Цөөн хүн амтай ч авьяастан, хүчтэнүүдээрээ дэлхийд нэр нь түгсэн Монгол орныг зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй. Энэ хэрээр бүтээн байгуулалт, аялал жуулчлал, нийгмийн салбараа хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад төр засаг чамгүй хичээж байгаа билээ. Тиймээс гадаад иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хууль эрх зүйн орчныг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлсэн байна. Үүнээс гадна Монголын иргэншлээс гарсан ч эх нутагтаа гэр бүлээрээ буцаж ирэх хүмүүсийг визийн нөхцөлөөс хөнгөвчилжээ. Тодруулбал, Монгол Улсад виз мэдүүлэх болон Монгол Улсад гадаадын иргэн оршин суух, түүнийг бүртгэх журмуудыг шинэчилж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Тамгын газрын дарга М.Төрбаттай ярилцлаа.
-Монгол Улсад виз мэдүүлэх, болон Гадаадын иргэн оршин суух, түүнийг бүртгэх тухай шинэчлэгдсэн журмуудыг 7 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Журмын өөрчлөлтийн талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Гадаадын иргэнд Монгол Улсын виз олгох журам, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх гэсэн Засгийн газрын тогтоолтой хоёр журам бий. Энэ журмуудыг анх 2010 онд баталж мөрдсөн ба цаг хугацааны хувьд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тиймээс журмуудын шинэчлэн найруулсан төслийг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Засгийн газрын хуралдаанаар баталж, долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хоёр журамд орсон гол зохицуулалтыг ерөнхийд нь гурван хүрээнд ярья. Нэгдүгээрт, төрийн байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэсгэх, үйл ажиллагааны давхардлыг багасгах, бичиг баримтыг шаардлагатай, шаардлагагүйгээр нь ангилж, цаасны хэрэглээг багасгах. Хоёрдугаарт, гадаадад оршин суусан, байнга оршин сууж байгаа Монгол Улсын харьяатаас гарсан иргэд болон тэдгээрийн хүүхдүүдийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг нэлээд хөнгөвчилсөн. Гуравдугаарт, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор журамдаа тодорхой өөрчлөлтүүд оруулсан.
-Гадаад улсын иргэн болсон Монгол хүмүүс болон тэдний хүүхдүүдэд виз олгох, оршин суух зөвшөөрлийг хөнгөвчилсөн гэлээ. Үүнийг тодруулахгүй юү?
-Манай улсын харьяат байсан хүнээс төрсөн хүүхдүүдийн оршин суух, зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөөр зохицуулсан. Жишээлбэл, манай улсын харьяатаас гарсан хүнийг Монгол руу зорчиход виз шаарддаг байсан юм. Ингэхдээ манай байгууллагад хандах зохицуулалттай байв. Харин шинэ журмаар гадаад дахь Монголын Элчин сайдын яамдад виз олгох эрхийг нь өгсөн. Мөн тухайн иргэн оршин суух хүсэлтэй бол зохих ангиллын виз авч орж ирэх шаардлагатай байсан.Шинэ журмаар заавал буцаж гарах шаардлагагүй орж ирсэн визээр нь оршин суух зөвшөөрөл олгох боломжтой болсон. Жишээлбэл, АНУ-ын иргэн болсон эсвэл АНУ-д төрсөн хүүхдүүд 90 хоногоор визгүй зорчдог. 90 хоног визгүй зорчсоны дараа оршин суухын тулд визийн нөхцөлөөр орж ирсэн учраас “Та заавал гарч, буцаж орж ир” гэдэг байсан. Харин шинэ журмаар үүнийг болиулж, оршин суух зөвшөөрлийг нь шууд олгодог болсон юм. Өөрөөр хэлбэл, харьяаллаа сольсон монгол хүмүүст хандсан тусгайлсан зохицуулалт гэж болно.
-Монголд оршин суудаг хэрнээ бүртгэлгүй гадаадын иргэншилтэй хүүхэд олон байдаг гэсэн. Эдгээр хүүхдийн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Сүүлийн үед ийм асуудал их гарах болсон. Шалтгаан нь гадаадад байгаа монгол хүмүүс тэндээ төрсөн хүүхдээ Монголын Элчин сайдын яаманд монгол хүн гэж бүртгүүлдэг. Үүний дараа Монгол руу ар гэрийнхэндээ өсгүүлэхээр хүүхдээ явуулчихдаг. Харин Монголд ирсэн хойно нь тухайн хүүхдийг манай байгууллагад бүртгүүлдэггүй. Тухайн хүүхэд насанд хүрч, өөрийн иргэншлээр гадаад руу зорчиё гэхээр манайд мэдээлэл нь байдаггүй. Үүнээс болж асуудал үүсээд байгаа юм. Энэ жил л гэхэд иргэн Б-ийн хүүхэд Франц Улсад төрсөн. Ээж, аав нь Монголд эмээ, өвөө дээр нь хүүхдээ үлдээчихсэн байгаа юм. Тухайн хүүхэд Франц Улсын иргэнээр Монгол Улсын хилээр нэвтэрчихсэн. Гэтэл хүүхдийг манай байгууллагад Франц Улсын иргэнээр нь бүртгүүлээгүй байсан юм билээ. Энд Монгол Улсын төрсний гэрчилгээ ашигладаг байсан. Гэтэл хүүхэд 18 нас хүрч, Франц Улсын иргэнээрээ гадаадад сургуульд явах болсон чинь манай байгууллагад бүртгэлгүй байгаа юм. Сургуулиас нь Франц Улсын иргэнээрээ аль улсад оршин сууж байсан талаар тодорхойлолт шаарддаг. Гэтэл манай байгууллагад бүртгүүлээгүй учраас энэ хүүхдэд хэн ч тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй болчихож байгаа юм. Тэгэхээр энэ хүүхдийн эрх ашиг одоо л хөндөгдөж байгаа хэрэг. Хэрвээ хүүхдийг Франц Улсын иргэнээр нь манайд бүртгүүлчихсэн бол 2008 оноос 2018 он хүртэл Монгол Улсад амьдарсан гэх тодорхойлолтыг гаргаж өгөх боломжтой байсан. Үүнээс гадна Франц Улсын иргэнээрээ аль ч улс руу зорчиж болно. Харин ямар шалтгаанаар бүртгүүлэхээс зайлсхийгээд явж байсан нь ойлгомжгүй. Тиймээс энэ бүртгэлийн асуудлыг тодорхой болгохын тулд журамд шинэчлэл хийсэн юм. Мөн яг ийм байдлаар Монголд ирсэн хүүхдүүдийг одоо ч гэсэн бүртгүүлэх хэрэгтэй. Ер нь иргэд Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэдийг манай байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.
-Хөрөнгө оруулагчдын оршин суух нөхцөлийг хөнгөвчилж байгаа гэсэн. Хөрөнгө оруулагчдад ямар зохицуулалтаар орших суух зөвшөөрөл өгөх вэ?
-Хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг одоогийн Засгийн газрын газар их чухавчилж байна. Өмнөх журмаар тэднийг “Та Монгол Улсад хөрөнгө оруулах бол заавал хөрөнгө оруулагчийн визээр орж ирэх ёстой” гэдэг байсан ба визийн ангилал сольдоггүй байв. Тэгэхээр тухайн бизнес эрхлэгчийг манай улсад ирээд компаниа байгуулж, тодорхой ажлын байр бий болгосны дараа гарч, буцаж орж ирэхийг шаарддаг байсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд нэлээд хүндрэлтэй байсан гэхэд болно. Тиймээс үнэхээр бодитой хөрөнгө оруулалт оруулсан, үүнийг төрийн байгууллагууд нотолж байвал тэднийг заавал буцаж гар гэхгүйгээр оршин суух зөвшөөрлийг нь олгодог болж байгаа. Өөрөөр хэлбэл, визийн ангиллыг нь өөрчлөөд оршин суух зөвшөөрөл олгодог гэсэн үг.
-Визийн тэмдэглэгээг өөрчилж, гарын үсэг зурахаа больсон гэсэн үү?
-Төрийн байгууллагуудын хоорондох ажлыг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын визэн дээр гарын үсэг зурж тэмдэг дардаг байсныг өөрчилсөн. Ер нь олон улсын дүрмээр визэн дээр тухайн хүний мэдээллээс өөр мэдээлэл гаргахыг хязгаарладаг юм. Үүнийг өөрчилснөөрөө олон улсын жишигт нийцүүлсэн гэж үзэж болно.
-Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийг хэдэн ангиллаар авч болох вэ?
-Оршин суух зөвшөөрлийг 17 төрөлтэй байсныг 29 болгож нэмсэн. Үүгээр Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн зорилгыг тодорхой болгосон гэсэн үг. Тухайлбал, зөвхөн оюутан гэсэн ангиллаар оршин суух зөвшөөрөл олгодог байсан бол одоо их, дээд сургуульд, МСҮТ-д, ерөнхий боловсролын сургуульд гэсэн ангилалтай болгосон. Тиймээс иргэдийн мэдээлэл илүү дэлгэрэнгүй, тоо баримт нь баттай болох юм. Ер нь гадаадын иргэн оршин сууж байсан улсаасаа бусад улс руу шилжихэд тодорхойлолт авдаг л даа. Энэ хүн яг хаана, юу хийж байсан талаар тухайн улс нь тодорхойлолт нэхдэг гэсэн үг. Оюутнаар жишээ авахад, манай улс тодорхойлолтод нь “Энэ хүн манай улсад оюутан байсан” гэдэг бол одоо “Ийм газар их, дээд сургуульд сурч байсан” нарийн тодорхойлолт өгөх боломжтой болсон. Түүнчлэн манай байгууллага үйлчилгээгээ аль болох цахимжуулах талаас нь зохицуулж байгаа. Тиймээс иргэдийн мэдээлэл материалыг цахимаар авч байгаа. Тухайлбал, хөрөнгө оруулагчидтай уулзах цагийг цахимаар товлодог болсон. Нэг үгээр хэлбэл, төрийн үйлчилгээг түргэн шуурхай байлгахын тулд цахим хэлбэрийг ашиглаж байгаа.
-Жуулчлалын 30 хоногийн визийг хэрхэн олгох талаар тодруулахгүй юү. Гадаад харилцааны яамнаас олгодог болсон гэсэн үү?
-Манай улсын виз, оршин суух зөвшөөрөл, хил нэвтрэх эрх олгох үйл ажиллагаа нь бусад улс орны жишигтэй харьцуулахад харьцангуй өөр байдаг. Тодруулбал, ихэнх улс оронд виз олгодог байгууллага, хилээр хянаж, нэвтрүүлдэг байгууллага нь нэг байдаг. Харин манай улсад Гадаадын иргэн, харьяатын газраас гадна Гадаад харилцааны яам Консулын газруудаараа дамжуулж виз олгодог. Тухайлбал, хүмүүсийн их мэддэг жуулчин ангиллын 30 хоногийн визийг Гадаад харилцааны яам гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулж олгодог юм. Харин орж ирсэн иргэдэд хяналт тавих асуудлыг манай байгууллага хариуцдаг бол хилээр нэвтрүүлэх эрх нь Хил хамгаалах газрын Шалган нэвтрүүлэх газарт харьяалагддаг юм. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй гадаадын иргэн орж ирэхээр л манай байгууллагатай холбож яриад байдаг юм. Өөрөөр хэлбэл, манай байгууллага 30 хоногийн виз олгодоггүй. Харин манай байгууллагаас хилийн боомт дээр л 30 хоногийн виз олгодог. Үүнээс гадна манай улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй улсаас нисч ирж байгаа хүмүүст нисэх онгоцны буудалд урьдчилсан зөвшөөрлөөр виз олгоно. 30 хоногийн визтэй холбоотой орсон гол өөрчлөлт нь Консулын газрууд өөрсдөө тухайн улсын иргэдэд 30 хоногийн виз олгодог болсон явдал. Өмнө нь гадаад иргэн манай улсад аялах хүсэлтээ Гадаад харилцааны яаманд гаргаж, Консулын газраар дамжуулан зөвшөөрлөө авдаг байсан юм. Харин одоо Консулын газар нь тухайн хүнтэй биечилж уулзаж, визийг шууд олгох боломжтой болсон.
-Визийн зөвшөөрөл өгөх хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ?
-Визийн зөвшөөрөл гэдэг нь Монгол Улсаас Элчин сайдын яамд руу илгээж байгаа зөвшөөрлийг хэлээд байгаа юм. Тухайн хүнд зөвшөөрөл өгөх хугацаа нь 180 байсныг багасгаж 90 хоног болгосон. Өөрөөр хэлбэл, иргэд визийн зөвшөөрлөө 180 хоногийн дотор авдаг байсан бол одоо 90 хоног болсон гэсэн үг. Мөн жуулчин, албан хэргээр 90 хоногийн хугацаатай ирсэн гадаадын иргэнийг нэг удаа 30 хүртэлх хоногоор визийг нь сунгах хуультай байдаг. Харин виз сунгалт хоорондын зай өмнө нь 180 хоног байсан бол шинэ журмаар 90 хоног болгосон. -Уг журам нь албан ангиллын визэд хамаарахгүй гэсэн үү?
-Албан ангиллын виз буюу Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн гадаадын иргэнд хөрөнгө оруулагчидтай адил шууд оршин суух зөвшөөрлийг нь өгөх юм. Монголд төсөл хэрэгжүүлэх гээд ирсэн хүнийг “Та буцаж гараад виз ав” гэх нь тэдэнд хүндрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ирж байгаа гадаадын иргэдийг байгууллагын хүсэлтийг үндэслэн сунгалт хийнэ гэсэн үг.
-Манай улсын харьяатаас гарсан иргэдийг визийн нөхцөлөөс хөнгөлж байгааг та хэлсэн. Харин үүнийг монгол иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдийг визгүй оруулах нь гэж хардах хүмүүс байна?
-Үүн дээр тодруулга хийхэд болно. Жишээлбэл, Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн, тэдний гэр бүлийн гишүүн, хүүхэд гэсэн ойлголт байгаа.Тэгэхээр Монгол Улсын харьяатаас гарсан гэдэг нь гадаадын иргэн болсон гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Монгол иргэншилгүй болсон гадаадын иргэний гэр бүлийг монгол угсааны хүн гэдэг утгаар нь төрийн үйлчилгээг хөнгөлж байгаа юм. Түүнээс биш шууд гадны иргэнийг оруулна гэсэн ойлголт байхгүй. Харин Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс тусдаа ойлголт. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүст оршин суух зөвшөөрөл олгоход хуульд заасан шаардлагууд бий. Монгол Улс цөөн хүн амтай учраас тэдэнд нэлээд өндөр шалгуур тавьдаг. Энэ бол цөөн хүн амтай аль ч улсын нэг онцлог нь гэж хэлж болно. Манайх цагаач, дүрвэгч хүлээж авдаг улс биш. Гадаадын иргэд оршин суухад тавьдаг шаардлагууд нь бусад улсыг бодвол өндөр байдаг юм.
-Монгол хүнтэй гэр бүл болж, оршин суух зөвшөөрөл хүссэн гадаад иргэдэд тавьдаг шалгуураас нь дурдвал?
-Тухайн хүн заавал орлоготой байх ёстой. Юу хийх гэж байгаа нь тодорхой байх ёстойгоос гадна тодорхой хугацаанд ажиллахыг шаарддаг. Үүний дараа оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг шийддэг юм. Шууд оршин суух зөвшөөрөл өгдөг гэсэн үг биш. Мөн санхүүгийн ямар эх үүсвэртэй, гэр бүлээ авч явах чадвартай байна уу, үгүй юү гэдгийг нь хардаг.
-Манай улсад ирж байгаа гадаадын иргэдийг танай байгууллагад бүртгүүлэх тодорхой хугацаа байдаг шүү дээ. Энэ хугацаанд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-Энэ хугацаанд өөрчлөлт ороогүй. Тухайлбал манай улсад 30 хоногоос дээш хугацаатай ирж байгаа гадаадын иргэн ажлын долоо хоногт багтаж манай байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Мөн гадаадын иргэн өөрийн биеэр болон түүнийг уригч байгууллага бүртгүүлэх үүрэг хүлээнэ.
-Одоогийн байдлаар манай улсад хэчнээн гадаадын иргэн оршин сууж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 29 мянга орчим иргэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь байж болно гэсэн хуулийн зохицуулалт бий. Ер нь статистик тоон мэдээллээс харахад гадаадын иргэн оршин суух нь багасч байгаа. Дашрамд хэлэхэд, хүмүүс журмаа сайн судлах хэрэгтэй. Гадаадын иргэд Монгол Улсын хилээр орж ирэхдээ ямар хууль, журамтай юм бэ гэдгийг судлаагүйгээсээ болж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахуулдаг. Захиргааны арга хэмжээ авахуулсан гадаадын иргэд дахин зорчиход хүндрэл үүсдэг. Тиймээс хууль, журмаа сайн судалж мөрдөхийг гадаад иргэнийг урьсан байгууллага, иргэдэд дахин сануулъя.
Монголд ирсэн хэрнээ танай байгууллагад бүртгүүлэхгүй бол хариуцлага хүлээлгэдэг үү?
-30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг урьсан байгууллага нь бүртгүүлээгүй бол хоёр сая 500 мянган төгрөгөөр торгуулдаг. Гадаад иргэний хувьд хууль зөрчсөн мэдээлэл нь тухайн хүний мэдээллийн санд ордог. Дараа нь манай улсад дахин орж ирэхэд нэлээд асуудал үүснэ гэсэн үг.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар