Венесуэлийн халдлага "хуурамч" байсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Венесуэлийн халдлага "хуурамч" байсан уу?

Венесуэлийн халдлага "хуурамч" байсан уу?

Венесуэлийн нийслэл Каракас хотын Боливарын өргөн чөлөөнд үндэсний торгон цэрэг дөрвөлжин эгнээ үүсгэн эгц дээш харан, эмх цэгцтэй зогсоно. Тэдний өмнө индэр дээр ерөнхийлөгч Николас Мадуро үг хэлж байлаа. Энэ бол Венесуэлийн үндэсний торгон цэрэг үүсгэн байгуулагдсаны 81 жилийн ойн арга хэмжээнд зориулсан парад. Энэхүү арга хэмжээг телевизийн шууд эфирээр нэвтрүүлж байв. Венесуэлийн эдийн засаг хүнд үеийг даван туулж байгаа энэ үед Ерөнхийлөгч ард иргэддээ урам зориг, улс эх орон нь хямралаас гарна гэдэг итгэл найдвар төрүүлэхийг хичээж байлаа.

Гэнэт Мадуро үг хэлж байхдаа дуугаа хураан, дээш ширтэв. Түүний хажууд байсан офицерууд мөн адил тэнгэр рүү харна. Телевизийн шууд эфир тасалдаж, хэсэг хормын дараа үргэлжилнэ. Хүндэтгэлийн жагсаал эмх замбараагүй болсон нь ажиглагдана. Цэргүүд индэртэй ойртчихсон, ийш тийшээ гүйлдэнэ. Яг энэ үед телевизийн шууд дамжуулалтын баг ухаан орж, үндэсний торгон цэргийн үүсгэн байгуулагдсаны баярын шууд эфирийг хөгжмийн нэвтрүүлгээр солино.

Үүний дараагаар, хэвлэл мэдээллийн агентлагууд Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэж оролдлоо гэх мэдээллийг шуурхай дамжуулна.

ЦАХИМ ЭРИН ҮЕИЙН ХАЛДЛАГА

Парад, хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа бол төрийн тэргүүний амь насанд халдахаар шийдсэн этгээдүүдийн дуртай газар. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг парад, ёслолын үйл ажиллагааны үеэр буудаж, дэлбэлж, хутгалж амь насыг нь бүрэлгэдэг түүх олон. Гэхдээ Венесуэлийн халдлага тус улсад гарсан анхных гэдгийг мэдээллийн сайд Хорхе Родригес хэлэв. Халдлага үйлдсэн этгээдүүд тэсрэх бөмбөгтэй дрон ашиглажээ. Аюултай дроныг хамгийн эхэнд хэн ажигласан нь тодорхойгүй. Гэхдээ Мадуро болон Венесуэлийн хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын амийг бүрэлгэх гэсэн оролдлого байв. Хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын уршгаар долоо хүн шархаджээ.

Магадгүй нэг дрон нь цагаасаа эрт дэлбэрэх ёстой байсан газраа дэлбэрсэнгүй. Олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчийн үг хэлж буй газраас холгүй Боливарын өргөн чөлөөнд шатаж буй барилгын зураг тархжээ. Галын утаа байшингийн доод давхрын нэг цонхноос харагдана. Магадгүй нэг дрон тэнд дэлбэрсэн байх боломжтой. Халдлага гарсан газар онцгой байдлын ажилтнууд ажиллаж байгаа ажээ.

ТРАМП, ТУСЛААРАЙ!

Сөрөг хүчнийхэн шууд л Засгийн газрыг буруутгав. Тэд Каракасын удирдлагууд сөрөг хүчнийхнийг мөрдөн шалгах шалтаг хайж хуурамч халдлага зохион байгуулсан гэж мэдэгджээ.

АНУ-ын Tampa Bay хэвлэл Каракасын онцгой байдлын газрын албан хаагчийн мэдээлэлд үндэслэн гал гарч байсан байранд газын баллон дэлбэрсэн гэв. Хэрвээ халдлага гарсан бол халдлагыг үйлдсэн этгээдүүд иргэдийн анхаарлыг сарниулахын тулд дэлбэрэлтийг бүхэлд нь амжилттай зохион байгуулж чадах байсан эсвэл энэ санамсаргүй давхцал байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Гэхдээ үйл явдлын дараа шууд л “футболктой цэргүүдийн үндэсний хөдөлгөөн” гэсэн бүлэглэл энэ халдлагыг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Энэ бүлэглэл нь тийм ч алдартай биш бөгөөд 2014 онд байгуулагдсан бөгөөд өнөөгийн дэглэмийг эсэргүүцэгчдийн нэгдэл юм.

"Тэсрэх бөмбөгтэй хоёр дрон байсан, тэд Мадурогийн хажууд дэлбэрэх ёстой байсан. Халдлага бүтэлгүйтэв. Цэргүүд хоёр дроныг устгасан. Эхний оролдлого бүтэлгүйтсэн гэхдээ бид үргэлжлүүлнэ. Мадуро огцрох нь цаг хугацааны асуудал" гэж халдлага үйлдсэн этгээдүүд мэдэгдэлдээ дурджээ.

Үүний дараагаар, Засгийн газраас албан ёсны мэдэгдэл гарав. Венесуэлийн Засгийн газар барууны сөрөг хүчнийхнийг халдлагад буруутгажээ. Үйл явдал болсноос гурван цагийн дараа Мадуро Сенатад хандаж албан ёсны мэдээлэл хийв.

Тэрбээр "Миний амь насанд халдахыг завдлаа, тэд намайг устгахыг оролдлоо" гэв. Ерөнхийлөгчийн үгээр бол цагдаа нар сэжигтнүүдийн заримыг нь баривчилсан бөгөөд тэд Колумбын тусгай тасагтай нягт харилцаа холбоотой байдаг гэв. Үүнээс гадна, Мадуро Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосийг халдлагын хариуцлагыг хүлээх ёстой гэлээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч халдлагын цаана Богота болон Майами нар байгаа гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Тэд бол АНУ-ын Засгийн газрын далавч дор Флоридад амьдардаг Латин Америкийн барууны хүчнийхэн гэв. Мадуро тэднийг халдлагыг санхүүжүүлсэн гэж үзэж байгаа ажээ. "Ерөнхийлөгч Дональд Трамп террорист бүлэглэлтэй тэмцэж, энэ асуудлыг дуусгана гэж найдаж байна" хэмээн Венесуэлийн удирдагч онцлов.

Болсон үйл явдал болон Мадурогийн хэлсэн үг зэргээс ажиглахад, Мадуро сөрөг хүчний эсрэг хэлмэгдүүлэлтийг эхлүүлэх болон төрийн аппаратад боломжит цэвэрлэгээг хийх санаа гаргаж байна гэж шинжээчид ажиглажээ.

ПЕРЕЗИЙН ЗАМААР

Энэ бол Венесуэлийн шинэ түүхэнд төрийн тэргүүн рүү нь халдсан анхны тохиолдол биш. Өнгөрсөн 2017 оны зургадугаар сард цагдаагийн алба хаагч асан Оскар Перес болон түүний хамсаатан нисдэг тэрэг хулгайлан Каракас дахь Засгийн газрын ордон руу халдаж байсан. Тэд Дотоод хэргийн яамны барилга руу 15 удаа буудаж, хурал болж байгаа Дээд шүүхийн барилга руу дөрвөн тэсрэх бөмбөг хаяж байв. Энэ үед сөрөг хүчнийхэн болсон үйл явдлыг зохион байгуулалттай хуурамч гэж мэдэгдэж байсан. Гэхдээ удалгүй террористууд холбоо барьсан билээ. Пересийн хэлж буйгаар, түүний халдлагын дараагаар Венесуэлийн ард түмэн босч, Мадурогийн үзэн ядсан дэглэмийг нураана гэж найдаж байсан гэв.

Халдлага амжилтгүй болсон ч тэр гараа хумхиад суусангүй. Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард цэргүүдийг цуглуулан цэргийн казармд халдаж, Мадурогийн зургийн урж, зэвсэг хулгайлжээ.

Үүний дараагаар, тэрбээр ард түмнийг бослогод уриалсан билээ. Энэ бослого амжилттай болж, нийгэмд дэглэмээ эсэргүүцсэн ард олон өмнө нь байгаагүй хэмжээнд хүртлээ эсэргүүцэн босжээ. Мянга мянган хүн гудамжинд гарч, Засгийн газраа эсэргүүцсэн уриа лозунг барьж, цагдаа нартай зодолдож, дэлгүүр хоршоог дээрэмдэж байв.

Гэхдээ Пересийн төлөө тухайн үед хэн ч яваагүй. Цагдаагийн алба хаагч асан тэрбээр шинэ хадлага төлөвлөж эхэлсэн. Гэхдээ сарын дараа Венесуэлийн тусгай алба түүний мөрийг олж улмаар Перес амиа алдаж, түүний хамсаатан бууж өгсөн юм.

Цагдаагийн алба хаагч асан Пересийн үлгэр дуурайлал бусад сөрөг хүчнийхнийг урам оруулж чадсан. Тэр тусмаа Венесуэл эдийн засгийн хямралаасаа ойрын хугацаанд гарахгүй, нийгэмд өнөөгийн дэглэмээ эсэргүүцсэн иргэд олон байгаа нөхцөлд сөрөг хүчнийхэн хэзээ ч бослого, халдлага зохион байгуулах боломжтой.

ЖОРЛОНГИЙН ЦААСНЫ ХУВЬСГАЛ

2013 онд Уго Чавес өөд болсны дараа Венесуэлийн шинэ Ерөнхийлөгч түүний итгэлт хамтрагч Николас Мадуро болов. Венесуэл улс хямралд орох даваа дээрээ ирчихсэн байсан. Гэхдээ Мадуро бол Чавес биш. Венесуэлчүүд Чавесийн шударга бус дэглэмийг уучлахад бэлэн байсан ч тэд түүний даган баясагчийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Николас Мадуро эдийн засгийн асуудлыг шийдэхийг олон удаа оролдсон. Үр дүнд нь дэлгүүрийн лангуунаас масло, элсэн чихэр, жорлонгийн цаас алга болов. Каракас үүнийг хувийн компанийн хорлон сүйтгэх ажиллагаа гэж мэдэгдэв. Тэд олон нийт, нийгмийн бухимдлын сэргээхийн тулд бараа бүтээгдэхүүнээ барьж байна гэсэн мэдэгдэл хийсэн юм. Улмаар Засгийн газар үндэсний хэмжээнд кампанит ажил өрнүүлэв. Энэ юунд хүргэсэн нь тодорхойгүй. Гэхдээ 2014 онд газрын тосны үнэ унасан. Венесуэлийн эдийн засаг дампуурлын ирмэг дээр ирэв. Нөхцөл байдал 2016 онд улам дордлоо. Тухайн үед усан цахилгаан станцад цахилгаан эрчим хүч ашиглахын огцом багасгажээ.

2014-15 онуудад сөрөг хүчин олон нийтийн хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэн. Арав гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн баривчлагдсан билээ. 2015 оны арванхоёрдугаар сард сөрөг хүчин парламентад ялалт байгуулж, ерөнхийлөгчийг огцруулах үйл ажиллагаа идэвхэжсэн. Энэ үед Мадуро дээд шүүхийг дэмжиж, сөрөг хүчний тэргүүнийг сонгуульд өрсөлдөх боломжгүй болгов. Тэрбээр сөрөг хүчнийг Вашингтон санхүүжүүлдэг учир улс төрийн хямрал жилээс жилд сунжирч байсан гэв.

2018 оны тавдугаар сард Венесуэлд ерөнхийлөгчийн сонгууль болов. Сөрөг хүчин хүчтэй бойкот хийсэн ч Николас Мадуро дахин ялалт байгуулсан юм. ОХУ, БНХАУ, Куба зэрэг орнууд Мадурогийн ялалтад нь баяр хүргэв. АНУ-ын болон Латин Америкийн хэсэг орнууд санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэдний дунд Колумб байсан учир өнөөдрийн гарсан халдлагад Колумбын Ерөнхийлөгчийг буруутгаад байгаа ажээ.

АЧАА ЗАГАЛМАЙЛУУЛЖ, ХОЁР ДРОН НИСГЭВ

Өмнө нь Колумб болон Венесуэлийн харилцаа таатай байсан. Гэхдээ 1980-аад онд нутаг дэвсгэрийн маргаанаас болж дайны байдалд шилжсэн. Хожим нь энэ маргаан намжиж, Венесуэлийн Ерөнхийлөгч Кальдер колумбын цэргүүдэд FARC болон ELN мөрдөж байгаа тохиолдолд Венесуэлийн нутаг дэвсгэрт нь орохыг зөвшөөрөв.

1999 онд Уго Чавес Засгийн эрхэнд гарч ирснээс хойш бүгд өөрчлөгдсөн. Венесуэл социализмыг сонгож, Колумб АНУ-ын холбоотноор үлдсэн.

Ингээд хоёр орны зөрчилдөөн үзэл суртлын өнгө аястай болов. Венесуэлчүүд Колумбчуудад зүүний партизаныг өгөхөөс татгалзаж, харин дүрвэгчдэд сөрөг хүчнийхнийг өгч байв. Тэр тусмаа 2002 онд төрийн амжилтгүй эргэлт хийсэн Педро Кармоныг өгөв. Венесуэл Колумб хоёр арван жилийн туршид дайн зарлаагүй. Хоёр улс хоёулаа зэвсэгт бүлэглэлтэй

Харин Николас Мадуро Засгийн эрхэнд гарснаас хойш энэ хоёр улсын харилцаа улам муудсан. Колумбын Ерөнхийлөгч Сантос өөрийн ордондоо Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Энрике Каприлесаг хүлээн авч уулзав.

Өнөөдрийн болсон халдлагад Колумбын Засгийн газрын буруутгаж байна. Гэхдээ Сантос оролцоогүй гэдгээ мэдэгдсэн. Колумбын Ерөнхийлөгч Сантос "Энэ бол хийсвэр зүйл. Энэ үед би өөрийн ачаа загалмайлуулах ёслолд оролцож байсан.Сүүлийн үед гадаад улсыг цочроох тухай бодох ч завгүй байсан" гэсэн мэдэгдлийг хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж