Альпийн нуруунд онгоц осолдсон талаар өчигдөр /2018.08.06/ мэдээлсэн. Дэлхийн II-р дайны үеийн “Junkers Ju-52” онгоц осолдож, 20 хүний амь үрэгдсэн билээ. Тэгвэл энэ ослын талаар дэлгэрэнгүй мэдээг хүргэе.
“Авга эгч Жү” нисэх онгоцны түүх
Германы Дессау мужид анх 1895 онд автомашин болон нисэх онгоцны хөдөлгүүр зохион бүтээх зорилготойгоор ‘Жүнкерс’ /“Junkers/ компани байгуулагджээ. Тус компанийг нисэх онгоцны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Дэлхийн I-р дайны үед төмрөөр хийсэн анхны нисэх онгоц зохион бүтээж байсан бол Дэлхийн II-р дайны үеэр Германы агаарын нисэх хүчин “Luftwaffe”-д зориулж тээврийн болон байлдааны дэвшилтэт онгоцнуудыг зохион бүтээж, үйлдвэрлэж байв.
‘Жүнкерс’ компанийг анх Германы онгоцны инженер “Хуго Жүнкерс” үүсгэн байгуулж байсан бөгөөд тэрбээр 1935 онд нас баржээ. Хуго Жүнкерс дайны эсрэг үзэлтэй байснаасаа болж тухайн үеийн Германы эрх баригчид болон нацистуудтай ихээхэн зөрчилддөг байсан гэдэг. Түүнийг нас барсны дараа Жүнкерс компанийг эхнэр Тереза Ида Беннхолд Германы нацист намын мэдэлд өгсөн байна. 1976 онд Хуго Жүнкерсын агаарын нисэх онгоцны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж түүнийг хүндэтгэн нэрийг нь мөнхөлжээ.
Жүнкерс компанийн бүтээсэн хамгийн алдартай нисэх онгоцнуудын нэг болох Жүнкерс Жү-52 буюу “Авга эгч Жү” гэж нэрлэгддэг гурван хөдөлгүүртэй тээврийн болон байлдааны бөмбөгдөгч зориулалттай нисэх онгоцыг анх 1930 онд зохион бүтээжээ. 1930-1945 оны хооронд нийт 4845 Жү-52 маркийн нисэх онгоц үйлдвэрлэгдсэн бөгөөд 2018 оны байдлаар дэлхийд зөвхөн долоон Жү-52 нисэх онгоц үйлчилгээнд нисдэг гэсэн тоо судалгааг гаргасан байдаг. Тэгвэл Швейцарын Альпийн нуруунд Жү-Эйр нэртэй компани энэхүү хуучны түүхэн онгоцоор зорчигчдод нислэгийн үйлчилгээ үзүүлж байхад осол гарч.
Альпийн нурууд болсон ослын тухай
ЖҮ-52 онгоц Швейцар улсын Тичино мужаас буцаж байсан бөгөөд агаарт хөөрснөөс 50 минутын дараагаар далайн төвшнөөс 2450 метрийн өндөрт орших Альпийн Пиз Сегнас уулийн хөндийд осолдсон байна. Уг онгоцонд 17 зорчигч, хоёр нисгэгч, нэг үйлчлэгч явсан бөгөөд бүгд амь үрэгджээ. Тэдний ес нь эмэгтэй, 11 нь эрэгтэй байжээ. Ихэнх зорчигчид нь Швейцарь улсын иргэд байснаас гадна Австри улсын хос хүүхдийнхээ хамтаар зорчиж байхдаа харамсалтайгаар осолджээ. Одоогийн байдлаар нас барагсдын нэрийг ил болгоогүй байна.
Холбогдох мэргэжилтнүүдийн мэдээлснээр хуучин онгоц тул хар хайрцаг байхгүй. Чухам ямар шалтгааны улмаас осол болсныг тодруулахад цаг хугацаа шаардлагатай хэмээн мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар онгоц дээрээс маш хурдтайгаар унасан хэмээн дүгнэж байна.
“Онгоц дээрээс яг л чулуу шиг унасан” хэмээн сүйрлийг өөрийн нүдээр харсан нэгэн гэрч мэдүүлжээ. “Жү-Эйр компанийн түүхэнд хамгийн аймшигтай өдөр тохиолоо. Бид нөхөж баршгүй хохирол амслаа” хэмээн авиа компанийн захирал Курт Валдмейер сэтгүүлчдэд мэдэгджээ. Одоогийн байдлаар Жү-Эйр компани бүх нислэгээ хойшлуулсан бөгөөд нас барагсдын гэр бүлд зориулж, тусламжийн сан нээсэн байна.
1982 онд байгуулагдсан ‘Жү-Эйр’ компани Швейцарын агаарын хүчний ашиглалтаас халсан гурван ‘Жү-52’ байлдааны нисэх онгоцыг 600 мянган швейцар.франк буюу 1.4 их наяд төгрөгтэй тэнцэх мөнгөөр засч, зорчих онгоц болгон үйлчилгээ үзүүлж байжээ. Осолд орсон Жү-52 дээрх гурван онгоцны нэг нь аж. “Осолд орсон онгоц өнгөрсөн долдугаар сард үзлэгт орсон ямар ч асуудалгүй байсан” Курт Валдмейер ярьжээ.
Мөн Альпийн нурууд болсон онгоцны ослоос хэдхэн цагийн дараа Швейцарын улсын төвийн бүс болох Хергисвилл мужийн ой модонд жижиг нисэх онгоц осолдсон гэсэн дуудлага бүртгэгдсэн бөгөөд аврах ажилчид ослоос гарсан галыг унтраажээ. Харин уг жижиг онгоцны осолд гурван хүн амь үрэгдсэн нь 14 настай хоёр хүүхэд болон онгоцны нисгэгч байжээ.
2017 он иргэний нисэх агаар тээврийн үйлчилгээнд хамгийн осол багатай жилээр тодорсон боловч 2018 он гарснаар онгоцны осолтой холбоотой арав гаруй ноцтой том осол дэлхий даяар бүртгэгдээд байна.
Г. БАТМАНДАХ