
1: Их ярьж, бага сонсдог
Эмэгтэйчүүд бусадтай бүх зүйлээ хуваалцаж чаддаг. Та ээжтэйгээ, эгчтэйгээ, хамгийн сайн найзтайгаа өдөрт хэдэн ч удаа ярилцаж болдог. Тэдэнд ярилцахгүй сэдэв гэж байхгүй. Харин эрчүүд бол өөр. Тэд дотроо юу болж байгааг тэр бүр гаргаж илэрхийлдэггүй. Хэрэв болзож байгаа эр чинь дуугаа хурааж орхивол түүнээс юм асуу. Гэхдээ өөрийнхөө тухай яриач гэж шавдуулах хэрэггүй. Түүнийг өөртөө тохиолдсон явдлаа ярьж эхлэх үед сонирхон сонс.
2: Нүүр өгөх хэрэггүй
Сайхан залуутай болзоход сэтгэл хөдөлдөггүй гэж үү? Ямар нөхөртэй болохоо болзож мэдэх нь жирийн л үзэгдэл. Дунд сургуульд байхдаа дурлаж байсан хөвгүүний нэрийг тэмдэглэлийн дэвтрийнхээ ард бичих ч бас байдаг л зүйл. Гэхдээ та үүнийгээ түүнд харуулахгүй нь тодорхой. Тийм биз дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд бичигдээгүй хууль байдаг. Нэг нь гүйж, нөгөө нь гүйлгэдэг. Хэрэв хэн нэгэн танихгүй хүн танд үнэтэй бэлэг авч өгч, хамт кофе уусны дараа өдөрт долоон удаа утсаар ярьвал та миний юу гэхийг ойлгож байгаа биз дээ. Бид таныг хүйтэн хөндий царайл гэж байгаа юм биш. Гэхдээ түүний өмнө орж гүйх хэрэггүй. Түүнийг өөрийн ертөнцөд оруулах хүртлээ хүлээ.
3: Шалгалт
Болзоо хөгжилтэй тусмаа зүгээр. Түүний тухай мэдэж, өөрийгөө хэн гэдгийг бусдад таниулж чадвал болзоо чинь сонирхолтой болно. Харин болзоо чинь байцаалт болж хувирах үед бүх зүйл буруугаар эргэж болохыг анхаар. Та сүүлийн найз бүсгүйтэйгээ хэр удсан бэ? Та хоёр жилийн дараа өөрийгөө хэрхэн төсөөлж байна? Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ? Иймэрхүү асуултын дараа тэр сураггүй алга болчихвол гайхах хэрэггүй. Тухгүй сандал, микрофоны дэргэд сайн болзоо болохгүй. Харин байцаалт авахын оронд түүний үйл хөдлөлийг уншихийг хичээ.
О. Халиун