“Нийлэг уут импортлох, үйлдвэрлэхийг хориглоно”

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

“Нийлэг уут импортлох, үйлдвэрлэхийг хориглоно”

“Нийлэг уут импортлох, үйлдвэрлэхийг хориглоно”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булгантай ярилцлаа.


-2019 оны гуравдугаар сарын 1-ээс нийлэг уутыг импортлох, үйлдвэрлэхийг хориглох Засгийн газрын тогтоол гарлаа. Ямар хэмжээтэй нийлэг уутыг хориглох болж байна вэ?

-Энэ удаагийн тогтоолоор 35 микроноос нимгэн нэг удаагийн нийлэг уутыг хориглоё. Түүнээс зузаан уутыг дахин хэрэглэх боломжтой гэж үзсэн.

Гаалийн байгууллагаас авсан мэдээгээр Монгол Улсад жилдээ 400 тонн буюу 500 мянга гаруй ширхэг нийлэг уут болон нийлэг уутны бэлдэц импортоор орж ирдэг.

Дотоодод сав баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж бий,  дотоодын хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг хангадаг байгаа.

-Нийлэг уутыг хориглох болсон гол шалтгаан нь юу вэ?

-Хэд, хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, нийлэг уут нь байгальд хаягдахаар ногоо ургаж, амьтан амьдрах боломжгүй болгодог. Хөнгөн жинтэй учраас нуур цөөрөм, далай тэнгисийн ус руу хийсэж орж, усны амьтдад таагүй нөлөө үзүүлдэг. Дэлхий дахинд жилд 100 мянга гаруй далайн амьтан нийлэг материалаар хийсэн хог хаягдлаас болж үрэгддэг гэсэн судалгаа бий.

Эдийн засгийн хор хөнөөлийг тооцсон судалгаа гаргасан байдаг. Европт усны сан бүхий газрын эрэг орчмыг цэвэрлэхэд жилдээ 630 сая еврогийн зардал гаргаж байна. Далай тэнгисийн эко системд учруулж байгаа эдийн засгийн хор хохирол нь 13 их наяд ам.доллартай тэнцэхүйц байна гэсэн тооцоог НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас гаргасан байдаг.

Хоёрт, нийлэг уут нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй. Хүнсний зориулалттай нийлэг материалыг хүнсэндээ хэрэглэж болно. Гэтэл манай нөхцөлд хүнсний бус зориулалттай хэт нимгэн уутыг худалдааны салбарт тэр дундаа захуудад маш ихээр ашигладаг. Хорт хавдар үүсгэх, генд нөлөөлөх бодис агуулсан нийлэг уутыг сав баглаа боодолд ашиглахаар хоол хүнсэнд шилжих аюул занал учруулдаг.

Ахуйн хэрэглээнд нийлэг уутыг цуглуулж байгаад ил задгайгаар, мөн хогийн пункерт шатаадаг. Тэр бүү хэл гэрийнхээ зууханд хамж аваад шатаадаг, нам даралтын зууханд шатаадаг. Нийлэг уутыг нам температурт шатаах юм бол удаан задардаг органик бохирдуулагчийг ялгаруулдаг. Стокольмын конвенциор энэхүү устгах арга нь маш аюултай, хортой,  удаан задардаг органик бохирдуулагч бодисууд ялгардаг гэж үздэг учраас дэлхий дахинд °C 850-аас дээш хэмд зориулалтын хог хаягдал шатаах байгууламжид шатааж, байгальд хор хөнөөл учруулахгүйгээр устгадаг.

Хөгжингүй оронд түүнийг дахин боловсруулах хувь хэмжээ маш бага. Дунджаар тав орчим хувийг дахин боловсруулдаг. Боловсруулахад өндөр өртөгтэй. Тийм учраас эхлээд хэрэглээгээ хумих, аль болох нэг удаагийн нийлэг материалаар хийсэн сав баглаа боодлоос татгалзах нь чухал болж байгаа. Дэлхий дахинд өнөөдөр 100 гаруй орон нийлэг материалаар хийсэн уут, сав, баглаа боодлыг хэрэглэхийг хориглоод байна.

-Манайд ямар байна вэ?

-Манайд хог хаягдлын дийлэнх хувийг хуванцар, нийлэг материалаар хийсэн сав баглаа боодол эзэлдэг. 2017 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд гарсан хог хаягдал бол 2.4 сая тонн. Түүний нэг сая гаруй нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал гэж үздэг. Түүнээс 10 хувь буюу бараг 10 мянгаад тонн нь хуванцар, нийлэг материалаар хийгсэн хог хаягдал. Энэ бол цуглуулж зайлуулагдсан нь. Гэтэл цаана нь хэчнээн тонн хуванцар нийлэг материалаар хийсэн хог хаягдал байгальд хор учруулсаар байна вэ гэдэг маш бүрхэг байгаа.  Тийм учраас хэмжээ зааж, хориглохоор болсон юм.

-Сав баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж байгаа тухай та ярилаа. Хориг дагаж үйл ажиллагаа нь өөрчлөгдөх үү?

-Тогтоол 2019 оны гуравдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Хэрэгжих хүртэлх хугацаанд үйлдвэрлэгч, импортлогч, хэрэглэгч бэлтгэлээ хангах хугацаа гаргаж өгч байгаа гэсэн үг.

Ер нь бол эх дэлхийгээ хамгаалах энэ үйлсэд иргэд идэвхитэй хамтарч ажиллаж, оролцож байж, үр дүнд хүрнэ. Залуучууд “хог хаягдалгүй амьдаръя” гээд давуун тор хэрэглэж байна. Гурил, будаа, элсэн чихэр авахдаа өөрсдөө саваа авч очдог амьдралын хэв маягтай улс орнууд байна. Яагаад бид ийм байж болохгүй гэж.

Бизнесээ тогтвортой байлгах зорилгоор компаниуд байгаль орчноо хамгаалах хариуцлагынхаа хүрээнд дээрх уриалгад нэгдэж, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх ёстой.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ ажлын хэсэгт холбогдох төрийн байгууллагуудаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, судлаачид төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоод, хамтран ажиллаад явж байна.

Нийлэг уут, хуванцар сав, хаягдал дугуй, бүх төрлийн батерей, химийн хорт болон аюултай бодист эко төлбөр тогтоох чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна.

Дэлхий дахинд үйлдвэрлэгчийн хариуцлага гэдэг юмыг маш их ярьдаг болсон. Энэ чиглэлээр нэлээн олон орон эрх зүйн зохицуулалт бий болгосон. Үйлдвэрлэгч, импортлогч, өөрийнхөө үйлдвэрлэж байгаа импортолж байгаа бараа бүтээгдэхүүнээс бий болж байгаа хог хаягдалд төлбөр төлдөг, хөрөнгө гаргаж зохицуулдаг механизм түгээмэл болсон. Авто машин үйлдвэрлэгчид ийм зохицуулалт өргөн нэвтрүүлж байна.  Ажлын хэсэг үүнийг бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Японоос манайхан шинэ болон ашигласан автомашин орулж ирдэг үйлдвэрлэгчийн хариуцлагын төлбөрийг зайлшгүй авч үлддэг.

Олон улсын хэмжээнд ч хоёр талт хүрээнд ч гэсэн гэрээ хэлэцээгээ нягталж үзэж, тэнд хурааж авч байгаа татвар хураамжийг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч байгаа улсын хувьд тэр менежментэд зарцуулах ёстой тэр хөрөнгө мөнгийг олж ирж, эндээ алийг нь дахин ашиглаж, боловсруулах, хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар устгах тэр менежментэд зарцуулах үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгох боломжтой гэж үзэж байна.

-Нийлэг уутыг хориглоод байхад импортоор оруулж ирэхийг завдах ч гэдэг юм уу, энд үйлдвэрлээд хэрэглээ рүү шахаад байвал хариуцлага тооцох механизм бий юу?

-Зөрчлийн тухай хуулиар асуудал зохицуулагдсан. Хог хаягдлын тухай хуульд бүх төрлийн нийлэг материалаар хийгдсэн хаягдлыг  ил задгай болон гэрийн зуух, нам даралтын зууханд шатааж болохгүй. Хориглосон хязгаарласан байхад зөрчих юм бол тэр бүрт хариуцлага ногдуулах арга хэмжээ авагдана.

-Зарим аюултай хог хаягдал хэдэн зуун жилээр устахгүй байгальд хор учруулдаг гэж үздэг. Нийлэг уутны насжилт ямар байдаг вэ?

-Нийлэг уут өөрөө олон төрлийн материалаар хийгддэг. Ихэнхийг нь нефть химийн үйлдвэрлэлийн явцад гаргаж авдаг. Сүүлийн үед био задралд ордог нийлэг уут гээд яригдаад явж байна. Тэр бүгдийн боловсруулалт өөр, өөр, задрал мөн өөр. 100-гаас дээш жилийн хугацаанд задарна гэж үздэг. 100 гаруй жил байгальд хор хөнөөлөө учруулсаар байх болно. Ландфиль хийгээд агааргүй орчинд дарж булсан тохиолдолд бүр удаан хугацаанд задрал явагддаг.

-Хог боловсруулах үйлдвэртэй болно гэж яриад байгаа. Хэзээнээс үйлдвэр ашиглалтад орох бол?

-Хог хагядлыг зориулалтын байгууламжид устгах асуудал чухал байгаа. Засгийн газраас хог хаягдлаас эрчим хүч гаргах төслийг концессын жагсаалтад оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэг үйлдвэр байх ёстой гэж үзсэн. Дахин боловсруулах боломжтойг нь боловсруулаад, боломжгүйг нь эрчим хүч бий болгох чиглэлээр зориулалтын байгууламжид шатаах аргаар устгаж зайлуулах боломжтой гэж холбогдох тооцоо судалгааг хийгээд ажиллаж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж