Түргэний эмч намайг хүүгийн минь биед хүргээгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Түргэний эмч намайг хүүгийн минь биед хүргээгүй

Түргэний эмч намайг хүүгийн минь биед хүргээгүй

Зуны нэгэн үдэш нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Эко шинэс” эмийн сангийн гадаа энэ харамсалтай хэрэг гарсан юм. Ээждээ эрхлээд гарсан хоёрдугаар ангийн сурагч хүү бусдын л адил тоглон наадан гүйхдээ золгүй тохиолдлоор амиа алдсан билээ. “Миний хүү хоолоо идээрэй” гээд дуудахын завдалгүй зэргэлдээх эмийн сангийн тогтой хаалганаас барьснаас болж хүү амиа алдсан юм. Ойр хавийн хүмүүс өнөөх эмийн сангийн хаалгыг хэдэн өдрийн өмнө тогтой гэлцэж байсан ч хариуцсан эзэд нь “чих нь дүлий” байсаар хүүгийн аминд хүрчээ. Одоогоос сар гаруйн өмнө /2018.06.25/ хүүгийн ээж Ч.Мөнхсайхан хүүгээ алдсандаа итгэж ядан нүдэндээ нулимс  дуслуулан “Хүний аминд хүрчхээд байхад албаны хүмүүс одоо хүртэл чимээгүй байна. Хүү чинь өнгөрчихлөө гэсэн эмчийн үгэнд одоо ч итгэж чадахгүй нь” хэмээн ярьж байжээ. Түүнтэй дахин ярилцахаар гэрт очлоо. Биднийг очиход эмийн сангийн үйл ажиллагааг зогсоосон талаар ойр хавийн иргэд ярьж байсан юм.


-Золгүй явдлаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэг хэрхэн шийдэгдэж байна вэ. Шүүх эмнэлгийн байгууллагаас хүүгийн тань үхлийн шалтгааныг тодорхойлсон уу?

-Эгч нь дөнгөж сая Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагчтай уулзчихаад ирлээ. Шүүхийн шинжилгээний хариу зуун хувь тогноос үүдэлтэйгээр нас барсан гэж гарсан. Эмч нар дотор эрхтэн нь эрүүл боловч зүрх нь зогссоны улмаас амиа алдсан байна гэж бидэнд хэлсэн. Одоогоор эмийн сангийн үүдний хэсэгт цахилгаан цэнэг яагаад үүссэнийг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа. Тог юунаас үүдэлтэй болохыг мэргэжлийн хяналтын газраас дахин нарийвчилсан дүгнэлт гаргана гэсэн боловч хариуцсан мэргэжилтэн нь амарчихсан байна. Тийм учраас цахилгааны дүгнэлтийг хүлээж байна.

-Эмийн санч эсвэл, эмийн санг түрээслэгч хоёр хаалга тогтой гэдгийг мэдэж байж яагаад бусдад анхааруулаагүй юм бол?

-Хаалга юунаас болж цахилгаанжсаныг тогтоочхоод надаас дахин байцаалт авна гэсэн.

Тэр эмийн санг түрээслээд гурав хонож байхад энэ хэрэг гарсан юм билээ. Би энэ хорооныхоо эргүүлээр ажилладаг байхад олон удаа “Дэлгэрэх” төвд мэдэгдэл өгсөн боловч нэг удаа ч авч байгаагүй. “Дэлгэрэх” төвийг хариуцсан гэх эрэгтэй “Ажлын садаа, наад цаасаа аваад гар” гэж манай ажилчдад хэлдэг байжээ.  Хэрвээ тэр хүн нэг удаа ч болов уншаад үзсэн бол эмийн сангийн гаднах тохижилтын аюулгүй байдлыг хангасан байх ёстой.

Тухайн үед хүргүүлсэн мэдэгдлийг уншаад хариуцлагатай ажилласан бол өнөөдөр миний хүү амиа алдахгүй байлаа. Хүүгийн минь хэрэг явдлаас хойш надтай олон хүмүүс уулзсан. Тэр дундаа хүүхдийн байгууллагаас манай энэ хавийн тоглоомын талбайн ил задгай утасны асуудлыг цэгцлэх асуудлаар хорооны Засаг даргад хандсан байна лээ.

-Мэргэжлийн хяналтын дүгнэлт яагаад удаашраад байгаа юм бол?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд зуун хувь тогноос үүдэлтэй гэсэн хариу гарсан. Гэхдээ шинжилгээний хариунд нэг эргэлзээтэй зүйл байсан. Тэр нь юу гэхээр тухайн үед хүүд минь анхны тусламж үзүүлсэн бол хүү амьд байх талаар бичсэн байна лээ. Түргэний эмч  ирээд биед нь хүрч болохгүй шүү гээд намайг хүргээгүй.

Хавь ойрын хүмүүс хүүгээ нойтон шороонд бушуухан бул хэрэв булах юм бол эргээд амьд гарах боломжтой гэж хэлж байсан. Тэгтэл түргэний эмч намайг хүүгийн минь биед хүргээгүй. Өнөөх шүүх эмнэлгийн дүгнэлтэд тэр даруйд нь анхны тусламж үзүүлсэн бол амь гарах боломжтой гээд биччихсэн байсан. Түүнийг уншаад миний сэтгэл маш их эмзэглэсэн.

-Эмийн сангийн эзэд та бүхэнтэй уулзаж танай гэр бүлд туслалцаа үзүүлсэн үү?

-Ажил явдлынх нь үеэр эмгэнэл илэрхийлэхээр ажилтан нь бололтой эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирсэн. “Дэлгэрэх” төвөөс одоог хүртэл хүмүүс ирээгүй. Байцаагчийн хэлснээр эмийн санг эрхэлсэн эмэгтэйг хэргийн хариуцагчаар дуудаж байгаа гэсэн. Харин өнөөх эмэгтэй орон нутагт байгаа сураг дуулдсан.

-Энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй байгааг таныг зүгээс юу гэж харж байна вэ?

-Бүх зүйл тодорхой байхад хуулийн дагуу шийдэж өгөөсэй гэж горьдож сууна. Бид нарын уй гашуу тайлагдаагүй, хүлээхэд ч бэрх байна. Миний хүүтэй адил хоёр гурван хүүхэд тогонд цохиулаад амиа алдчихаад байхад эрх баригчид яагаад тоохгүй, чих нь дүлий суугаад байгаа юм бэ. Бид хариуцлагыг хэнээс нэхэх билээ. Энэ хайхрамжгүй байдлыг өөрчлөхийн тулд хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулаасай. Манай монголд хүний амьдрах аж эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх зөрчигдөж байна. Гаднын оронд золгүй байдлаар амь насаа алдахад даатгалаар шийддэг бол манайд энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт дутагдалтай байгааг ажиглалаа. Цаашид миний хүү шиг хөөрхөн үрс хохироод үлдэхийг зүгээр хараад сууж чадахгүй. Тийм учраас би ч гэсэн эх хүний хувьд дуу хоолойгоо ард түмэндээ хүргэнэ гэж бодож байгаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж