Нам гүм байсан хөрөнгийн зах зээл идэвхжиж эхэллээ | News.MN

Нам гүм байсан хөрөнгийн зах зээл идэвхжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Нам гүм байсан хөрөнгийн зах зээл идэвхжиж эхэллээ

Нам гүм байсан хөрөнгийн зах зээл идэвхжиж эхэллээ

Хөдөө аж ахуй, барилгын компаниуд хөрөнгийн зах зээлийг ониллоо​

Хөрөнгө оруулагчдад дуулгах таатай мэдээ байна. Монголын хөрөнгийн биржийн гуравдугаар ангилалд бүртгэлтэй “Хөвсгөл алтан дуулга” компани нэмж гаргах үнэт цаасныхаа олон нийтэд зориулсан танилцуулгыг өнөөдөр хийж гэж байна. Нийт хувьцааныхаа 38 хувийг стратегийн хөрөнгө оруулагч болон олон нийтэд санал болгон худалдах тус компанийн үнэт цаасны захиалга лхагва гарагт албан ёсоор эхэлнэ. Үүнээс өмнө хөрөнгө оруулагчдад хандсан хэд хэдэн удаагийн танилцуулга, уулзалт, сурталчилгаа өрнүүлэхээр төлөвлөжээ. Татан төвлөрүүлэх хөрөнгөө газар тариалан, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, зээлийн эх үүсвэрийг бууруулах, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ. Санхүүгийн салбарт эзлэх хөрөнгийн зах зээлийн жин сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Энэ боломжийг компаниуд ч алдалгүй ашиглахаар дор бүрнээ анхаарч, уг зах зээл рүү хошуурч эхэлж байна. Зуны турш нам гүм байсан хөрөнгийн зах зээлд “Хөвсгөл алтан дуулга” орж ирснээр шинэ уур амьсгал бүрдэх шинжтэй.

20 орчим жилийн түүхтэй тус компани энэ хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж иржээ. Үр тариа тариалах, гурил болон тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй “Хөвсгөл алтан дуулга” 2011-2015 онд нийт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлсэн байдаг. Одоо эргэлтийн 7045 га талбайд үр тарианы үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд 2012 онд 4000 тонн үр тариа хадгалах хатаалгатай иж бүрэн механикжсан байгууламж, хоногт 1000 тонн буудай тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийн хамт барьж ашиглалтад оруулжээ. Хөрөнгө оруулагчдын хүртээл болох “Хөвсгөл алтан дуулга” үнэт цаасныхаа танилцуулгыг энэ сарын 18-ныг хүртэл хийх аж. Энэ оны тавдугаар сард “Монгол базальт” компани хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаснаас хойш нэг ч компани үнэт цаасны зах зээл рүү зүтгэсэнгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос нэмж үнэт цаас гаргах эрхээ авсан “Хөвсгөл алтан дуулга” нэгж хувьцааны үнэ 850 төгрөг. 10 хоног үргэлжлэх захиалгын үр дүнд 3.74 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхээр тооцжээ.

Оны эцэс гэхэд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 20 тэрбум төгрөг давах төлөвтэй

“Хөвсгөл алтан дуулга” 11,328,600 ширхэг энгийн хувьцаатай, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө 113.2 сая төгрөг байна. Хөвсгөл аймгийн гурил үйлдвэрлэлийн 80 хувийг дангаар эзэлдэг тус компани гурил үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамжаа сайжруулахад анхаарч буй. Энэ нь бизнес төлөвлөгөөнийх нь нэг гол зорилт аж. Монгол улсын гурилын жилийн нийт хэрэглээ 270 орчим мянган тонн. Үүний 43 хувийг Улаанбаатар хотын зах зээл, үлдсэн 57 хувийг орон нутгийн зах зээл эзэлж байна. Нийт 70 гаруй компани гурил үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээлэл бий. Гурилын үйлдвэрүүд жилд 1700 орчим мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хангайн бүсийн гурилын үйлдвэрүүдийн жилийн хүчин чадал нь 80 мянган тонн байна. Хөвсгөл аймагт 3-4 гурилын үйлдвэр байгаагаас “Хөвсгөл алтан дуулга” хамгийн өндөр хүчин чадалтай нь аж. Тус компанийн андеррайтераар “Бумбат алтай ҮЦК” ажиллаж байна. Хөрөнгийн зах зээлд хувьцаанаас гадна компанийн бонд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд багтдаг.

Энэ намар мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниуд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх хандлагатай байна. Тухайлбал, “Минж Проперти” компани Дархан-уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт барих “Парк таун 2” барилгын төслөө санхүүжүүлэх зорилгоор гурван тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөөр баталгаажсан бонд гаргахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Тус компани энэхүү бондоо Монголын үнэт цаасны биржээр дамжуулан олон нийтэд санал болгох аж. Эндээс харахад, хөрөнгө оруулагчдад сонголт хийх бүтээгдэхүүн хөрөнгийн зах зээлд байна. Монголын хөрөнгийн биржид 2017 оноос хойш энэ оны зургадугаар сар хүртэл нийт гурван компани бүртгүүлж, хувьцаат компани болсон байна. Ингэхдээ нийт 12.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Оны эцэс гэхэд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 20 тэрбум төгрөг давах төлөвтэй. “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага мөн энэ онд IPO хийж, олон нийтийн компани болохоор шулуудсан байна. Ингэснээр 230 гаруй банк бусаас хамгийн эхэнд тус ББСБ хөрөнгийн зах зээлд хөл тавих нь.

ЗГМ: Тодруулга

14170 иргэний зээлийн мэдээллийг энэ сараас ‘хэвийн ‘ ангилалд шилжүүллээ

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч С.Ганбаяраас Зээлийн мэдээллийн сангийн талаар тодрууллаа.

-Зээлийн мэдээллийн сангаас зарим иргэдийн мэдээллийг хэвийн ангилал руу шижлүүлэх болсон байна. Энэ удаа ямар шаардлагыг хангасан хүмүүст боломж олгож байна вэ?

-Энэ оны хувьд үүнээс өмнөхөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн А-60 тоот тушаалаар зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа зээл, төлбөр (үүрэн холбооны оператор компаниудын) нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд багтсан зээл, төлбөрийг “хэвийн” ангилалд шилжүүлсэн. Дээрх тушаалд банк, санхүүгийн байгууллагаас санхүүгийн түрээсийн буюу лизингийн үйлчилгээ авсан иргэдийн мэдээлэл хамрагдаагүй тул өргөдөл, гомдол ихээхэн ирэх болсон. Иймд энэ оны зургадугаар сарын 01-ний өдрийн байдлаар өмнөх нөхцөл, шаардлагыг хангасан зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа зээл, санхүүгийн түрээсийн төлбөр нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд ангилагдсан нийт 14170 иргэний санхүүгийн түрээсийн зээлийн мэдээллийг энэ сараас “хэвийн” ангилалд шилжүүллээ.

-Монголбанк гурван ч удаа иргэдэд ийнхүү боломж олгож байна. Ямар шалгуурыг гол болгодог вэ?

-Юуны өмнө дээр дурдсан өрхийн хэрэгцээнд санхүүгийн үйлчилгээ авч буй санхүүгийн хэрэглэгч иргэдэд зөвхөн хамааралтай, хоёрдугаарт зээлийн мэдээллийн түүхэндээ зөвхөн нэг удаа хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх гэсэн хоёр шалгуур тавьж байгаа.

-Зээлийн мэдээллийн сан нь тодорхой шалгуурын дагуу мэдээллээ ангилдаг шүү дээ. Гэтэл Монголбанкнаас үе үе ингэж иргэдийн мэдээллийг хэвийн болгож байгаа нь ямар үндэслэл дээр тулгуурлаж хийгдэж байгаа ажил вэ?

-Дэлхийн 2008 оны санхүүгийн хямралаас хойш аливаа эдийн засгийн хүндрэлд орсон улс орон тэргүүн ээлжинд хамгийн их хохирол хүлээдэг санхүүгийн хэрэглэгчийг дэмжих, эрхийг нь хамгаалах замаар эдийн засгийн уналтыг зогсоох, өсөлтийг хангах таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг болсон. Монгол улсын эдийн засаг 2015, 2016 онд нэлээд хүндрэлд орсон, иргэдийн санхүү төлөвлөлт, боловсрол дутмаг байдлаас үүдэн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн мэдээлэл ихэссэн. Иймд Монголбанкны зүгээс иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 2017 оноос хойш хоёр удаа иргэдийн зээлийн мэдээллийн түүхэнд өөрчлөлт оруулах цаг үеийн шинж чанартай арга хэмжээ аваад байна.

-Энэхүү арга хэмжээ цаашид иргэдэд сөргөөр нөлөөлөх эсэхийг та бүхэн хэрхэн тооцоолж байгаа вэ. Тодруулбал, “өршөөгдөх” боломжтой юм байна гэсэн хүлээлтийг үүсгэх вий гэсэн болгоомжлол төрж байна?

-Монгол улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголбанкны зээлийн мэдээллийн сан нь иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгээ хариуцлагатай байлгахад нөлөөлдөг чухал хөшүүргүүдийн нэг болж, зорилгоо хангалттай биелүүлж байгаа. Цаашид үйл ажиллагаа нь улам өргөжих хандлагатай байна. Төв банкны зүгээс иргэдийн зээлийн мэдээллийн түүхэнд өөрчлөлт оруулах арга хэмжээ нь цаг үеийн шинж чанартай. Цаашид Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, эдийн засаг тогтворжих хандлагатай байгаа тул ийм төрлийн арга хэмжээнээс болон иргэдэд буруу хүлээлт бий болохоос зайлсхийх болно.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж