Бадминтоны 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Нанжин хотноо болж өнгөрсөн ням гаригт өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд энэ цаг үеийн бүхий л шилдэг тамирчид өрсөлдсөн ч “цол” багатай залуус хүч түрэн гарч ирсэн сонирхолтой тэмцээн боллоо.
Аваргын алтан медалийн төлөө хоёр олимп, дэлхийн аваргыг буулгаж авсан Хятадын залуу тамирчин Ши Үчи болон Японы К.Момота нар шалгарсан. Шувтаргын тоглолт 2 үе явагдаж Японы 23 настай Кенто Момота өрсөлдөгчөө 21-11, 21-13 харьцаатай хожиж 2015 оны дэлхийн аваргын хүрэл медалийнхаа өнгийг өөрчилж дэлхийн аварга боллоо. К.Момота эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлснээр бадминтоны эрэгтэй ганцаарчилсан төрөлд анх удаагаа Япон улсаас аварга төрж байна.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны 7-д эрэмбэтэй олимп, дэлхийн аварга Испаний К.Марин Энэтхэгийн П.Синдхиг 21-19, 21-10 харьцаатай хожиж дэлхийн аваргын гуравдахь алтан медалиа зүүсэн бол П.Сиднхи хүчтэй өрсөлдөгчөө дийлж чаддаггүй хар цувралаа үргэлжлүүлж дэлхийн аваргын 2 дахь мөнгөн медалиа хүртжээ.
Тэмцээний холимог хосын төрөлд Хятадын тамирчид финалдаж Жен Шивей, Хуан Ячион нар аварга болсон бол эмэгтэй хосын төрөлд Японы тамирчид финалдаж М.Мацумото, В.Нагахара нар аваргын алтан медаль, эрэгтэй хосын төрөлд Хятадын Ли Жунхуй, Лиу Үчэн нар аварга болсон байна.
Б.Бямбабаяр