"В.Акчай фето бүлэглэлтэй холбоотой эрэн сурвалжлагдаж байгаа"

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

"В.Акчай фето бүлэглэлтэй холбоотой эрэн сурвалжлагдаж байгаа"

"В.Акчай  фето бүлэглэлтэй холбоотой эрэн сурвалжлагдаж байгаа"

Монгол дахь Турк сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр хулгайлан Монголын хилээр авч гарах гэсэн дуулиан гарсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албаныхан байр сууриа илэрхийлээд байгаа билээ. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийсэн. Тэгвэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал өчигдөр /2018.08.06/ дээрх асуудлаар сэтгүүлчидтэй уулзсан юм.

Элчин сайд М.Ахмет Язал мэдээллийнхээ эхэнд, БНТУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй, явуулах эрх ч байхгүй гэдгийг мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр Вэйсел Акчай нь Туркийн террорист бүлэглэл болох “ФЕТО”-гийн төлөөлөгч бөгөөд Турк улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг онцолсон юм.

"Вэйсел Акчайтай холбоотой хэрэг дөнгөж саяхан Монгол Улсад гарсан зүйл биш. Бид 2013 оноос Монгол Улсын талд энэ хүнийг Туркийн талд хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан. 2016 оноос Туркэд төрийн эргэлт хийх гэж оролдсон үйл явдлаас хойш энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Вэйсел Акчайгаас гадна Туркийн нэр бүхий хэд хэдэн иргэд эрэн сурвалжлагдаж байгаа. Хэрвээ Монгол Улсын тал тэдгээр иргэдийг Туркийн талд хүлээлгэн өгвөл тэд туркийн шүүхээр нэр холбогдсон хэргээ шийдүүлнэ. Хэрвээ шүүхийн шийдвэрээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдвол бид тэдгээр иргэдийг цагаатгах болно" хэмээн Элчин сайд онцоллоо.

Мөн тэрбээр "Монгол Улсад долдугаар сарын 27-нд болсон хэрэг дээр монголчууд хүний эрхийг хамгаалах чиглэлд зөв хандлага гаргасан. Вэйсел Акчай хэвлэл мэдээллийнхэн болон Турк сургуулийг төгссөн залуучуудыг ашиглан өөрийгөө гэм зэмгүй багш, сурган хүмүүжүүлэгч гэдэг суртал ухуулгаа хийж чадлаа. Угтаа бол энэ хүн чинь “ФЕТО” террорист бүлэглэлийн төлөөлөгч, үүнийгээ өмнө нь ил тод зарлаад явж байсан удаа бий" гэсэн юм.

“ФЕТО” БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ЮУ БЭ?

Фетхуллах Гюлен бол Исламын шашин судлаач, номлогч, нийгмийн зүтгэлтэн юм

2016 онд Туркэд цэргийн хүчийг ашиглан, төрийн эргэлт хийхийг оролдсон ‘ФЕТО’ бүлэглэл нь 1970 онд байгуулагдсан. Түүний толгойлогч нь Фетхуллах Гюлен билээ. Фетхуллах Гюлен бол Исламын шашин судлаач, номлогч, нийгмийн зүтгэлтэн юм. ‘ФЕТО’ бүлэглэл нийгмийн дунд анх гарч ирэхдээ “Туркэд шашны эрх чөлөө алга байна” хэмээх уриа дор санаа бодлоо илэрхийлж байсан. Үүгээрээ олон гишүүн, дэмжигчдийг татаж чадсан ажээ.

‘ФЕТО’ бүлэглэл боловсрол, хүмүүнлэг гэсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа явуулан шинэ гишүүдийг элсүүлдэг. Тэд өөрсдөө сургууль байгуулан амьдралын боломжгүй, ядуу иргэдийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх замаар тархийг нь угаадаг. Улмаар тэднийг төрийн шийдвэр гаргах албан тушаалд шургуулан, өөрсдийн хорон санаагаа хэрэгжүүлдэг ажээ.

Энэ мэтчилэн 1970-аад оноос хойш өнөөг хүртэл Туркийн төрийн бүхий л салбар, нэгжид “ФЕТО”-гийн  гишүүд, дэмжигчид шургалсан ажээ. Тэд даалгавраа ухаалаг утасны аппликейшн ашиглан авдаг төдийгүй тэрхүү аппликейшн нь нууцлалын маш өндөр түвшинд бүтээгдсэн байдаг гэнэ. ‘ФЕТО’ бүлэглэлийн техник технологи төрийн байгууллагын ашиглаж буй техник, тоног төхөөрөмжөөс илүү байх магадлалтай гэнэ. Туркийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллага тэдний даалгавраар ажилладаг. Хорих ангийн хянагч нарт ч итгэхэд бэрх болсон ажээ.

Мэдээж, тэдний дундаас баригдсан, баривчлагдсан, буруугаа ухамсарласан хүмүүс олон. “ФЕТО” аливаа байгууллагын хүний нөөцийн албан тушаалд өөрийн хүмүүсээ шургуулж, өөрсдийн хүмүүсээ эрх мэдэлтэй албан тушаалд томилуулдаг юм байна.

"Туркийн Засгийн газар яагаад хариу авдаггүй вэ гэж үү. Мэдээж, бид тэдэнтэй тэмцдэг. Биднийг тэмцээд эхлэхээр тэд хариу барьдаг. Энгийн ард иргэд хохирдог. Бид буруутай юу гэвэл буруутай. Би цаг хугацаа алдсан, эртхэн сэрэмжлэх ёстой байсан. “ФЕТО” бол улс доторх улс гэж хэлэхэд хилсдэхгүй. Туркийн төрийн эргэлт амжилтгүй болсны дараа жагсаал болсон. Тэрхүү жагсаалд таван сая хүн оролцсон. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүс байсан. Улс төрийн намын төлөөлөл хүртэл байлаа. Тэд маш аажим аажмаар, тэвчээртэйгээр хөдөлдөг. Төрийн институтийн хялгасан судас руу нь ортол өөрсдийгөө гэж мэдэгдүүлдэггүй" хэмээн БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал ярьж байлаа.

Элчин сайд М.Ахмет Язал ‘ФЕТО’ бүлэглэлийн талаарх яриагаа үргэлжлүүлэхдээ "Тэд зөвхөн Туркийг заналхийлээгүй. Сургууль, хүмүүнлэгийн үйлс эрхлэн, аж ахуй нэгж байгуулан хилийн чанадад хүрээгээ тэлж байна. Тэдний капитал Туркэд 10-15 тэрбум ам.доллар, дэлхийд 100 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Нүүрэн дээрээ ядууст тусалж байгаа мэт харагддаг боловч үнэндээ тэд дэлхий нийтийг хамарсан террорист ажиллагаа явуулж байна. Монгол дахь Турк сургуулийн эзэмшлийн асуудал хурцаар тавигдаж байна. ФЕТО бүлэглэл сургуулиар дамжуулан шинэ гишүүн элсүүлэх, монголчуудын сургалтын төлбөр гээд өгч байгаа мөнгөөр террорист ажиллагаа зохион байгуулж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна" гэсэн юм.

“ФЕТО”  бүлэглэл нь долоон давхаргаас бүрддэг. Хамгийн дээд талд нь Фетхуллах Гюлен байдаг бөгөөд хамгийн доод давхаргад нь шинээр элссэн гишүүд байдаг ажээ. Харин Вэйсел Акчай бол 3 эсвэл 4 давхаргад байдаг. Тэр үйл ажиллагааны хяналтыг шалгадаг эсвэл үзэл суртал хариуцсан хүн байх магадлалтай хэмээн Туркын талаас тооцоолсон байна.

"Гэхдээ бидний сэтгэлийг амрааж байгаа нэг зүйл бий. Монгол хүний дархлаатай холбоотой юу, турк сургуулийг төгссөн монголчууд тэдний тархи угаалтад автаагүй байгаа нь ажиглагдаж байна. Иймээс бидэнд сургуулиа аврах боломж байна. Сургууль удирдаж байгаа хүн тэндээс ашиг унагааж, террорист ажиллагаа санхүүжүүлж болохгүй, сурагчдын замыг буруу заах вий гэдгээс эртхэн болгоомжилж байна. Өглөө сэрээд хүүхэд сургууль дээрээ очиход сургууль дээр нь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаасай л гэж бид хүсч байна" – гэж  Элчин сайд тэмдэглэв.

Ийнхүү БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал мэдээлэл хийсний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вэйсел Акчай гэж хүн яг одоо хаана байна вэ?

Би сайн мэдэхгүй байна. Оршин суугаа хаяг нь Монгол Улс гэдгийг мэдэж байгаа. Одоо Монголд байгаа эсэхийг Монголын хууль, хяналтын байгууллагынхан мэдэх байх. Турк улсын иргэн ЭСЯ-нд оршин суугаа хаягаа мэдээлэх үүрэг хүлээдэггүй.

-Гэрийнх нь гаднаас хүмүүс бариад явсан гэсэн. Тэр үйл ажиллагаанд ЭСЯ оролцсон уу? Гаднын хүмүүс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ирээд өөрийнхөө хүнийг бариад явчхаж байна. Энэ талаарх ойлголт нийгмийн дунд одоог хүртэл бүрхэг байна?

-Би Туркийн Засгийн газрыг төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд, Турк улсын Засгийн газар Монгол Улсын аливаа хууль тогтоомжийг хүндэтгэн үзэхгүйгээр хэн нэгнийг хулгайлаад авч явна гэж байхгүй. Бидэнд ийм эрх ч байхгүй. Хэрэв ийм ажиллагаа явуулах хэрэгтэй бол тухайн улсын хууль, хяналтын байгууллагад албан ёсоор мэдэгдэх ёстой.

-Тэгвэл тэр хүмүүс хэн байсан юм бэ?

-Үүнийг Монголын хууль, хяналтын байгууллагынхан шалгаж байгаа байх.

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Туркийн сургуулийг одоо яах вэ?

-Энэ асуудал дээр Монголын тал шийдвэрээ гаргах ёстой. Нэг бол Монгол Улсын өөрийн улсын харьяа сургууль болгох эсвэл Туркийн Боловсролын яамд хүлээлгэн өгөх хэрэгтэй. Энэ сургуулийн сургалтын төлбөрийн зардал гэхэд л 35-40 сая ам.доллар эргэлддэг. Энэ мөнгө ‘ФЕТО’ бүлэглэлийг санхүүжүүлэх хэрэгсэл болж байж магадгүй гэж бид хардаж байгаа юм.Мөн Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч улс болж ойлгогдож байна.

Дэлхийн бусад улсад туркийн сургуулиудыг хаасан, улсынхаа харьяанд авсан, эсвэл Туркийн Боловсролын яамд хүлээлгэн өгсөн зэрэг туршлагууд бий. Үүнд, эцэг эх, сурагчид огт хамаагүй. Тэд гэмгүй хүмүүс шүү дээ. ФЕТО бүлэглэл тэдгээрийг ашиглан өөрсдийгөө гэмгүй хүмүүс, энгийн сурган хүмүүжүүлэгчид гэж мэтээр сурталчилж байна. Турк сургуулийн дипломыг Туркийн Засгийн газар 2016 оноос эхлэн хүлээн зөвшөөрөхгүй болсон.

-Тэгвэл турк сургуулийг төгссөн хүүхдүүдийн диплом ямар үнэ цэнэтэй байх вэ. Тэд дипломоо бариад гадаадын сургуульд сурч болох уу? 

-Хүүхдүүд Туркийн их дээд сургуульд сурах боломжгүй болж байна гэсэн үг. Харин гуравдагч орон эсвэл Монгол Улсад сураад явж болох байхаа. Харин Туркийн их дээд  сургуульд элсэхийг хүсвэл ЭСЯ эрхийг нь сэргээж өгөх тал дээр ажиллах болно. ФЕТО бүлэглэлийн үйл ажиллагаанд Монголын хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүд буруугүй. Бид тэдний эрх ашгийг хамгаалах болно.

-Вэйсел Акчайтай холбоотойгоор Туркийн ЭСЯ-ны гурван ажилтныг шалгаж байгаа гэсэн. Энэ мэдээлэл үнэн үү?

Элчин сайдын яамны гурван ажилтныг шалгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна. Гэхдээ бид энэ асуудалд санаа зовохгүй байна.  Би нэг зүйлийг маш итгэлтэйгээр хэлмээр байна. Элчин сайдын яамны алба хаагчдад буруу зүйл байхгүй. Монголын талаас явуулж буй үйл ажиллагаанд бид оролцох боломжгүй. Элчин сайдын яамны ажилтнуудыг шалгахаар бол бидэнд энэ мэдэгдлээ албан шугамаар мэдэгдэх байх гэж найдаж байна.

-Тухайн өдөр гарсан хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсад Туркийн онгоц газардсан. Энэ онгоцны талаар төрөл бүрийн мэдээлэл цацагдаж байна. энэ яг ямар учиртай онгоц вэ? 

Нууцаар ирсэн онгоц биш шүү дээ. Гадаад харилцааны яамнаас зохих зөвшөөрлийг нь аваад газардсан онгоц.

Туркийн ЭСЯ Вэйсел Акчайтай холбоотойгоор хууль бус үйл ажиллагаа манай улсад зохион байгуулаагүй гэж байна. Тэгвэл манай төр засгийн аль нэг шатны байгууллагын зөвшөөрөлтэй ч юм уу, магадгүй хамтарсан байдлаар зохион байгуулсан зүйл байгаа юу? 

-Вэйсел Акчай гэдэг хүнийг Турк улс авъя гэдгээ 2013 оноос Монголын Засгийн газарт илэрхийлсэн. Гэхдээ тус иргэнийг хэрхэн ямар хэлбэрээр хүлээлгэн өгөхөө Монгол Улс шийднэ. Хэрэв танай Засгийн газар тус иргэнийг шилжүүлэн өгнө гэж шийдвэл бид  хүлээн авах ажлыг зохион байгуулна. Хоёр улс хамтран шийдвэр гаргасан байлаа ч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр туркүүд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эрхгүй. Монгол Улс ч гэсэн гаргасан шийдвэрийнхээ дагуу гадаадын улсаас тусламж авах шаардлагагүй байх. Тиймээс энэ асуултад Монголын тал хариулт өгнө. Долдугаар сарын 27-нд Улаанбаатарт болсон үйл ажиллагаанд Турк улс, ЭСЯ ямар ч холбоогүй. Энэ үед бид юу монголын хэвлэл мэдээллээр энэ хэргийг тухай уншаад сууж байлаа шүү дээ.

-Элчин сайд Вэйсел Акчайтай уулзаж байсан удаа бий юу?

Би ажлаа аваад жил зургаан сар болж байна. Энэ хугацаанд тэр хүн надтай уулзах хүсэлт ганц удаа тавьж байгаагүй. Өмнөх Элчин сайдуудын үед ч уулзаж байгаагүй.

-Өнгөрсөн хавар Туркийн Шадар сайд Монгол Улсад айлчлахдаа Монгол Улсын Шадар сайдтай уулзсан. Энэ үед турк сургуулиудын асуудлыг хөндөж байсан гэсэн. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?

-Тийм ээ. Шадар сайдын айлчлал төдийгүй. Монгол Улсын сайд, дарга нарын айлчлалын үеэр ч энэ асуудал яригдаж байсан. Хоёр улс тус тусдаа хууль тогтоомжтой. Энэ асуудал Монголын тал яаж шийдэхээс хамаарна. Бид сонголт тулгаад байгаа юм байхгүй. Нэг гол зүйл бол сурагчдын эрх ашиг. Бидний зүгээс энэ сургуулиудаа аваръя, ФЕТО бүлэглэлээс холдуулъя л гэсэн хүсэлтэй байна.

-Туркийн зарим нэг хэвлэлээр энэ ажиллагаанд Монголын хууль хүчнийхэн оролцсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ бодит мэдээлэл үү?

-Энэ асуудал дээр би та нартай л адилхан мэдээлэлтэй байна.  Зөвхөн Туркийн гэлтгүй олон хэвлэл янз бүрийн л юм бичиж байна. Турк улсын хувьд үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа бол тухайн улсын тусламжгүйгээр дангаар үйл явуулах ямар ч боломж байхгүй.  ​​​​​​

-Туркийн онгоц Монгол Улсад газардахад Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авсан гэлээ. Яг ямар зөвшөөрөл авсан бэ?

-Онгоц газардахад ямар зөвшөөрөл авах ёстой тэрийг л авсан. Энэ асуудал дээр Монголын тал илүү хариулт өгөх байх.

-Турк Улс давхар иргэншил зөвшөөрдөг үү?

-Тийм ээ. Вэйсел Акчай Туркийн иргэн тэр Монгол Улсын иргэншил авсан эсэхийг сайн мэдэхгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж