Телевизээр гэнэт “Боловсролын яаманд хулгайчууд ажилладаг” гэхийг сонсов. Цочоод сонирхвол “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийж байгаа нь тэр аж. Хэн гэгч хулгайч хэзээ яаж шүүхээр тогтоосныг хэлэхгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж гүтгэж доромжилж болдгийг “багш нарын төлөөлөл” харууллаа. Зорилго нь нийгмээ цэвэрлэхийн төлөө биш цалин нэмэхийн төлөө байгаа нь харамсалтай. Тэд “Ажил хаялтад уриалж улс орон даяар жагсаал зохион байгуулна” гэсэн. Бүр наймдугаар сарын 30-нд шүү!
Тэд “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо эрчимтэй ажлаа явуулснаар боловсролын салбарынхны цалинг 30-50 хувиар нэмсэн гэж ярьсан ч бодит байдал дээр нэмэгдсэн зүйл байхгүй. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 30-нд жагсаал хийснээр төрийн бүх албан хаагчдад 300 мянган төгрөг олгосон. Тиймээс энэ жишгээрээ дахин жагсана” гэцгээж байна.
“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо” ТББ-ын Удирдах зөвлөл маргааш хуралдаж жагсаалын товоо тодорхой зарлана. Нийт багш нарын 90 хувь нь банкны зээлтэй байна, тэд ч бас нэгдэх ёстой гэлээ. Магадгүй төрийн албан хаагч бүрт өгсөн 300 мянган төгрөг хангалтгүй байж болно. Харин түүнийг өгөхийн тулд төр боломжоо шавхан хэрхэн сэтгэл гаргасныг хүндэт багш нар маань сайн мэдэж байгаа. Багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах санал АН, МАН, аль ч намын Засгийн газрын үед эн тэргүүнд тавигдсаар ирсэн. Засгийн газар чадах бүхнээ хийдэг байлаа. Харин хичээлдээ очихоор яаран догдолсон шавь нараа угтахын өмнө “Багш нь хичээл заахгүй ээ. Ажил хаяж цалингаа нэмүүлнэ” гэж угтах нь хэр зохимжтой вэ.
Мөн багшийн цалинг нэмүүлэх л тухай ярьж байхад “Улсаа аваръя” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жагар “хүрэлцэн” ирж “Багш нарын цалин нэмэх хөдөлгөөн бүх салбарын цалин нэмэх хөдөлгөөн болон өргөжих гэж байгаад баяртай байна. Монголд хүмүүс боолын хөдөлмөр эрхэлж байна. Монгол Улс МАНАН бүлэглэлийн хувийн компани болсон. Монголын боловсролын салбарт төдийгүй бүхий салбарт “Монголын үйлдвэрчний эвлэл” гэх 100 жилийн түүхтэй байгууллага ялзарч, авлигажсан байгууллага. Багш нар жагсахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Түүнээс биш улс төрийн албан тушаалтнууд бичгээр тавьсан шаардлагад бичгээр хариу өгч мэддэггүй’ гэсэн мэдэгдэл хийв. “Аварна” гэдэг үгийг ямар тохиолдолд хэрэглэдэг, яасан үед авардагийг Б.Жагар тэр багш нараас асуух хэрэгтэй.
Багш нар цахим хуудсанд цалингаа нэмүүлэх тухай групп нээж шавь нар нь мөнгө ямар хүчтэйг, ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрдэмд сургахаас чухалыг “ойлгож” авч байна. Цаашилбал цалинг нь нэмэхгүй бол хэнийг ч хулгайч, авлигачин гэж гүтгэн доромжилж болдгийг мэдэж авлаа.
Цалиндаа сэтгэл хангалуун багш дэлхийн аль ч оронд тийм ч элбэг байдаггүй. Монголын багш нарын нэр хүнд цалин багатай ч ажилдаа дуртай, сурагчдадаа хайртай, тангараг өргөөгүй боловч эрдэм сургахын төлөө чин үнэнээр зүтгэж ажилладаг нь чимж, түүгээрээ сэтгэл баян амьдарч ирсэнд байдаг. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн багш нар шавиасаа дутахгүй догдлон баярладаг байв. Харин одоо бол яг хэзээ, хэдэн хүнтэй, ямар муухай уриа лоозон барьж жагсвал төр, засаг биднээс айж цалин нэмэх бол гэдэг нь илүү догдлуулдаг, догшруулдаг болсон бололтой.
Сурагчид ирээдүйд юу хамгийн чухалыг ойлгож авлаа. Мөнгө хамгаас чухал юм байна. Юун эрдэм, боловсрол эн тэргүүнд! Багш нь “Би цалингийн зээлтэй хэцүү амьдарч байна” гэж хашхирахыг сонссон сурагч багш болохыг хүснэ гэж үү. Гэтэл хэдэн бор шавь нь багшийгаа саначихсан, хичээл хийх ч гоё шүү гэсээр ирж байгаа. Харин хичээл орох эсэх нь эргэлзээтэй бол яах вэ. Бүр шалтгаан нь багшийн цалинг нэмэх эсэхээс шалтгаалах нь гэдгийг ойлгоод ямар бодолтой үлдэх вэ. Одоо сурагчид хичээлээ хийхийн тулд багшийгаа өмөөрч, “тэр ах”-ын хэлсэн “авлигачин, хулгайчуудтай” тэмцэх ёстой юу. Юунд л уриалаад, улайраад байна даа, багш нар минь. Та нарыг хэн ийм болгочихов оо. “Оньсыг тайлан эрдмийн үүд нээж өгдөг” гэж магтан дуулуулдаг багш нар маань ажил хаяна, цалин нэмэхгүй бол ирээдүйг чинь эрдэмгүй хаячихъя л даа” гэж барьцаалдаг болсон гэдэгт итгэж чадахгүй нь. Багш нартаа гомдож байна, шавь нар нь. Энэ улсад цалин нэмэх эсэхээр барьцаалахгүй эрдэм сургах чин хүсэлтэй, сонгосон мэргэжилдээ, ажилдаа дуртай, шавьдаа хайртай багш хэзээд байсаар байх болно гэдэгт итгэж байна. Харин цалин нэмээгүйгээс болж ажил хаясан багш нартаа “Та өндөр цалинтай ажлаа сонго! Танд хувийн сургуульд ажиллах, шинээр байгуулах эрх ч бий. Цалин нэмээгүйгээс болж биднийг хохироовол уучлахгүй” гэж заавал хэлээрэй, хүүхдүүд ээ!
У.ОЙДОВ