Шин Хаймин: Хятад улс чөлөөт худалдааны үзэл баримтлалыг дэмжиж ирсэн

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Шин Хаймин: Хятад улс чөлөөт худалдааны үзэл баримтлалыг дэмжиж ирсэн

Шин Хаймин: Хятад улс чөлөөт худалдааны үзэл баримтлалыг дэмжиж ирсэн

“Хятад Улс ба Дэлхийн Худалдааны Байгууллага” сэдэвт цагаан ном хэвлэгдэн гарсан /-д зориулав/

Монголын найз нөхөд өө, Сайн байцгаана уу.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа тогтвортой хөгжиж байна. Ялангуяа 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлан, хоёр тал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. 2018 он бол Хятад, Монголын харилцааны хурдацтай хөгжлийн жил болно. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д амжилттай айлчилж, Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон, хоёр улсын удирдлагууд Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэх шинэ чухал тохиролцоонуудад хүрч, хоёр улсын харилцаа түүхэн шинэ эхлэлийн өмнө ирээд байна. Энэхүү завшаанаар хоёр талын бүхий л салбарын бодит хамтын ажиллагаануудад цоо шинэ боломжууд гарч ирэн, өргөн ирээдүйтэй байна.

Хятад Улс 10 гаруй жилийн туршид Монголын хамгийн том худалдааны түнш байж, Хятад, Монголын худалдаа Монголын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчний нэг болсон байна. Худалдааны нийт дүнгээс харахад, өнгөрсөн 5 жилд (2013-2017онд) Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 48.88 тэрбум ам.доллар байсны 59,3% хувь буюу 29 тэрбум ам.долларын худалдааг Хятад улстай хийсэн худалдаа эзэлж байна. Мөн хугацаанд Монгол Улсын ДНБ 59.23 тэрбум ам.долларт хүрч, Хятад, Монголын худалдааын Монголын эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр нь 50%-д хүрээд байна. Худалдааны бүтцээс харахад, хэдийгээр Монгол Улсын гадаад худалдаа урт  хугацааны турш алдагдалтай байсан ч, Хятад улстай хийсэн худалдаа ямагт ашигтай байсаар ирсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд, Монгол Улсаас Хятад улс руу гаргасан экспортын нийт дүн 27.11 тэрбум ам.доллар бол Хятад улсаас ердөө 7.29 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлон, худалдааны тэнцэлд Монгол Улс 14.42 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Зөвхөн 2017 онд гэхэд Монгол Улсын Хятад улстай хийсэн худалдаа 3.87 тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд Хятад улстай хийсэн худалдаанаас Монгол Улсын иргэн бүрт дунджаар 1200 ам.долларын цэвэр ашиг ногдож, Хятад, Монголын худалдаа Монгол Улсын хүн амын дундаж орлогын түвшинг илт өсгөж өгсөн.

Хятад, Монголын худалдаа амжилттай хөгжиж байгаа нь хоёр улс сайн хөрш, сайн найз, сайн түншийн зарчмын дагуу үр дүнтэй хамтран ажиллаж байгаагийн илрэл бөгөөд, мөн ч хоёр улс Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын хүрээнд хамтдаа хүчин зүтгэл гаргасны үр дүн юм. Хятад Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орсноос хойш үүргээ хэрхэн идэвхтэй биелүүлж ирснийг бодитой харуулахын тулд саяхан Хятад улс анх удаа “Хятад улс ба Дэлхийн Худалдааны Байгууллага” цагаан номыг хэвлэн гаргасан. Уг номонд Хятад улс олон талт худалдааны системийг тууштай дэмжиж, илүү өндөр түвшинд нээлттэй байдлыг ахиулж, дэлхийн эдийн засагт илүү их хувь нэмэр оруулах эрмэлзэл ба үйл ажиллагааны зарчмыг харуулсан. Миний бие энэхүү номын агуулгын талаар та бүхэнд товчхон танилцуулъя:

Нэг. Хятад улс олон улсын худалдааны дүрэм журмыг бүрэн дагаж мөрдөж, Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ амласан амлалтаа бодитоор хэрэгжүүлсэн.

Хятад Улс ДХБ-д элссэнийхээ дараа социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог тасралтгүй сайжруулж, импортын тарифыг эрс бууруулан, тарифын бус саад тотгорыг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгаж, гадаад худалдаа эрхлэх эрхийг бүрэн нээлттэй болгон, үйлчилгээний салбарын зах зээлийг нээж, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байсан арга хэмжээнүүдээ тасралтгүй багасгаж, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний зах зээлийг нээлттэй болгох амлалтаа бодитоор биелүүлсэн. Мөн Хятад улс оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулан, гадаадад нээлттэй бодлогын ил тод, урьдчилан таамаглах боломж, тогтвортой байдлыг тасралтгүй сайжруулж, ДХБ-ын гишүүн орнуудын дунд амлалтаа биелүүлдэг хариуцлагатай том гүрний үлгэр дууриаллыг үзүүлж байна.

Бараа худалдааны салбарт, Хятад улс импортын гаалийн тарифыг ихээр бууруулсан. 2010 онд Хятад улсын татвараа бууруулах амлалтаа хэдийнэ бүрэн биелүүлж үүний дүнд татварын тарифын ерөнхий төвшин нь 2001 оны 15.3% -иас 9.8% болж буурсан. Үүний дараа Хятад улс өөрийн санаачилгаар импортын гаалийн тарифыг түр хэлбэрээр олон удаа бууруулсан. 2015 оны байдлаар Хятадын худалдааны жигнэсэн дундаж тариф 4.4% хувь хүртэл буурсан. Харин АНУ 2.4%, Европын Холбоо 3% хувийн түвшинд байгаа нь Хятад, Америк, Европын холбооны энэ талын тарифын түвшин их ойролцоо байна.

Үйлчилгээний салбарын худалдааны хувьд, ДХБ-аас тогтоосон 12 ангиллын нийт 160 салбараас Хятад Улс 2007 онд нээлттэй байх амлалтаа бүрэн биелүүлж үйлчилгээний 100 салбарт нээлттэй болсон.

Ил тод байдлын тал дээр, Хятад улс хууль тогтоомж, төрийн захиргааны дүрэм журмын төсөл нь зайлшгүй холбогдох журмын дагуу олон нийтийн саналыг авахыг шаарддаг. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны Хууль тогтоох комиссын байнгын хороо “БНХАУ-ын хууль”(англи хэл дээр)-ийг тогтмол хэвлэн гаргадаг. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуулийн байгууллага “БНХАУ-ын гадаадын хууль, журмын эмхтгэл” (хятад, англи хэл дээр)-ийг тогтмол хугацаанд хэвлэн гаргадаг бөгөөд БНХАУ-ын Худалдааны яам “Хятад Улсын гадаад худалдаа, эдийн засгийн тухай мэдэгдэл”-д худалдааны бодлогоо тогтмол нийтэлдэг. Хятад улс дүрэмд заасны дагуу Хятад улсын дотоодын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, тодорхой арга хэмжээнд орсон өөрчлөлт, зохицуулалт болон хэрэгжилтийн тухай байдлаа ДХБ-д тогтмол мэдэгддэг.

Хоёр. Хятад улс чөлөөт худалдааны үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, олон талт худалдааны системийг тууштай дэмжиж ирсэн.

ДХБ-д элсэн орсноос хойш Хятад улс олон талт худалдааны системийг дэмжиж, худалдааны хөрөнгө оруулалтын либералчлал, хялбаршуулалтыг идэвхтэй дэмжиж, маргаан шийдвэрлэх механизм ба эрх зүйн статусыг үр дүнтэй хадгалах, худалдааны бодлогын хяналтад идэвхтэй оролцож, хөгжиж буй орнуудыг олон талт худалдааны системд оролцохыг бүх талаасаа дэмжиж, нэг талыг баримталсан болон хамгаалах бодлогыг тууштай эсэргүүцэн, олон талт худалдааны тогтолцооны эрх мэдэл, үр дүнтэй ажиллагааг бодитоор хэрэгжүүлж байна.

Гурав. Хятад улс том гүрний хариуцлагатай байдлыг үлгэрлэн, дэлхийн эдийн засгийн хөгжил болон ард иргэдийн сайн сайхан амьдралд дэмжлэг үзүүлэхийн төлөө ажилладаг.

ДХБ-д элсэн орсноос хойш, Хятад улс маш богино хугацаанд дэлхийн эдийн засагт нэгдэн орж, Хятад улсын өөрчлөлт шинэчлэлт болоод эдийн засгийн хөгжил хурдацтай хөгжлийн үе рүү шилжин орж дэлхийн эдийн засгийн сэргэлт ба өсөлтөд чухал хувь нэмэр оруулсан, Хятадын гадаад худалдаа нь дэлхий нийтэд ашиг тусаа өгч, хоёр талт хөрөнгө оруулалт нь дэлхийн бүхий л улс орнуудад үр өгөөжөө өгч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол тэнцвэржүүлэгч бөгөөд хөдөлгөгч хүч нь болсон. Дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлагад нийцүүлэн Хятад улс “Нэг бүс Нэг зам” санаачилгыг дэвшүүлэн, “Хятадын Олон улсын импортын экспо” арга хэмжээг зохион байгуулж, олон улсын нийгэмд нэг илүү олон нийтийн бүтээгдэхүүнээр хангаж, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамгаалан, улам бүр хөгжүүлэхийг зорьж байна.

Дөрөв. Хятад улс гадаадад нээлттэй бодлогыг тууштай баримталж, илүү өргөн хүрээнд харилцан ашигтай хамтдаа хожих зорилтыг хэрэгжүүлж байна.

Хятад улсын гадаадад нээлттэй бодлого нь дан ганц ДХБ-д элсэхэд өгсөн амлалтаа хэрэгжүүлж байгаагаар хязгаарлагдахгүй. Хятад улс цаг үеийн хөгжил, шинэ чиг хандлага болон дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу, худалдааны тэнцвэртэй хөгжлийг дэмжих, худалдааны хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтад тавигдах шаардлагыг бууруулан, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж, гадаадад хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүдийг зөв зохистой удирдан чиглүүлж, илүү өргөн хүрээнд, илүү хүчтэй, илүү өндөр түвшинд нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхий нийтээр хамтдаа хөгжиж, дэлхийн улс орнуудтай ашиг сонирхол нийлсэн, харилцан хамааралтай хувь заяаны хамтын цогцыг бий болгоно.

2018 он бол Хятадын Коммунист намын 19-р Их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх эхлэлийн жил, мөн БНХАУ хөгжил шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байна. Хятад улс гадаадад  нээлттэй үндэсний бодлогыг тууштай баримталж нээлттэйгээр бүтээн байгуулалт хийж улмаар бүх талын, олон давхаргын, өргөн хүрээг хамарсан нээлттэй байдлыг бий болгосон.

Өнөө үед дэлхийн хандлага хурдацтай өөрчлөгдөж, худалдааны протекционист буюу худалдааг зохицуулан хамгаалах бодлого болон нэг талыг баримталсан бодлого нь эргэж газар авч байна. Дэлхий нийтийн олон талт худалдааны тогтолцоо нь урьд өмнө байгаагүй сорилтуудтай нүүр тулах болоод байна. Зарим нэг “Хүйтэн дайн”-ы сэтгэлгээнд дадал болсон, нэг бол “Өнгөт шилээр” буюу бусдыг ялгаварлан хардаг, мөн “Хуйвалдааны онол” буюу далдуур башир арга хэрэглэдэг онолоор асуудлыг авч сэтгэдэг хүмүүс үргэлж байдаг. Тэр ч байтугай “Нэг бүс, Нэг зам” санаачилгыг хүртэл “Гео-стратегийн арга хэрэгсэл” болгон гуйвуулж ярих, “Өөр санаатай” байна ч гэж хэлдэг. Хятадын “Нэг бүс, Нэг зам” санаачилга бол харилцан ашигтай хамтдаа хожиж, хамтдаа хөгжихийг эрэлхийлдэг дэлхий нийтийн бүтээгдэхүүн бөгөөд, Монгол Улсад ямар өөрчлөлт болон боломжууд авч ирснийг Монголын найз нөхөд та бүгд харж болно. Хятад улс цаашдаа гадаадад нээлттэй байдлаа улам бүр өргөжүүлэн, олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжих болно. Хятад улс бол чөлөөт худалдааг дэмждэг дэлхийн бүх орнуудын итгэж болох түнш билээ. Хятадын зах зээл гадаадын бараа, үйлчилгээ болон хөрөнгөнд хэзээ ч хаалгаа хаахгүй. Урьд өмнө нь бид дэлхийн зах зээлд орохдоо өгсөн амлалтаа бодитоор хэрэгжүүлж чадсан бол, ирээдүйд бид үргэлжлүүлэн гадаадад нээлттэй байж, Хятадын ард түмэн болон олон улсын нийгэмд өгч буй энэхүү шинэ амлалтаа биелүүлэх болно.

Монголын найз нөхдөө, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад амжилттай айлчлан, 2020 он гэхэд Хятад, Монголын худалдааны нийт хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд, Хятад улс элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, илүү өргөн хүрээтэй, илүү эрчимтэй, өндөр түвшний нээлттэй хамтын ажиллагаагаар Хятад, Монголын худалдааг шинэ тавцанд гаргахаар дэмжиж ажиллах болно. Хоёр талын худалдааны боломж бололцоог эрэлхийлж, худалдааны хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэхийн тулд хоёр улсын  Засгийн газар хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн ТЭЗҮ-г судлах ажилд идэвхтэй хамтарч, Эрээн-Замын-Үүдийн хил дагуух эдийн засгийн зэргэлдээ бүсийн бүтээн байгуулалтад түлхэц үзүүлсээр байна. Монголын талын түгээмэл анхаардаг БНХАУ-руу ашигт малтмалын бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх, хилийн нэвтрүүлэх хүчин чадал, ажлын үр ашгийг дээшлүүлэх, транзит тээврийн зардлыг багасгах зэрэг асуудлууд бүгд Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм болон Хятад, Монголын хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд нааштайгаар тохиролцон шийдэгдэх боломжтой.

Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал илүү хол явна гэдэгчлэн гагцхүү харилцан ашигтай хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлж чадсанаар их үйлс, сайн үйлс, алсын үйлсийг бүтээж чадна. Хятад, Монголын хамтын хүчин чармайлт дор, мөн дэлхийн олон олон хөгжиж буй улс орнууд болон шинэ хэлбэрийн зах зээлтэй орнуудын хамтын ажиллагааны үр дүнд, эдийн засгийн глобалчлал ба олон талт худалдаа нь ямагт цаг үеийн хөгжлийн гол сэдэв хэвээр байж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох зам тасралтгүй урагшилсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Шин Хаймин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж