Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Хайрын улаахан жимс

Богд хан уулын ар Бага тэнгэрийн ам өөд багадаа нэг удаа мацаж, ах нараа даган жимсэнд анх гарсан сан. Ууланд гарсан хөвгүүд л хойно жимс энэ тэр гэхээсээ илүү хоорондоо ноцолдон тоглосоор жимс түүхээ ч умартаж, харин би гэдэг хүн ганцхан ширхэг томоос том гүзээлзгэнэ олж идсэн юм. Тэр цагаас хойш гүзээлзгэнэ жимсний амтыг жинхэнээр нь амталж үзээгүй санагддаг юм. Худалдаанаас, эсвэл хөдөө гадаа явсан хүмүүс варианы шилтэй гүзээлзгэнэ авчрах боловч уулнаас дөнгөж шинээр нь амталсан тэр жимсний амтыг хэрхэн гүйцэх билээ.

Нар дээр гарсан хойно айлын хүмүүс “Гүзээ түүе, хамт явах уу” гэснээр амьдралдаа хоёр дахь удаагаа гүзээлзгэнэ түүхээр явлаа. Нүүрнийх нь бараг талыг хаасан томоос том нарны шил зүүж, эрээн даавуу алчуураар толгойгоо битүү ороогаад дээр нь мөөг шиг том далбагар малгай өмч, сонгинын хальс шиг олон давхар өмд цамц өмссөн айлын эзэгтэйг хараад “Энэ хар халуунд яасан ч их зузаалдаг юм билээ дээ. Хөдөөгийнхөн халуунд хөвөнтэй дээл өмсөхөөр нар нэвтэлдэггүй гэдэг. Гэхдээ л өдий наслахдаа нар салхи үзээгүй амьтан аятай. Хөдөөний хүн байж юун ч маягтай юм билээ” гэх шүү юм бодож явлаа. Ялаа шумуулаас хамгаалж багласан нь энэ гэнэ.

Нас 60 дөхсөн ч толиотой хэвээр байгаа цагаан шаргал царайдаа энгэсэг хөнгөхөн тавьж, уруулаа цээнэ шиг ягаан өнгөөр үл мэдэг будсан тэр эмэгтэй нутгийнхнаас ялгарч байлаа. Хөдөө газар нүүрэндээ энгэсэгтэй аятайхан авгайтай зам нийлнэ гэдэг сайны ёр хэмээн бодоод би түүнийг дагав. Дэнсмаа гуай ч “Би нэг алхвал амрахгүй алхана шүү” гээд урд ороод алхахад дөнгөж сая л хотоос гарч, хоёр зээрдээрээ газар хороож байгаа би гэдэг хүн өгсүүр өөд нэлээд улдах янзтай. Ялаа шумуулны тухайд Дэнсмаа гуайн зөв байсныг цааш хэд алхаад л жинхэнэ махан бодиороо мэдэрлээ дээ. Халуунаас түвэгшээж, дээр нь хоёр жил нар салхи үзээгүй биеийг жаахан сэргээх санаатай задгай энгэртэй ханцуйгүй цамц, богино өмдтэй гарсан би гэдэг хүн “нөхдүүд”-ийн хувьд ёстой нөгөө “юугаараа баян түүгээрээ дайлна” л гээч л болж байна. Гэвч “яавал ч яаг” гээд байгалийнх нь эрхшээлд орхилоо.

Авгай бас л Улаанбаатарынх. Зуныхаа амралтаар энд ирж, сүү сааль, ургамал жимсэнд гардаг аж. Айлтай гэрээ хийж өглөөд 20 литр суу аваад түүнийгээ хөөрүүлэн өрөм загсааж, ээзгий ширгээн, аарц, ааруул дэлгэнэ. Өвлийн тоосгон байшингаа дэрлүүлж барьсан таван ханатай гэрт гурван зуух зэрэгцүүлж тавиад “үйлдвэрлэл”-ээ явуулдаг аж. Үдийн хэрд сүү саалийн ажил шувтармагц галынхаа урд хэвтэж жаал амсхийгээд дараа нь жимсэндээ явна даа. Хааяа хотоос охин, хүү, ач нар нь ирж жимсний шинэхэн чанамал, өрөм, ааруул дээр нь найрлана. Хааяадаа ойрхон амралтад ирсэн явуулын улсад ч бага сагаар нь борлуулчихдаг товхийсэн ажилтай. Уулын ар ташиж байх үед модны хаяа руу ороход хөл дор ширдэглэн ургасан аньсны навчнаас сэнгэнэсэн зөөлөн үнэр анхилна. Нохойн хошуу, нэрсний иш ч хаяагүй таарч, ангаж цангасан хоёр жимсчний хорхойг гозолзуулан нааш цааш даллах. Намайгаа бодвол нэлээд хэдэн удаа энэ ууланд гарсны хувьд, тэгээд ч жимс түүнэ гэдэг түүний амьдралын нэгээхэн хэсэг болчихсон айлын эзэгтэй тэднийг бодвол арай намхан ургасан эрхий хурууны чинээ нов ногоохон гурван салаа навчийг дорхноо олж, шинэхэн гүзээлзгэнэ амтлууллаа.

Гүзээлзгэнэ түүнэ гэдэг хангай газар багц багцаараа ургаж, алга дүүргэн унаж ирдэг нэрс түүхтэй адилгүй бололтой. Дэнсмаа гуай газрын доод талд нь гарч хэвтээд хуруун чинээхэн ногоон навчсыг аяархан яран бүрэн боловсроод хундан ягаан өнгөтэй болсон гүзээлзгэнүүдийг нэг нэгээр нь савандаа тосон гараараа шувтарч эхэллээ. Би гэдэг хүн түүнийг дуурайн хэвтэх гэтэл дороос нохойн хошууны өргөс, модны хатсан мөчир хатгаад болох биш. Тэгэхгүй гээд дээрээс нь бол хэчнээн ч тонгойгоод навчин дороо нуугдсан “гүзээ”-нүүдийг олох юм биш. Дэмий л нааш цааш өвс шажигнуулан холхиж, навчсыг яран явахад Дэнсмаа гуай жимс гишгэлчихлээ гэж байгаа бололтой дургүйцэн “Хэвт, хэвт. Хэвтээд хар” гэж зандарна.

Миний найз Нүүнээ гэж тэмээ шиг өндөр хүүхэн байдаг сан. Багад нь өгсөн хоч нэр л дээ, одоо хэр нь түүнийгээ тээсээр л яваа. Аав нь аймгийн арслан цолтой бөх хүн. Ер нь тэднийхэн эгч дүүсээрээ бүгдээрээ их өндөр, том чацтай. Тэдний хамар хашаанд нь гэр барьж суусан эмээгийндээ орой болгон орж, галыг нь тойрч зогсоод өдрийнхөө явдлыг ярин шуугилдахад эмээ нь ихэд ундууцан “Хэвт хэвт. Хэвтэж ярь, гэр өргөчих нь” хэмээн зандардаг байсан нь өөрийн эрхгүй санаанд орон жуумалзаж явлаа.

Харин Дэнсмаа гуай тэгэхээс тэгэх гэсэн мэт тухалж, хэвтрээ засаад, “Одоо баруун талаараа хажуулна аа” хэмээн нааш эргэж хэвтээд “гүзээ”-гээ түүх нь атаа хүргэм. Энэ ая тухтай байдалд нь атаархсан би гэдэг хүн түүнийг цаашлуулан “Үгүй ер өө, та чинь жимс түүх гэж биш, өвгөнөөсөө далдуур ямбалах гэж ирсэн хүн юм биш үү” хэмээн үгээр маажна. Авгайд ч таатай байгаа бололтой, тэрүүхэндээ аяархан инээгээд ажлаа үргэлжлүүлэх.

Найрагчид, үгийн урлагийн мастерууд зүрх сэтгэлийн явдлын тухай их л гоё үгээр урладаг даа. Бундан улаан, шунхан улаан зүрх гэж ирээд л. Би лав арван жилийн сургуулийн анатомийн хичээл дээр үзүүлэнд ашигладаг резинэн зүрхнээс ямар нэг гоо сайхны элементийг олж хараагүй. Мэс засалч, эсвэл цус сорогч болж төрсөн бол амьд зүрхийг тэр хэвээр нь харах л байсан байх. Харин миний бугуйн дээрх хялгасан судаснаас бүдүүнгүй, нарийхан ишнээс гурван салаа нов ногоохон навч шүхэрлэн ургаж, түүний дор нуугдсан хумсны толион чинээ таван салаа цоморлиг бүхий улаан ягаахан жимс чухам хайр дүүрэн зүрх шиг л үзэсгэлэнтэй харагдах. Миний л төсөөллөөр шүү дээ. Арааны шүлс асгаруулам амтных нь сайхныг ямар гээч. Амтлаг, исгэлэн, тэгсэн хэрнээ зөөлөн…

Бид хоёрыг өөр өөрийн авч гарсан жижиг савны талд ч оруулж амжаагүй байтал араас өөр хэдэн жимсчид ирэв. Өвөө, ээж, хүү гурав аж. Сэлэнгээс гарч Тарнийн амралтын дэргэд айлд ирсэн явуулын улс гэнэ. Амарч ирсэн хүний зангаар ажлынхан найзууддаа шинэ жимсний амт үзүүлчих санаатай нутгийнхнаар заалган жимсэнд гарчээ. Нөгөө хэд ч бас миний адил туршлагагүй, шинэ жимсчний хийдэг алдааг давтаж, жимсний бутыг гишгэлэн нааш цааш хэдэн удаа явж, тав арван ширхэг жимс олоод залхав бололтой, “Доош буугаад нутгийн айлуудаас худалдаад авчихсан нь дээр юм биш үү” гэнэ. Тэгэнгүүт надад нэг л харам санагдаад явчихав. Ийм эмзэгхэн, амтлаг, сайхан жимсийг литр литрээр нь савлаж аваад хэн нэгний ам руу ямар ч утга учиргүйгээр хийнэ гэдэг нэг л хайран. Няцарчих вий хэмээн болгоомжилж ширхэг ширхэгээр нь бөөцийлөн түүх минь ч ямар нэг утга учиртай мэт.

Би тэсэлгүй асуулаа.

-Дэнсмээ эгч ээ, намайг буцах болоход гүзээлгэнэ уначих болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Долоо хоног л ургадаг юм. Тэр үед нь л түүх хэрэгтэй. Гүйцэд болохоороо нэг л өдөр бүгд газарт уначихна.

-Тэгвэл одоо түүчихээд хадгалж болох уу?

-Өдөртөө исээд гашуурчихдаг юм аа. Чанамал хийж л хадгалсан нь дээр дээ.

Миний урам хугарав. Яасан ч богинохон настай юм дээ. Яг л эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, залуу нас шиг.

Яг одоо галт тэргэнд сууж хот ороод, үргэлж зүүдэнд минь уяатай явдаг тэр нэг залууг хэзээнийх шигээ хамт хоол идэхийг урихсан.

Тэгээд зөөгч бүсгүйг ирэхэд нь “Амттан захиалахгүй ээ, би өөрөө аваад ирсэн” гэж хэлээд ширээн доороосоо алчуур гарган задалж, аяга дүүрэн шинэхэн гүзээлзгэнийг яг л арван наймтай охин мэт догдлон барихсан.

Тэгээд гайхаж, бас бахадсан түүний нүд лүү эгцлэн ширтээд “Дэндүү томоогүй явсныг минь уучлаарай даа” хэмээн хэлж чаддагсан бол…

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж