнийг тогтоох байх гэсэн хүлээлт бий.

Гэвч Цэцийн экс гишүүн Д.Сугарын хэвлэлийнхэнд өгсөн тайлбараас үзвэл АТГ-ынхан түүнээс дээрх хэрэгтэй холбогдуулж, нэг ч удаа тайлбар мэдүүлэг аваагүй байгаа аж.

Өмнө нь дээрх хэрэгтэй холбогдуулж АТГ нь “Жаст”-ын Ш.Батхүүгээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг саатуулан шалгасан. Тэгвэл АТГ-аас Д.Сугараас хэд хэдэн удаа мэдүүлэг авсан гэдэг ч тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэсээр өдий хүрэв.

З.БАЯНСЭЛЭНГЭ ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийг дэнслэх шүүх хурал өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгч З.Баянсэлэнгэ шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгээс татгалзсан байна.

Түүнийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа юм.

Г.ДЭНЗЭНГИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ДАХИН ШИЛЖҮҮЛЭВ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт дахин шилжүүлсэн талаар мэдээллээ.

Г.Дэнзэн нь  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байхдаа 17 тэрбумын тендерийн асуудалд холбогдож, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг  прокурорт буцаасан байна.

1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАВШСАН АЛБА ХААГЧДЫГ ШҮҮНЭ

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Д.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалаа  урвуулан ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг Авлигатай тэмцэх газраас илрүүлэн шалгажээ. Тодруулбал, дээрх албан тушаалтнууд 2012-2017 онд өөрсдийн хамаарал бүхий есөн компаниар дамжуулан 1.5 тэрбум төгрөг завшсан аж. Уг хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналыг өнгөрсөн сард гаргасан байна.

 Г.НОМУУНДАРИЙН СЭТГЭЦИЙГ ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Номуундарь өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын 30-нд цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг цацсан. Хохирогчийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингэхдээ хэргийн газар буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд, залуус төрсөн өдөр тэмдэглэж байсан үнэн болох нь тогтоогдсон байна. Тэгвэл дээрх 19 хүнээс бүгдээс нь гэрчээс мэдүүлэг авсан бөгөөд Г.Номуундарь охиноос мөн хоёр удаа мэдүүлэг авчээ.

Одоогоор цагдаагийн байгууллагаас уг хэргийг хаах санал гаргасан ч өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэж, нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүсчээ. Тухайлбал, энэ долоо хоногт Г.Номуундарь охиныг шүүх эмнэлэг, сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.  

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж