“Даншиг наадам Хүрээ цам-2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд балин болон тосон урлалын тэмцээн боллоо. Тэмцээнд Нийслэл болон хөдөө орон нутгийн сүм хийдийн 9 лам оролцсоноос Улаанбаатар хотын Жүд дацны балинч лам Д.Баасанжаргал, Дэчингалалба дацны балинч лам Д.Цэндбаяр, Нархажид хийдийн балинч лам Х.Амбасэлмаа нар эхний гурван байрт шалгарсан юм.
Тэд Лхам, Чойжоо, Очирвань, Жамсран тэргүүтэй Арван хангалын балин урлаж өрсөлдсөн бөгөөд шилдэг балинг цэвэр нямбай хийц, орц найрлага, харагдах байдлыг үндэслэн шалгаруулжээ.
Балин болон тосон урлалын тэмцээний шүүгч, Гандантэгчэнлин хийдийн лам Т.Цэрэнпүрэв “Балин урлана гэдэг хамгийн амттай шимтэй бүхнээ бурханд өргөж буй хэрэг юм. Бурхан бүр өөр өөрийн утга агуулга, нарийн хийц бүхий балинтай байдаг. Жишээлбэл Лхам, Чойжоо бурхадын балин гаднаасаа төстэй харагддаг ч жижигхэн чимхлүүр ажил, дагалдах зүйлсээр ялгардаг” хэмээв.
Арвайн гурил, шар тос, бурам, элсэн чихэр, сүү, тараг, зөөхий, зөгийн бал, эмийн ургамал зэрэг балингийн орц тухайн хурал болон балин өргөж буй бурханаас хамаарч өөр өөр байдаг. Балин хийхдээ ерөнхий хэлбэр дүрсээ гарган авсны дараа тослогоо хийж бэлэг дэмбэрэлийн чимэглэлүүдийг суулгадаг аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.