Монголын худалдаачдын холбоо төрийн бус байгууллагаас өнөөдөр /2018.08.06/ Нийслэлийн удирдлагуудын буруу шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг Авлигатай тэмцэх газарт /АТГ/ өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ ачиж холдуулан оронд нь автобусны карт зарах нэрээр найман сая төгрөгийн үнэ бүхий шилэн ТҮЦ байршуулах гэж байгаа гэнэ. Энэ ажлыг хийх гэж улайрч байгаа үйлдэл, ярьж байгаа зүйлсийнх нь ард ямар нэгэн эрх ашиг нуугдаж байгаа гэж тэд үзэж буй ажээ.
Т.Гантөмөр энэ увайгүй үйлдлээ зогсоож худалдаачдаас уучлалт гуй
Монголын худалдаачдын төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пунцалдулам “Худалдаачдыг төр засгийн өндөрлөгүүд маш ихээр хавчиж, шахаж байна. Шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүх хамаагүй гээд ачих гээд байдаг. Шүүхээс илүү давуу эрх мэдэлтэй төрийн алба хаагчид гэж байдаг юм уу?. Шүүх засаглалыг үл хүндэтгэж байна гэдэг чинь газрын наймаанд улайран дайрч байна гэсэн үг. Т.Гантөмөр өөрийнхөө бизнесийг хөгжүүлэхийн тулд худалдаачдын амьдралыг улан доороо гишгэж байна. Гэнэт ухаалаг ТҮЦ гэж яриад байгаа юм. Тиймээс энэ хүнийг АТГ-д шалгуулна. Т.Гантөмөр энэ увайгүй үйлдлээ зогсоож худалдаачдаас уучлалт гуйхгүй бол төрийн эсрэг бид нар хатуу тэмцэнэ. Худалдаачид өнөөдөр төр засгийн өндөрлөгүүдийн хөл доор гишгэгддэг улсууд биш. Бид нар Монгол Улсын иргэн. Эх орондоо сайн сайхан амьдрах эрхтэй. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлмээр байна. Бид эндээс гараад Монгол Ардын намын байрны гадаа очиж тэмцэл хийнэ шаардлага хүргүүлнэ. Тэд гарч ирээд бидэнтэй улайн нүүрээрээ тулж уулзах хэрэгтэй. Хүлээх тусам тэд худлаа хэлдэг’ гэв.
Дотор нь 2-3 хүн байхад ТҮЦ-ийн шалыг ховхлоод ачсан
Энэ үеэр Ииргэн н.Нарантуяа ‘Гурван хоногийн өмнө үйл ажиллагаа эрхэлдэг ТҮЦ-ийг маань Баянзүрх захын газрын албаныхан ачсан. Дотор нь 2-3 хүн байхад ТҮЦ-ийн шалыг ховхлоод ачсан. Их хэрцгий байсан. Эргээд ТҮЦ -ээ авья гэсэн чинь ‘Баянзүрх дүүрэгт дахиж ТҮЦ тавихгүй ‘гэсэн гарын үсгээ өг, дараа нь хоёр удаагийн ачилтын 320.000 мянган төгрөг тушаа гэсэн. Надад тэр мөнгө нь өнөөдөртөө алга. Энгийн иргэд амьдрах арга алга’ хэмээлээ.
Иргэдийг ажилгүй, ядуу тарчиг амьдрал руу түлхэж байна
Монголын худалдаачдын холбооны гишүүн Д.Сосорбарам “Би Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн гадаа зогсож, наймаа эрхэлдэг. Ерөнхийдөө тэнд байгаа наймаачид өдөр болгон эрх нь зөрчигддөг. Бид долоон жил болоход нэг өдөр амгалан тайван ажиллаж үзээгүй. Төр засаг нийслэлийн дарамт маш их ирдэг. Бид долоон жил худалдаа эрхлэх зөвшөөрөл гуйгаад барсангүй. Цэцэрлэгт хүрээлэнд өрх толгойлсон ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрал нь дорой улсууд л байдаг. МАН -ын бодлого нь мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг байна гэж бид үзэж байгаа. Тиймээс энэ намд бид шаардлага хүргүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө эргэж хар, ард түмнийг сайхан амьдруулна ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого мөрийн хөтөлбөрт нь байгаа боловч иргэдийг ажилгүй, ядуу тарчиг амьдрал руу түлхэж байна” гэв.
Энгийн иргэд нь хөдөлмөрлөж, нийгэм эдийн засгийн баталгаагаа бий болгох гэхээр төрийн бодлогын түвшинд шахаж, хавчиж байгаа байдлыг ойлгохгүй байна. Тиймээс дарамт шахалтад шаналж, уйлж, төрийн харгис үйл ажиллагаанд гомдож байгаа худалдаачид нэгдэн эрх ашгаа хамгаална гэдгээ ийн мэдэгдсэн юм.
Э.Бурам