"МҮЭХ-г татан буулгах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

"МҮЭХ-г татан буулгах хэрэгтэй"

"МҮЭХ-г татан буулгах хэрэгтэй"

 

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр /2018.08.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Багшийн цалин нэмүүлэх түр хороо ТББ-ийн тэргүүн Ц.Мөнхтуяа “Бид бүхэн цалин нэмүүлэх тэмцлийн явцад Монголын багш нарын нэгдэл ТББ болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулсан” хэмээн ярилаа.

Энэ үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо дарга н.Мөнхбаатар “Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн үүссэний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд бид Багшийн цалин нэмүүлэх түр хороо ТББ, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог байгууллаа. Манай үйлдвэрчний эвлэлийн холбоо одоогоор 1500 гишүүн, нэгдэхээ илэрхийлсэн 40 мянган гишүүнтэй болсон. МҮЭХ сүүлийн 28 жилийн турш хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа учраас шинээр ҮХ байгуулсан юм. Үүнийг Монголд бий болсон гурав дах чөлөөт үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэж ойлгож болно” гэж ярилаа.

Монголын багш нарын нэгдэл ТББ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Лувсандорж “Монголын ард түмний хамгийн үнэтэй өмч бол төр. Энэ бол МАН, АН гэсэн намын өмч биш юм. Багш нар оролцооныхоо хүчээр дараах зүйлийг хийнэ. Нэгдүгээрт, Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг их хуралд суулгахаар ажиллана. Үүний тулд багш нар болон сэхээтнийг УИХ-д суулгах хориглосон шахуу заалтуудыг өөрчилнө. Ингэхдээ хуулийн заалтыг өөрчилж багшийн цалинг нэмэгдүүлнэ” гэлээ.

“Улсаа аваръя” үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар “Энэ дэлхий дээр багшгүй хүн гэж байхгүй. Монгол Улсын багш нар төдийгүй, хөдөлмөр эрхэлж байгаа ихэнх хүмүүс боолын хөдөлмөр эрхэлдэг. Багш нарын дундаж цалин 350-450 мянгын хооронд байна. Тэд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. МҮЭХ нэртэй 100 жилийн түүхтэй байгууллага аль эрт ялзарч, үе үеийн Засгийн газраас авлига авч хөдөлмөрчдийн цалин нэмэгдүүлэх боломжийг хаасаар ирсэн. МҮЭХ-ийг татан буулгах хэрэгтэй” гэсэн мэдээллийг өгөв. Мөн багш нарын тэмцлийн хүрээнд бүх төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгосон гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж