Монгол, Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал Вэйсэл Акчайг хулгайлж, улмаар авч явахыг завдсан гэх TT4010 онгоц ямар шугамаар Монголын газар нутагт нэвтэрсэн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулсан юм.
-Бусад орны онгоц Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхийг хэрхэн олгодог вэ?
-Монгол Улсад суугаа Элчин сайдын яам олон улсын байгууллагын шугамаар Монголд ирэх гэж байгаа тусгай үүргийн онгоцны талаар /Үүнд хувийн онгоцноос бусад төрлийн онгоц орж байгаа гэж тайлбарлав./ манайд мэдэгдэж, түүнийг нь бид Иргэний нисэхийн ерөнхий газарт уламжилдаг. Ингээд Иргэний нисэхийн ерөнхий газар тухайн хүсэлтийг хянаад, бидэнд эргэн мэдээлдэг. Үүнийг нь бид Элчин сайдын яаманд дахин мэдээлдэг.
-Вэйсэл Акчайг аваачихаар өнгөрсөн сарын 27-нд ирсэн гэх TT4010 дугаартай онгоц Монголд хэний, ямар байгууллагын зөвшөөрлөөр газардсан бэ?
-Тухайн онгоцны хувьд Туркийн албан шугамаар ирнэ гэж мэдэгдсэн. Энэ төрлийн нислэг байдаг л зүйл. Монгол Улс долоо хоногт 10 гаруй удаа гадаадын онгоцонд зөвшөөрөл өгдөг. Монголд газардах болон агаараар дамжин өнгөрч байгаа л бол Элчин сайдын яамаараа дамжуулан манайд мэдэгдэж бид түүнийг нь Иргэний нисэхийн ерөнхий газарт уламжилдаг. Өөрөөр хэлбэл, манайх мэдээлэл дамжуулах гол байгууллага болон ажилладаг.
-Тухайн өдөр тус онгоцыг газрын үйлчилгээ авах зөвшөөрөлтэйгөөр газардсан гэж байсан. Энэ ямар учиртай юм бол?
-Газрын үйлчилгээтэй холбоотой зөвшөөрөл манайхаар дамждаггүй. Ингэний нисэхийн байгууллага үүнийг хийдэг байх. Манайх зөвшөөрөл олгодог байгууллага биш.
-Албан шугамаар гэдгээ тодруулахгүй юу. Үүнд яг ямар үйлчилгээ багтах вэ?
-Бид энэ талаар тодруулахад “дипломат шуудан авчирч байна” гэсэн. Дипломат шуудан нь байнга хийгддэг. Долоо хоногт бараг 10 онгоцонд зөвшөөрөл олгож байна. Үүнд дипломат шуудан ч багтаж байгаа.
Онцгой үүргийн нислэг үйлдэх журмын дагуу Онцгой үүргийн нислэг үйлдэж буй агаарын хөлгөөр нислэгт оролцох зөвшөөрөл авснаас өөр зорчигч, ачаа, тээш тээвэрлэхийг хатуу хориглодог ажээ.
Р.Ренчиндулам