“Инээмсэглэж” буй эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

“Инээмсэглэж” буй эдийн засаг

“Инээмсэглэж” буй эдийн засаг

“Дан ганц эдийн засагаа шүтэж тэнэглэхгүй” гэх сайхан илтгэлийн цаана бодит нөхцөл байдал гэж бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр МАН-ын Бага хурал дээр хэлсэн үгэндээ эдийн засгийн талаарх товч мэдээллийг өглөө. Үүнд “Уул уурхайн салбарын олборлолт,экспорт сүүлийн 2 жил дараалан тогтвортой нэмэгдэн өсч байна. 2017 оны эхний хагаст 18,9 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2018 оны эхний байдлаар 18 сая тонн нүүрсийг экспортод гаргаж нийтдээ 1,4 тэрбум ам долларын ашиг олсон байна. 2018 оны эхний байдлаар 734 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж 1 тэрбум америк долларын орлого олсон байна. Газрын тос, төмрийн хүдэр, жонш, цайрын баяжмал болон бусад эрдэс баялгийн экспорт нэмэгдлээ” гэсэн юм.

Тэрбээр оны эцэст улсын төсөв алдагдалгүй гарна гэсэн итгэлтэй байгаа аж. Тиймдээ ч 2016 онд эрчимт эмчилгээний тасагт буюу сэхээн амьдруулах тасагт амандаа амьсгалын аппарат зуучихсан, клиник үхэлд орчихсон ийм эдийн засгийг бид хүлээж авсан. 2017 онд энэ хүнийг сэхээн амьдруулахаас гаргаж энгийн тасагт шилжүүлсэн. Одоо 2018 онд бид энэ хүнийг эмнэлгээс гаргана гэж бодож байгаа. Гэрт нь эмчилж асарч сувилна. Ингээд 2019 онд энэ хүнийг ажилд нь оруулна. 2020 онд урьд нь энэ хүн эрүүл саруул ажил хөдөлмөр эрхлээд, цалин мөнгөө аваад гэр орноо тэжээж тэтгээд явж байсан байдалдаа эргэж орно. Яг ийм зорилттой Засгийн газар ажиллаж байгаа” гэж илтгэлээ.

Тэгвэл бодит нөхцөл байдал дээр ямар байна вэ. Лондонгийн бирж дээр зэсийн үнэ тонн тутамдаа 6365 ам.доллар болжээ. Энэ оныг “зэсийн жил” хэмээн нэрийдэж улсын төсөвт 1.7 их наяд төгрөг уул уурхайн салбарт төвлөрүүлэхээс 1 их наяд нь зэсээс орж ирнэ гэсэн таамаглалтай байгаа. Удахгүй ашиглалтад орох Цагаансуварга, нэрийн хуудас болсон Оюутолгой, Эрдэнэтийн үйлдвэрлэлийн үр ашгийг эдийн засагт бүрэн дүүрэн ашиглая гэвэл улс төрийн хэрүүлээс дээрх объектуудыг хол байлгах шаардлагатай.

Одоогоор “Оюутолгой” компани дээр ажилласан УИХ, Засгийн газраас байгуулсан ажлын хэсгүүд энэ намар асуудлыг ямар эмоциор танилцуулах, улс төрийн ашиг хонжоо, эдийн засгийн үр ашгийн алийг нь дээгүүрт тавих вэ гэдэг нь анхаарал татаж байна. Үүнтэй холбоотойгоор Монголд хөрөнгө оруулахаар сонирхож байгаа гадны хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргана. Мөн эндээс банк, санхүүгийн салбар ашиг олох уу, үр ашгаас нь хүртэх чадавхитай байх уу гэхчлэн олон учиг шалтгаан тайлагдах учиртай. Нүүрсний салбарын хувьд төмөр замын төсөл хэр хурдан хугацаанд баригдаж эхлэх нь олон асуултын хариулт болчихоод байна.

Хамгийн сүүлийн сайн мэдээ гэвэл Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар Засгийн газрын шийдвэр гарсан. “Нарийн сухайтын төмөр зам”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Шивээхүрэн төмөр зам” гээд төрийн өмчит компаниудыг шинээр байгуулчихсан. Байгуулах амархан. Яаж ажиллуулах менежмент нь Засгийн газраас шалтгаална.

Үүний өмнө хаврын чуулганы сүүлийн өдөр хаалттай хуралдаж байгаад Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д Эрдэнэт-Арцсуурь”,“Зүүнбаян-Ханги“ гэсэн чиглэлүүдийг шинээр тусгалаа.  Энэ өөрчлөлт нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын  II шатанд баригдах Нарийнсухайт- Шивээхүрэн 45.5 км, Тавантолгой- Гашуунсухайт 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг 380 км, Хөөт-Бичигт 200 км гээд нийт 900  км төмөр замын чиглэлд хамаарч дээрх хоёр чиглэлийг нэмж тусгаснаар нийтдээ 1900 орчим км болж байгаа юм. Дараагийн хүлээгдсэн шийдвэр нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн техник, эдийн засгийн суурь судалгааны асуудал. Энэ судалгааг хийж буй “Монголын төмөр зам” компани БНХАУ-ын CREC буюу Хятадын төмөр замын зураг төслийн зөвлөх групп компанитай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус чиглэлийн ТЭЗҮ-ийн судалгааг гүйцэтгүүлж, одоо хяналтын шатанд яваа аж. Эцсийн шийдийг УИХ, ҮАБЗ гаргана.

Мөн наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэв. “Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг шинээр байгуулсан компанид шилжүүлж, “Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Ингэхдээ “МТЗ” компанид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, дээрх чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрсээ урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхээр тогтсон. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч байгаа боловч Засгийн газар нүүрсний суурь үнийг 62 ам.доллар байхаар гэрээ байгуулсан. Асуудлын гол нь иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед иргэн бүрт эзэмшүүлж буй “Эрдэнэс Таватолгой” компанийн нэгж хувьцаа нэг ам.доллартай тэнцэх үү гэдэгт гол анхаарал тавьж буй. Түүнээс биш хэдэн тонн нүүрс олборлоод хэдээр зарах, түүнийг хэн гүйцэтгэх зэргийг иргэн бүр сонирхохгүй билээ. Гэхдээ нүүрсний салбар хамгийн эрсдэлд өртөмтгий, эмзэг хэврэг гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз ээ.

Алтны үйлдвэрлэл мөн л сэргэлтийн үе нь ирлээ гэсэн урамшуулалтайгаар энэ намрыг угтаж байна. Өнгөрсөн оны сүүлчээр алтны ханш буурна гэсэн таамаглалыг олон улсын түвшинд ажиглагчид дэвшүүлж байсан. Өнөөдрийн байдлаар бирж дээр нэг унци алтыг 1360 ам.долларт хүрнэ гэж “GFMS” таамаглаж байв. Дэлхийн хэмжээнд 3265 тонн алт “цуглуулахад” нь Монгол Улсын оруулах хувь нэмрийг өндрөөр үнэлж БНХАУ, Индонезийн нэгэн адил томоохон тоглогчдын тоонд оруулсан.

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 10 ААН-д 31.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийтдөө “Монгол алт” аяны хүрээнд иргэд, ААН-үүдээс 20.01 тонн алт худалдаж авсан байдаг. ээ. Мөн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 2018 оны 6-10 сарын хооронд зохион байгуулснаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны зургаадугаар сарын байдлаар 7.1 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өсчээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Хохюн Жан нартай өчигдөр уулзаж Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал ноён Хохюн Жан “Хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд 5 дахь шатны үнэлгээний үр дүнг удахгүй Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэхээ мэдэгдсэн. Тэд хамтдаа шалгалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгааг мэдэгдлээ. Мөн Монголбанкнаас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх ажлын талаар ярилцсан. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж 3.2 тэрбум ам.долларт хүрсэн, экспортын орлогоо өмнөх оныхоос 15 хувиар ахиулсан амжилтаар ОУВС-тай хэл амаа ололцох, дараагийн хөрөнгө оруулалтын талаар ярихад харьцангуй урамтай байгаа болов уу.

Ийнхүү дэлхийн эдийн засгийн төлөв байдал, экспортын гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн  бүтээгдэхүүний ханш Монголын зүг “инээмсэглэж” байна.  Энэ нөхцөлд эдийн засагт дайсагнаж чадах гол хүчин зүйл нь улстөржилт. Тэр тусмаа нэг намын дотоод хямрал, зөрчилдөөнөөс үүдсэн улс орны эрх ашигт сөрөг үр дагавар авчрахуйц явган хэрүүл, улс төрийн тогтворгүй байдал л  хөрөнгө оруулагчдыг үргээж, өмнөө тавьсан зорилтуудыг гацааж мэдэхээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж