Хориотой бүсийг нээлттэй болгоно

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Хориотой бүсийг нээлттэй болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг өнгөрсөн амралтын өдөр Сэлэнгэ аймагт ажиллах үеэр иргэд Алтанбулагийн чөлөөт бүс хориотой бүс болоод удаж байгааг дуулгалаа. Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг эдийн засгийн чөлөөт бүс болгохоор зарласнаас хойш найман жил болж байгаа аж. Харамсалтай нь, дээрх хугацаанд Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулахаар томилогдон очсон эрхмүүд хийж гийгүүлсэн ажилгүй, төсвийн мөнгийг үрж суудаг болжээ. Сэлэнгэ аймгийн иргэдийн Ерөнхий сайдад ховлосноор тухайн бүс нутгаа хашчихаад хүний хөл гишгүүлэхээ байж… Ядарч туйлдсан малчид өвөл, хаврын хахирт малаа ойр орчимд нь бэлчээрлүүлье гэхнээ чөлөөт бүсийн хашаа руу нэвтрэх эрх байхгүй шүү гээд оруулдаггүй аж. Тэгсэн атлаа өөрсдийн малаа бэлчээрлүүлж, довын үзэл гаргадаг байна. Тиймээс сэлэнгэчүүд Ерөнхий сайдад хандан чөлөөт бүсийг нээлттэй болгохыг хүссэн юм. Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улсын Засгийн газраас 2002 онд Алтанбулаг сумыг эдийн засгийн чөлөөт бүс болгохоор зарласан. Өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгдээгүй нь үнэн. Энэ ажлыг гардан хийх ёстой хүмүүс сэтгэл гаргаагүй байхыг ч үгүйсгэхгүй. Ойрын хугацаанд чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэхийн төлөө зоригтой, дорвитой арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн юм. Тиймээс удахгүй Засгийн газар Монгол Улсын хойд хилд орших Алтанбулаг сумын чөлөөт бүс, өмнөд хилд орших Зам-Үүд сумын чөлөөт бүсийг тус бүр өөд нь татах ажлыг эхлүүлэх бололтой.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж