
Иргэний дээрх гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан хяналт, шалгалтын ажлыг хийхэд гомдол үндэслэлтэй болох нь батлагджээ. Тодруулбал, өнгөрсөн хавар БСШУЯ-наас англи хэлний улсын олимпиадыг энгийн болон гүнзгий гэсэн хоёр түвшинд зохион байгуулахад гүнзгий түвшний гуравдугаар байранд иргэн Н.Энхбатын охин 80/В/ оноогоор шалгарсан байхад БСШУЯ –ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар иргэн Н.Энхбатад “Танай охин дөрөвдүгээр байранд орсон” гэж худал мэдээлэл өгчээ. Улмаар олимпиадын энгийн түвшний дөрөвдүгээр байранд шалгарсан сурагчийг гуравдугаар байранд шалгарсан мэтээр зориуд өөрчилсөн байна.
Түүнчлэн, иргэн Н.Энхбат Ж.Мягмартай удаа дараа уулзаж, охиныхоо гуравдугаар байрын шагнал буюу их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг, сонгосон мэргэжлээрээ их дээд сургуульд элсэн суралцахад төрөөс олгох буцалтгүй тусламж зэрэг шагнал урамшууллыг авч, БСШУ-ны сайдын гаргадаг улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн сурагчдыг их дээд сургуульд элсүүлэн суралцуулах тухай тушаалд охиныхоо нэрийг оруулахаар хүсэлтээ гаргасаар байхад андуурсан гэдэг шалтгаанаар мэдэн будилсаар хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.
Ингэснээр иргэн Н.Энхбатын охин бус энгийн түвшний дөрөвдүгээр байранд шалгарсан сурагч их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон сургалтын төлбөр авахаар сайдын тушаалд нэр нь бичигджээ.
Тиймээс Авлигатай тэмцэх газраас БСШУ-ны сайдад олимпиадад байр эзэлсэн сурагчийн байрын дарааллыг санаатай өөрчилж, хохироосон явдлыг засч залруулан, Ж.Мягмар гэгч энэхүү албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлсэн байна.
Мөн Авлигатай тэмцэх газарт хандаж гомдол гаргасан иргэн Э.Энхбатад гомдлынх нь мөрөөр хяналт шалгалтын ажил хийж, БСШУЯ-ны мэргэжилтэн Ж.Мягмарын хууль бус үйл ажиллагааны улмаас охин нь хохирсон болохыг тогтоон, энэ байдлыг засан залруулж шийдвэрлүүлэхээр БСШУ-ны сайдад хандсан талаар хариу өгөөд байгаа ажээ.
Харин Ж.Мягмар гэгч нь БСШУЯ-нд 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд он удаа жил ажилласан давуу талаа ашиглаж, олимпиад зохион байгуулах комисст орж ажиллаагүй мөртлөө дур мэдэн олимпиадад шалгарсан сурагчдад эрхийн бичиг бичиж олгожээ.
Түүний энэхүү бусармаг үйлдлээс болж, их, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг, төлбөргүй сурах боломжоо алдсан охины хувьд эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй эцэг, эх нь ч гэсэн хүүхдийнхээ ур чадварыг шударгаар үнэлүүлэх гэж хөөцөлдөн явахдаа ажлаа алдаж, боловсролын салбарт хэрэгдсэн хүнд суртлын хана хэрэмийг олонтаа мөргөж буцаж байжээ.
Хэрвээ танд боловсролын салбар хийгээд төрийн бусад салбарын хүнд суртал, чирэгдэлтэй үйлчилгээ, хууль бус бүх асуудлын талаар мэдээлэл байгаа бол Авлигатай тэмцэх газрын 1969 дугаарын утсанд хандаж болохоос гадна биеэр ирж гомдол гаргах боломжтой юм.
Г.Дарь