Б.Гангаамаа: К2 оргил Монголынх болсон

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа: К2 оргил Монголынх болсон

Б.Гангаамаа: К2 оргил Монголынх болсон

Дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд амжилттай авирч, эх орондоо ирсэн, гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр  /2018.08.06/ хэвлэлийн хурал хийж, авиралтынхаа талаар мэдээлэл өглөө. 

Тус хуралд Биеийн тамир спортын хорооны удирдлагууд оролцсон байна.  МУГТ Б. Гангаамаа нь өнгөрсөн долдугаар сарын 21-ний өдөр К2 ууланд 31 уулчны хамт авирсан байдаг. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон хүн болсныг онцолсон юм. Авирахад маш хүнд, хатуу ширүүн уур амьсгалтай уулын нэг юм. Энэ ч утгаараа К2 уул нь дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог гэлэ.

Хэвлэлийн хурлын дараа МУГТ, уулчин Б. Гангаамаа К2 уулын оргилд авч гарсан төрийн далбааг Биеийн тамир спортын хороонд гардуулж өгсөн юм.

МУГТ, уулчин Б. Гангамаа:

-Хоёр сар гаруйн дараа эргэн амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Явахынхаа өмнө амласан ёсоороо эргэн ирж дахин та бүхэнтэй уулзана гэж байсан. К2 ууланд авирах тохиолдол жилд ганц удаа болдог. Дэлхийн хэмжээний маш хүнд оргил юм. Эверест оргилд авирахын тулд хавар авиралт хийдэг бол К2 ууланд зун авиралт хийдэг юм. Энэ жилийн хувьд урд урдын жилүүдээс сайхан байсан, учир нь оргилд маш олон хүн авирч гарсан. Цаг агаарын хувьд харьцангуй тогтвортой байсан. 1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарсан байдаг юм байна. Үүнээс 2012 он, 2018 онуудад хамгийн олон хүн нэг зэрэг энэ уулын оргил дээр гарсан. Энэ удаагийн авиралтад дөрвөн том эскпедиз оролцсон. Манай багийн хувьд найман орны 10 уулчин байсан. 2018 оны долдугаар сарын 21-нд 07.00- 08.00 цагийн хооронд цувж К2 уулын оргил дээр гарсан. Манай багт Япон, Хятадын тус бүр  хоёр уулчин, Швейцарь, Бельги, Мексик, Непал, Ирландаас тус бүр уулчин оролцсон бүрэлдэхүүнтэй байсан. Эдгээр гарсан улсуудын тав нь энэ оргилд улсаа төлөөлж анхдагч хүмүүс болсноо мэдсэн. Авиралт болон өндөр авалтын үед биеийн байдал маш сайн байсан. Жаахан ханиалгах асуудал гарч байв. Бусдаар бол биеийн байдал урьдынхаас сайн байлаа. Оргил дээр гарах бүрэн эрмэлзэлтэй, хичээж байлаа. Оргилд гарахаасаа өмнө Монгол руугаа ярьж монголчууд минь К2 уулыг аргадаж, тахиж өгөөрэй гэж хэлж байсан. Авиралт амжилттай болсон. Миний хувьд Пакистан улсын цагаар 08.30 цагт, Монголын цагаар 10.30 цагт К2 уулын оргил дээр гарсан. Авиралт дуусаад буух хооронд битүү цас, цаснаас өмнө бууж дөрөвдүгээр бааз хүрсэн. Аюулгүй байдлаа бодоод  дөрөвдүгээр бааздаа хоносон. Надтай хамт авирсан хүмүүс доошоо үндсэн бааз хүртэл буусан байсан. Авиралт минь олон жилийн хүсэл мөрөөдөл, монголчуудын хүсэл байсан. 2005 онд Эверестэд анхны Монгол хүн гарсан байдаг. Түүнээс хойш дараагийн оргил К2 дээр гарах мөрөөдөл байсан. Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо. Маш их баяртай байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж