Одоогоос хоёр сар гаруйн (2018.05.25) өмнө Сүхбаатар дүүргийн 21-р хороо, 32-ын тойргийн орчимд хаалга нь онгорхой байсан цахилгаан хуваарилах байгууламж руу 25 настай бүсгүй, хоёр бага насны хүүхэд нэвтэрч, осолд өртсөн юм. Ослын улмаас 25 настай бүсгүй түлэгдэлтийн шархаа даалгүй нас барж, найман настай Б.Анар-Төгс хүү СЭМҮТ-ийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Харин дөрвөн настай хүүгийн биеийн байдал тогтворжжээ. Гэвч ослын хариуцлагыг хэн хүлээх нь одоо хэр нь бүрхэг байна.
Хүүгийн ээж Д.Шүрэнчимэг дэд станцын асуудлаар “Мон энержи Консальт” компани болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзсан ч өнөөдрийг хүртэл тусыг эс олжээ.
Сэтгэцэд нь өөрчлөлт орсон байх вий гэхээс санаа зовниж байна
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй ч прокурор руу хараахан шилжээгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Хүүгийн ээж Д.Шүрэнчимэгтэй бид эргэн холбогдоход “Хүүгээ өнгөрсөн баасан гаригаас /2018.07.27/ эхлэн СЭМҮТ-д эмчлүүлж байна. Хүү минь тэр явдлаас хойш ууртай уцаартай, айдас, түгшүүртэй болчихсон. Одоогоор шинжилгээ хийлгээд, хүүгээ асраад сууж байна. Анх ирсэн үеэ бодвол биеийн байдал нь дээрдсэн. Физик эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ, цагийн тариа хийлгэж байгаа. Цаашдаа ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгийг эмч нар мэдэх байх. Түлэнхийн зовиур нь багассан ч сэтгэцэд нь өөрчлөлт орсон байх вий гэхээс санаа зовниж байна. Эмч нар хүүг минь үзээд тус эмнэлэгт зургаан сараас нэг жилийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн
Хэргийг прокурорт шилжүүлнэ гэж хариуцсан байцаагч нь долдугаар сарын 23-ны өдөр хэлсэн ч тэр өдөр шилжүүлээгүй байсан юм билээ” хэмээн ярилаа.
Мөн хохирогч талыг төлөөлөн ажиллаж байгаа өмгөөлөгч Ш.Буянжаргал “Б.Анар-Төгс хүү СЭМҮД-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн шүүх шинжилгээний дүгнэлт хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гарсан. Одоог хүртэл хариуцлагыг хэн хүлээх нь ойлгомжгүй байна. Под станцыг барьсан компани буруутай юу, захиалагч болох улс буруутай юу гэдэг эргэлзээтэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, осол гарсан дэд станцын хэрэг мөрдөн байцаалтын явцад эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа гацаад байна” гэж ярилаа.
Бид энэ асуудлын талаар эргэн сурвалжлах болно.
Э.Ариун