Нөхөн сонгуульд МАН, АН, МАХН, ИЗНН өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд МАН, АН, МАХН, ИЗНН өрсөлдөнө

Нөхөн сонгуульд МАН, АН, МАХН, ИЗНН өрсөлдөнө

Улс төрийн намууд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүллээ.  Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд өгөх учиртай. Энэ дагуу МАН, АН, МАХН, ИЗНН-ынхан хурал чуулганаа хийж, сонгуульд оролцох шийдвэрээ албан ёсоор гаргав. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж, батламж олгох юм. Батламж авсан нам, эвсэл наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний дотор нэр дэвшигчээ тодруулах хуулийн заалттай. Ингээд есдүгээр сарын 14-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах юм.


МАН

МАН-ын Бага хурлын гишүүд 50 хувийн ирцтэйгээр нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ Даваа гаригт буюу наймдугаар сарын 6-нд гаргалаа. Одоогоор нөхөн сонгуульд өрсөлдөх хүний нэр хараахан тодорхойгүй байгаа ч МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших магадлалтай байна. Тэрбээр “Би нэр дэвшихгүй, надад хангалттай ‘давхар дээл’ байна” гэж бүлгийн хурал дээрээ хэлсэн ч МАН-ын генсек Д.Амарбаясгалан  “Намын дарга нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй” гэдэг тайлбарыг өчигдөр хуралдсан Бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолсон билээ.   МАН-аас нэр дэвших таамгийн хоёрдугаарт Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр яригдаж байсан юм. Гэхдээ тэрбээр энэ сонгуульд оролцохгүй гэдгээ хэвлэлээр илэрхийлэхдээ ‘Би нөхөн сонгуульд өрсөлдвөл хамгийн хэврэг нэр дэвшигч болно’ гэв. Хэрэвзээ нөхөн соэнгуульд өрсөлдөхөөр болбол хуулийн дагуу зургаан сарын өмнө Засаг даргаасаа чөлөөлөгдөх учиртай. Н.Ганбямбын хувьд Хэнтийн 42 дугаар тойргийг голсон уу, эсвэл айсан уу ямартай ч нэр дэвшихгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр зарлалаа. Тэгэхээр Хэнтий нутгийн хүү У.Хүрэлсүх нутагтаа нэр дэвших сонголтод хүрэхээс өөр гарц түүнд үлдсэнгүй.

АН

Төрийн ордонд наймдугаар сарын 6-нд хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооноос нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа. Тус намын генсек Ц.Туваан нэр дэвшигчээ ямар журмаар тодруулах талаар тодорхой тайлбар өгөөгүй ч, намын дотоод дүрмийн дагуу СЕХ-ны шаардлагад нийцсэн хүний өрсөлдүүлнэ гэв.

Ардчилсан намаас Асашёорюү Д.Дагвадоржийн нэр дуулдаж байна. Сүүлийн үед аварга маань намынхаа үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцдог болжээ. Түүнийг Ерөнхийлөгч сойж байгаа гэлцэх. У.Хүрэлсүх хэрэвзээ нэр дэвших юм бол түүнтэй эн тэнцэхүйц өрсөлдөгч нь АН-аас Аса аваргыг гэж Ерөнхийлөгч тооцоолж суугаа бололтой.  Д.Дагвадоржийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллаж, улс төрийн дөртэй болсон. Нэр дэвшигч яаж өрсөлдөх, ямар тактик хэрэглэх тал дээр тэр айлтгүй. Түүний ард Ерөнхийлөгчийн том баг бий. Саяхан Ардчилсан намын бүсийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, намын нөхдөөсөө овоо оноо авсан гэдэг. Гэхдээ Ардчилсан намд ганцхан Аса аваргын нэр яригдаагүй. Намын дарга С.Эрдэнэ нь эдийн засагч Р.Амаржаргалд санал тавьсан ч 42 дугаар тойргийг ‘голсон’ сурагтай.

МАХН

МАХН-аас С.Ганбаатар эсвэл Н.Энхбаярын аль нэг нь нэр дэвших боломжтойг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга тодотгосон. МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд чамгүй амжилт гаргасан тул Хэнтийд ялалт байгуулах боломжтой гэж намынхан нь үзэж буй. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байх хугацаа дууссан тул сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой болсон. Тиймээс ч наадам дөхөхөөр өөрийг сойдог хөгшин морь шиг нөхөн сонгуулийн сургаар сонгуулийн пи-ардаа орчихлоо гэж олон нийтийн сүлжээнд түүнийг шүүмжлэх хүмүүс олон. Ямар ч байсан Хэнтийн 42 дугаар тойрогт МАХН ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа нь эрх барьж ирсэн АН, МАН-ын эрх мэдлийн төлөөх хагарал тэмцлээс иргэд залхаж эхэлсэн гэж тооцсоных юм. Нөгөө талаар парламентад МАХН-ыг төлөөлж ирсэн О.Баасанхүүг Н.Энхбаярын талынхан илт эсэргүүцэх болсон. Тиймээс парламентад болбол өөрөө, болохгүй бол өөрийн хүнээ оруулах нь Н.Энхбаярыг ирээдүйн улс төрийн нэг нүүдэл гэж тодотгож болно.

ИЗНН

Нөхөн сонгуулиар ч болтугай парламентад нэг суудалтай болох нь  ИЗНН хувьд алдаж болшгүй боломж гэж харж байгаа бололтой. Тус намынхан Төр хурахын аманд өнгөрсөн Ням гаригт наадмаа хийнгээ нөхөн сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гаргажээ.

Тус намын гишүүн С.Оюун аль хэдийнэ улс төрөөс хөндийрсөн учир нэр дэвшихгүй. Мөн ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ч нэр дэвших бодолгүй байгааг ойрын эх сурвалж мэдээлсэн юм. Ямартай ч ИЗНН-ыхан сонгуульд оролцоно, гэхдээ “битүү морь” сойж байгаа бололтой.

Тодруулбал, ИЗНН залуу хүн уралдуулах сонирхолтой байгаа аж.  Мөн  Үнэн ба зөв нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам өрсөлдөхөө илэрхийлсэн гэх. Ийнхүү аравдугаар сарын 7-нд болох нөхөн сонгуульд намууд гараанаасаа гарах бэлтгэлээ дотооддоо бэлтгээд эхэлжээ. Гэхдээ хэн ялалт байгуулахыг тэр өдрийн тэнгэр мэдэж. Ямартай  ч Монголын парламентын 27 түүхэнд байгаагүй шалтгаанаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан Д.Гантулгаас болж төсвийн 92 сая төгрөг салхинд хийсэх нь.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж