Жорлонгоо өөрчлөхгүй бол жуулчид битгий урь

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Жорлонгоо өөрчлөхгүй бол жуулчид битгий урь

Жорлонгоо өөрчлөхгүй бол жуулчид битгий урь

Аливаа улс орны эдийн засгийн солонгорсон нэг өнгө нь аялал жуулчлалын салбар байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэг үеэ бодвол Монгол Улс  энэ салбарт анхаарлаа хандуулах болжээ. Бид өөрсдөө ч дотоодын аялал жуулчлалаа илүүтэй сонирхдог болсон байна.

Монгол Улсад жилд дунджаар 475 орчим мянган жуулчин ирдэг гэсэн албан бус тоо баримт бий. Ерөнхийдөө сүүлийн арван жилийн дундаж тоо нь 400 дотор хэлбэлздэг гэдгийг жил бүрийн тоо баримт харуулдаг. 

Жуулчдын 33 хувь нь үзэсгэлэнт байгаль амьтдыг харахаар, 30 хувь нь Монгол уламжлал, ёс заншил соёлтой танилцахаар ирдэг хэмээн хариулсан байна. Харин нийт жуулчдын 13 хувь нь Монголын түүхийг судлах гэж ирдэг. Мөн арав орчим хувь нь адал явдал, үлдсэн нь өөр зорилгоор ирсэн хэмээн Монголбанкны тайланд дурджээ.

Харин энэ жил Монголд ирж буй жуулчдын тоо дунджаар 15-20 хувиар нэмэгдэж  байгаа бөгөөд үүнийгээ дагаад аялал жуулчлалаас олох орлого өссөн гэсэн сайхан мэдээ байна. Гэвч энэ сайхан мэдээний араас нөгөө л улиг болтол ярьдаг асуудлууд амь бөхтэй байсаар л. Жуулчид ирж, үнэ өсөхийн хэрээр үйлчилгээ “тэг” төвшинд байсаар. Олон улсад аюултай аяллыг сонгогчид Монгол Улсыг зорьдог бол тав тухтай, тайван аялахыг хүссэн хүмүүс өөр орнуудыг сонгодог байна. Учир нь Монголын авто зам хамгийн их  эрсдэл ихтэй, үүний дээр бие засах газрын асуудал маш хүндхэн байдаг талаар аялаад буцсан гадныхан ярьдаг аж.

Жуулчдын үзэхийг хүссэн байгалийн үзэсгэлэнт газар очиход энхэл донхолтой замаар давхиж, элэг бөөрөө доргитол  явдаг нь үнэн. Монголд жуулчид ирээд аялж зугаалах, цэнгэх, буудаллаж хоноглох, үзвэр үйлчилгээг тэгш хүртэж чаддаггүй байна. Тэр дундаа хөдөө орон нутагт аялал жуулчлалын сал­бар огт хөгжөөгүй гэхэд болно. Ялангуяа модон жорлонгийн асуудал Монголын зорьж ирсэн гадаадынхны нүдийг бүлтийлгэхэд хүрдэг аж. Зуны халуунд хамаг ялгадас нь нүдэнд ил харагдаж, ялаа, батгана шавж үнэр танар нь хэтийдсэн модон жорлонгоор үйлчлүүлэхийн тулд гадаадынхан огьж бөөлжөөд эхэлдэг тухай аялалын хөтчүүд ярьдаг.

Танил маань хагас жилийн өмнө  Дорноговь аймгийн Хамрын хийдтэй танилцахаар явсан тухай ирээд нүдэнд харагдтал ярьж өгсөн юм.  Хийдийн гэр буудалд орж хоолоо захиалчхаад “морь харчих” газар хаахнуур байгаа билээ гээд хайтал ганц онгорхой жорлонтой. Ганц онгорхой жорлонд  орох аргаггүй гээд хүмүүс баруун жалга руу унаа машинаараа яваад байсан гэнэ. Жалга руу нь очтол дээрдэх ч юм алга, цаасны хог гэж найгүй. Мань хүн сонирхоод ганц жорлон руу нь дөхөж очтол хөл гишгэх аргагүй өмхий үнэрт нь толгой нь эргэж, гадуурх ялгадасыг хараад өөрийн эрхгүй огиудас нь хүрэн хоол идэх дур сонирхол нь алга болсон гэдгээ хуучилж байсан юм. Монгол Улс хөгжихгүй байна, ард түмэн ядуу байна гэсэн үгс улиг болтол амнаас ам дамжин яригддаг. Гэтэл байгалийн үзэсгэлэнт газруудаараа гадныхны нүдийг хужирлаж хэдэн төгрөг олох боломжоо энэ мэт хоёрын хооронд асуудлаас болоод алдчихвал ёстой хайран л юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж