ЦУОШГ: Гол, мөрний мөс автомашин явах хэмжээнд бэхжээгүй байна

ЦУОШГ: Гол, мөрний мөс автомашин явах хэмжээнд бэхжээгүй байна

ЦУОШГ: Гол, мөрний мөс автомашин явах хэмжээнд бэхжээгүй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтсээс хийсэн энэ оны нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн голуудын мөсний зузаан хэр тогтсон талаарх судалгааг танилцуулъя.


Монгол орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан эрчимтэй нэмэгдсэн бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Тодруулбал Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж 35-110 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.

Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-30 см ахиу, харин Үүр, Эг голын хувьд 5 см нимгэн байна. Бэлтэс гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол Эг голын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа аж.

Хөвсгөл нуурын мөсны зузаан өмнөх арав хоногоос 20-35 см нэмэгдэж 60-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 10-15 см ахиу байна. Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж 20-130 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-10 см ахиу байгаа бол Хануй гол Эрдэнэмандал сум, Идэр гол Зүрх баг орчимд 40 см нимгэн байна.

Өгий болон Тэрхийн Цагаан нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж 90-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийн орчим байна. Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-20 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдэж, 50-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.

Эдгээр голуудын эхээр мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5 см орчим нимгэн, харин дунд болон адгаар 5-30 см ахиу байна. Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл зонхилж байна.

Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Барх, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 70-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-25 см ахиу харин Хурх, Эг, Онон голуудынх 5-20 см нимгэн байна. Буйр, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж 75-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Буйр нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 20 см ахиу байна. Ховд, Булган, Буянт, Бодонч, Үенч, Сагсай, Согоог, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудад мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж, 25-125 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-40 см нимгэн харин Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган зэрэг голууд 5-45 см ахиу байна.

Хар ус нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 8 см нэмэгдэж, 63 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхтэй ойролцоо зузаантай байна. Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түйн, Байдраг, Цагаантуруут, Онги зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 35-135 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.

Голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-40 см ахиу, харин Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Таац, Цагаантуруут, Түйн зэрэг голууд 5-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Тайгам, Хар нуур, Ойгон, Бөөнцагаан, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 55-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Нууруудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал Хар нуур 8 см нимгэн, харин Ойгон, Тайгам, Бөөнцагаан, Хөх нуур 5-25 см ахиу зузаантай байна.

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг, Хархираа, Хариг, Түргэн, Намир зэрэг голуудад 15-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 10-15 см нимгэн байна. Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж 15-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 15 см ахиу байна.

Мөн түүнчлэн мөсний зузаан 30-38 см бол жип болон пикап машин, 20-30 см зузаан бол жижиг суудлын автомашин, 12 см бол цасны машин болон мотоцикл явахыг зөвшөөрдөг ба 7 см-аас бага зузаантай мөсөн дээгүүр хүн явахад аюултай гэж үздэг байна.

Т.ӨНӨ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж