Төсвийн мөнгөөр барьсан Тусгаар тогтнолынхоо ордонг нураах шахам зодолдож буй МАН-ын хамгийн эмзэг цэг нь Хэнтийн 42 дугаар тойрог болчихоод байна. Хэвлэлийн хуудсаар дүүрэн МАН-ын хэрүүл, сошиалаар дүүрэн шальдир бульдир зодооныг нь харахад Хэнтийн 42 дугаар тойрог бол МАН-ын хувьд, тэр тусмаа бараг албажихад тун ойртсон 32-ын бүлгүүдийн, бүр цаашлаад У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын хэн хэнийх нь хувьд үхэл сэхлийн асуудал болсон нь амралт зугаалга гээд анир гүмхэн болчихдог зуны халуунд хэм нэмсэн нь улс төрийн үйл явдал, өрнөлөөс нь харагдаж буй.
Чухамдаа энэ тойрогт аль нам, хэн ялах нь ирэх 2020 оны сонгуулийн рейтингийг тогтоож өгөх учраас улс төрийн намуудын хувьд онцгой чухал болжээ. Ялангуяа засгийн болоод МАН-ын эрхийг барьж байгаа У.Хүрэлсүхийн хувьд.
Зуун жилийн түүхтэй МАН-аар дэнчин тавьж, хүссэн эрх мэдэл, хүссэн суудлаа авсан У.Хүрэлсүх ирэх аравдугаар сард болох Хэнтийн нөхөн сонгуульд намаа ялуулж чадахгүй бол тэр нэг нэр хоёр хочтой үлдэнэ. Учир нь, 2012 оны сонгуулийн МАН-ын ялагдал хүссэн ч, эс хүссэн ч У.Хүрэлсүхтэй холбогддог. Эсрэгээрээ 2016 оны МАН-ын ялалт мөн л хүссэн ч эс хүссэн ч М.Энхболдод харьяалагдана. Ийм учраас У.Хүрэлсүхийн ялагдах эрхгүй сонгууль бол Хэнтийн 42 дугаар тойрог. Хуурай дүүгээ ёс бус асуудлаар үдэж явуулсан тэрбээр өөрөө өрсөлдөхгүй юмаа гэхнээ өвдөг шороодчихгүй нэгнийг олж өрсөлдүүлэх ёстой.
Бүлгийнхээ хуралдааны үеэр “Би нөхөн сонгуульд өрсөлдөхгүй” гэсэн У.Хүрэлсүхийн үгийг өлгөж авсан хүмүүс нь үнэндээ сөрөг хүчнээс илүү эсрэг хүчин нь байв. М.Энхболд өнөөдөр чухам энэ үгэн дээр нь л улс төрийн тоглолт хийж буй. Хэрэвзээ У.Хүрэлсүх нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэвэл өвөөгийн нутаг гэж өөриймсдөг Хэнтийнхнээсээ айсан хийгээд өөрийнх нь аман хүзүүдэж яваа улс төрийн рейтинг нь хөөс төдий гэдгээ нотолж байна гэсэн үг.
Дан дээлтэй Ерөнхий сайдын хувьд У.Хүрэлсүхийн УИХ-д орж ирэх боломж бол энэ. Гэвч, Хэнтийд МАН-ын нэр хүндийг шороотой нь хутгасан хуурай дүүгийнхээ оронд өрсөлдөөд өвдөг шороодвол бүр ч хэцүү. Угтаа бол нөхөн сонгуульд өрсөлдөх, өрсөлдөхгүй нь У.Хүрэлсүхийн улс төрийн карьерт аль ч утгаараа сөрөг үр дагавар дагуулж байна.
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэгчээр тэр нэр дэвшигчээ зарлах хуульд заасан эцийн хугацаа болох есдүгээр сарын 4-ныг хүртэл амаа хамхиж, бүр арга ядлаа гэхэд Хэнтийн 42 дугаар сонгогчдоос уучлалт гуйгаад МАН өрсөлдөхгүй гэдгээ хэлчихсэн бол У.Хүрэлсүхийн улс төрийн рейтингт нь эергээр нөлөөлж мэдэхээр байлаа.
Ардчилсан намын хувьд парламентын нэг суудал амин чухал асуудал биш. Гэхдээ нөхөн сонгуульд оролцож, АН чансаагаа сорьж, хэрэвзээ ялалт байгуулбал намын дарга болсноосоо хойш сонгуульд АН-ыг удирдан орж буй С.Эрдэнийн рейтингт нэмэртэй. Ардчилсан намын хувьд хоёр нэр дэвшигчийг “сойх” бодолтой байгаа бөгөөд С.Эрдэнийн хувьд Р.Амаржаргалд санал тавьсан ч хүлээж аваагүй гэх. С.Эрдэнэ даргын зүгээс Р.Амаржаргалд ‘хайр зарлан’ намын дэд даргын суудал хүртэл амласан сурагтай. Харин Ерөнхийлөгчийн зүгээс асашёрюү Д.Дагвадоржийг зүтгүүлж буй гэсэн шар мэдээ улс төрийн хүрээнээс сонсогдож буй юм.
Унжаад байхаар унаад өгөхийг нь хүлээн бүтэн жил Хэнтийг усалсан МАХН-ын хувьд, ялангуяа Н.Энхбаярын хувьд энэ сонгууль алдаж болохгүй алтан боломж нь гэж хэлж болно. Парламентад МАХН-ыг төлөөлж буй О.Баасанхүү нь нэгэнтээ өөрөөс нь урваад, өмд оймсоо хүртэл сольчихсон нь Н.Энхбаярын хувьд УИХ бараг төлөөлөлгүй болчихсон гэсэн үг. Тиймээс гүйж харайгаад ч болтугай парлдаментад орж ирэхийн тулд өөрөө өөртөө найдах л ганц зам үлджээ. Хэрэвзээ тэр ялах юм бол МАХН-ын сайных биш Монголын улс төрд гуравдагчийн орон зай ямар их үгүйлэгдэж байгааг л харуулсан явдал болно.
Ямар ч байсан нөхөн сонгуулийн өнгөөс ирэх 2020 оны сонгуулийн өнгө тодрох байх. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгууль нохой зодоон болж магадгүй нь зунжин амраагүй улстөрчдийн үг үйлдлээс тодхон харагдаж байна. Тэр тусмаа нөхөн сонгуулийн дараа засаг хөдөлж, МАН албан ёсоор хоёр хуваагдаж болзошгүй дүр зураг улс төрд хэдийнэ бий болчхоод байгаа билээ.