Бид энэ удаагийнхаа ярилцлагын зочноор жүжигчин Л.Жижжаламыг урьж түүний амьдрал, уран бүтээлийн талаар ярилцлаа. Түүний хувьд "Шар гэгээ", "Бүүвэй", "Нусан багааяа" зэрэг уран сайхны кино болон "Мөрч" олон ангит кинонд дүр бүтээсэн. Тэрбээр энэ сарын 15-нд дахин нэг шинэхэн уран бүтээл болох Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Задлаагүй захиа" уран сайхны киногоо өлгийдөн аваад буй.
–Шинэ уран бүтээлээ нээсэнд баяр хүргэе ээ. "Задлаагүй захиа" уран сайхны кино нь орчин үед нэлээд үгүйлэгдэж байсан сэдвийг хөндсөн дутуу орон зайг нөхсөн уран бүтээл болсон шиг санагдсан. Үзэгчид ч ам сайтай байна лээ?
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээлээ нээгээд удаагүй, догдлол маань буураагүй хэвээрээ л байна. Уран бүтээлч хүн шинэ бүтээл өлгийдөж авах болгонд айдас, догдлолтой байдаг. Энэ удаа "Аранжин пикчерс"-ийн хамт олонтойгоо хамтраад Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн "Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Задлаагүй захиа" уран сайхны киногоо театруудаар дамжуулан үзэгчдэдээ толилуулаад удаагүй байна. Бид киногоо 2023 оноос хойш туурвиж, энэ онд үзэгчдийн хүртээл болголоо. Манай кино бол аав хүний сэтгэлийн хат, уужуу ухаан, тэсвэр тэвчээр, цэрэгт тэр дундаа дайнд явчихсан хүүгээ хүлээж буй аав, амраг хайрт бүсгүй болоод тэдний ар гэрийн аж амьдралыг харуулсан. Ерөнхийдөө орчин үед дутагдаад байсан орон зайг нөхсөн, тэрхүү орон зайгаар хүмүүс цангасан байсан юм болов уу гэж бодож байна. Монгол ахуйдаа илүү ойр, эх орноо хайрлан хамгаалах сэдлийг үзэгчдэд өгөх болов уу л гэсэн хүлээлттэй байгаа. Киноныхоо зураг авалтыг авч байхад Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан” тэрлэг найраглал аманд орж ирээд байсан.
Задлаагүй захиа киног аав нараа дагуулаад, аав нар маань хүүхдүүдээ дагуулаад ирээд үзээрэй гэж хэлнэ. Манай киноноос байгалийн сайхан зураглалыг дэргэд нь байгаа юм шиг мэдэрч Гээнээ өвгөний дүрээс олон сайхан мэдрэмжийг авч сэтгэл хөндүүрлэж, хөнгөн гуниг төрүүлж бодолд автаж нэгийг тунгаана гэж найдаж байгаа.
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүй өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ…
-Ц.Хулангийн "Аавдаа" гээд аавын тухай сайхан шүлэг байдаг даа. "Задлаагүй захиа" киног үзээд энэ шүлэг санаанд орсон. Аавын тухай кино нэгэнт ярьж эхэлснийх та өөрийнхөө аавын тухай дурсаж ярихгүй юу. Охин хүүхдүүд аавдаа илүү амь байдаг гэж хүмүүс ярьдаг?
-Аавынхаа тухай ярихад надад их хүнд байдаг юм аа. Энэ өдрүүдэд илүү их санаж, бэтгэрлээ. Киногоо нээснээс хойш аавыгаа бодож өчнөөн уйллаа. Тэгээд танайд ярилцлага өгөхдөө уйлахгүй шүү гэж бодож ирлээ. Манайх ам бүл зургуулаа байсан. Би чинь дээрээ нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй, өөрөө айлын дунд хүүхэд. Миний аав намайг арван жилд байхад бурхан болсон. Аав маань кино механикч мэргэжилтэй, их тийм урлаг уран сайханд дуртай, маш аж ахуйч туйлын хөдөлмөрч, налайсан хүн байлаа. Аав, ээж хоёр минь зэрэг зүтгээд амьдралаа босгосон, биднийг их эрх танхи ёстой юугаар ч дутаалгүй өсгөсөн. Миний санаж байгаагаар тухайн үед 11:00 цаг гээд тог тасарчихдаг харин манайх ганцаараа тогтой байдаг байсан. Тэгээд аав байшингийнхаа өрөөний цонхнуудыг хар хөшгөөр хаагаад приставкаар хүмүүст кино үзүүлдэг, кино прокат ажиллуулдаг байлаа. Орчин үед байсан бол VIP үзвэр юм уу. Тэгээд приставкний кино цуглуулгатай, бүтэн нэг өрөөгөөр дүүрэн байдаг. Үүнийхээ хажуугаар манайх чинь цахилгаан барааны дэлгүүртэй гээд тухайн үедээ л үнэхээр боломжийн айл байсан. Манайхан бүгд урлаг, уран сайханд дуртай аав минь биднийг тайзан дээр байхыг харах маш дуртай. Тэр битгий хэл хүүхдүүдийн дунд урлагийн тэмцээн уралдаан зохиож бүх хүүхдүүдийг шагнаж урамшуулдаг байлаа.
Одоо эргээд бодоход аав, ээж хоёртойгоо байсан өдөр тутмын биш хамт аялж, хамтдаа хийж байсан зүйлүүд л илүү тод дурсамжинд үлддэг юм байна.
Нэг удаа бид хаашаа ч билээ дээ явж байгаад шаварт суугаад машинаа гаргах гэж нэлээд юм болж байсан тэр хааяа гэнэт бодогдоно. Бас нэг удаа манай дэлгүүрт гал гараад юу ч үгүй шатчихсан. Тухайн үед аав маань “”аавынх нь хүсэл мөрөөдөл бүтээсэн бүхэн нэг л өдөр үнс болчихлоо” гэж ярьж байсныг санаж байна. Би хүүхэд байсан болохоор би уйлаад байсан. Харин миний санахад аав “зүгээрээ дахиад л эхлүүлчихнэ” гээд удалгүй бүгдийг дахиад эхлүүлж чадсан. Энэ бүгдээс харахад манай аав юманд тэгж их санаа чилээдэггүй, асуудал тулаад ирэхэд “зүгээр ээ” гээд бүх зүйлийг болгоно, чадна гэдэг хүн байж. Сүүлийн үед “аав минь байсан бол ингэх байсандаа, тэгэх байсан даа, баярлах байсан даа л” гэж байнга боддог юм байна. Аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд нэрийг нь хугалахгүй амьдарч байгаадаа өөрөөрөө бахархах сэтгэл төрж байна даа.

Бид чинь аав, ээжийгээ мөнх юм шиг л санадаг шүү дээ. Аавыгаа өөд болоход бүх зүйл нураад унах шиг л мэдрэмж төрдөг юм билээ.
-Яг тийм. Аав маань намайг арван жилд байхад өөд болсон. Аавыг байхад элбэг дэлбэг, хангалуун бүх зүйл байдаг байлаа. Аав унахад амьдрал бас жаахан унасан. Аав ээж хоёр минь хамтдаа хөдөлмөрлөж амьдралаа босгосон ингээд амьдралын хоёр багана гэж харвал нэг нь унахад дагаад бас унадаг л юм билээ. Миний ээж их эрх танхи, аав ээжийг их эрхлүүлдэг байсан. Өмнө нь бид чинь нэг их саад бэрхшээлтэй тулж байсангүй. Асуудал тулаад ирэхэд их тэгж нугарч үзээгүй. Тэр сэтгэл зүй маань аав, ээж хоёртой холбоотой байсан санагддаг. Аав маань ямар ч асуудал тулгарсан даваад л гарна, дахиад эхлүүлнэ гэдэг сэтгэл зүйтэй байсан нь бидэнд үгээр хэлэхгүй ч үйлдлээрээ үлгэрлэж дархлаа суулгасан. Хожим ингээд бодоход их сэтгэл зүйн дархлаатай өссөн юм байна гэж бодогдож байна. Дээр хэлсэн дээ, аав маань асуудал тулаад ирэхэд зүгээрээ, болно дахиад эхлүүлнэ гээд дахиад эхнээс нь эхэлдэг. Энэ тууштай, тэсвэр хатуужилтай аав, ээж хоёрын минь зан бидэнд энэ сайхан төлөвшил, сэтгэлийн хат суулгаж юм бүхэнд нураад байхааргүй болгож дээ гээд гэрийнхэнтэйгээ ярьдаг юм. Хүн бүрийн амьдрал адилгүй. Нэг хүнд их зовлон ирээд нөгөө хүн их жаргаад байгаа юм биш шүү дээ. Энэ болгонд нурж унаад байж болохгүй өөрт ирсэн саад бэрхшээлийг хүн туулаад л гарна, тойрч гарсан хүн байхгүй. Сэтгэлийн хаттай байх л их чухал юм байна шүү дээ хүмүүс минь.
-Өөрийнхөө хүүхдүүдийг өсгөхдөө ямар зарчим баримталдаг вэ?
-Ажил хөдөлмөрийн захтай, аливаа юмыг олон талаас нь хардаг хүмүүс болоосой гэж боддог. Манайх зуслан дээрээ гэр барьж амьдардаг. Очихоороо галаа түлээд, усаа зөөдөг. Хүүхдүүддээ өөрсдөө үлгэрлэхийг хичээдэг, дагуулж ажил хөдөлмөрт сургадаг. Хүүхэд, хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрүүлэх хэрэгтэй. Миний том охин ахлах ангид орсон. Одоо нүүрээ будах гээд байдаг юм. Тэгээд би хэлдэг л дээ. Хүүхэд байх цаг хугацаа мөнх бишээ. "Би чамайг өөрийнхөө төрүүлж өсгөснөөр хармаар байна, том болоод хүссэн хүсээгүй гоо, энгэсэг түрхэнэ" гэдэг. Манай охин чинь өтгөн хар хөмсөгтэй ер нь царайны хэлбэр Гарьд магнай кино дээр гардаг Удвалтай маш төстэй. Тэгээд хөмсөгөө нарийн болгож засахаар дэмий юм бишүү гээд хэлдэг. Гэхдээ орчин үеэ дагана, битгий хэтрүүлээрэй гэж захидаг. Хэдий хоёулаа урлагийн хүн цаг зав муутай байдаг ч хүүхдүүдтэйгээ байх цаг хугацааг илүү үр бүтээлтэй, дурсамж бүтээхийг илүүд үздэг. Ер нь сэтгэлийн хаттай, аливаа асуудал тулгарахад нурж унаад байдаггүй хүмүүс болоосой гэж бодож явдаг, тэгж хүмүүжүүлэхийг хичээдэг.
-Урлагийн хүн болох эхлэл нь тэгвэл гэр бүлээс нь эхлэлтэй юм байна. Танаас өөр урлагийн замыг сонгосон хүн бий юу?
-Манайхан чинь бүгд урлаг сайханд дуртай. Аав маань “миний хүүхдүүд тайзан дээр гялалзаад гоё харагддаг шүү” гэдэг байсан. Тийм болохоор энэ мэргэжлийг сонгоход ямар ч саад байгаагүй. Бүгд урлаг, уран сайхантай холбогдсон доо. Манай эгч КУДС-ийг дууны найруулагчаар төгссөн. Түүний дараа би урлагийн сургуульд орсон. Миний доод талын дүү маань мөн КУДС-ийг дууны найруулагчаар төгссөн. Одоо продюсер болсон. Манай Аранжин пикчерсийн So media-ийн захирал Л.Цэрэнтогтох /todgii/ гээд хүмүүс сайн мэднэ дээ. Тэгэхээр биднийг энэ замыг сонгоход аав минь их нөлөөлсөн. Гэр бүлээрээ кино хийнэ гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлийнхөө дагуу л явж байна даа.

-Ерөөс энэ амьдралдаа мөрөөдлөөрөө амьдарч, хувь тавилан хүртэл таныг энэ зам руу хөтөлсөн байна гэж бодож сууна. Яагаад гэхээр таны хань бас урлагийн хүн шүү дээ. Найруулагч байхаа?
-Яг зөв зам дээрээ, зурсан зураг гэж байдаг бол түүгээрээ л амьдарч явна гэж өөрийгөө боддог доо. Ханьтайгаа суугаад бараг 20 жил болох гэж байна. Нэг салбарын тэр дундаа найруулагч мэргэжилтэй хүнтэй сууна гэдэг жүжигчин миний хувьд маш том давуу тал. Хамтдаа ажиллана. Өөр найруулагчийн уран бүтээлд ажилласан ч зааж зөвлөнө, дүрээ хэрхэн амилуулах тал дээр зөвлөгөө авна. Миний хараагүй өнцгийг хардаг. Юмыг олон талаас нь харна, тайлбарлана. Заримдаа бүр сургалт аваад байгаа юм шиг санагддаг. Ажил, амьдрал аль алин дээр нь. За тэгээд ярилцлагад орох бүртээ л нөхрөө ярьж байна даа. Хүмүүс гайхах байлгүй дээ “энэ чинь одоо байнга л нөхрөө магтаж байх юм” гээд. Ер нь бол би дандаа л хэлдэг миний хань маш түшигтэй, аав шигээ л хүнтэй суусан. Аавтайгаа байгаа юм шиг байдаг даа. Энэ бол төгс зураг.
-Дөнгөж их сургуулиа төгсөөд ханьтайгаа бас орон нутагт багагүй цаг хугацааг өнгөрүүлсэн шүү дээ. Тэр тухайгаа дурсан ярихгүй юу?
-Архангай аймгийнхаа төвд төрж, өссөн. Оюутан болж ирээд гэрээ маш их санадаг. Нутаг явмаар санагдах л юм бол амралтаараа гэр рүүгээ явчихдаг байсан. Одоо ингээд ангийнхныхаа зургийг харахаар зарим дээр нь би байхгүй. “Би яасан юм гэхээр” манай ангийнхан “чи гэр рүүгээ л явсан байсан биз” гэдэг. Би чинь их нутаг амьтай. Тэнд аав ээжтэйгээ өнгөрүүлсэн бүх дурсамж байдаг болохоор тэнд байхад маш сайхан, одоо нутаг руугаа явахаар бүх дурсамж сэдрээд аавыгаа маш их санадаг. Тэгээд сургуулиа төгсөөд нутагтаа очиж, аймгийнхаа театрт 5,6 жил ажилласан. Тэр хугацаандаа орон нутгийн театруудаар явж тоглолт их хийдэг байсан.
-2013 онд Южин Онилын эмгэнэлт драмын жүжиг “Тамын дурлал” жүжгийн Аббины дүрээр Гэгээн Муза-д нэр дэвшиж байсан байхаа?
-Тийм. Драмын театрын Ч.Түвшин найруулагч Архангай аймагт очиж жүжиг их тавьдаг байсан. Нутагтаа байхдаа Южин Онилын эмгэнэлт драмын жүжиг “Тамын дурлал” жүжгийн Аббины дүрийг бүтээсэн. Энэ жүжиг өөрөө ганц эмэгтэй гол дүртэй маш хүнд драмын жүжиг. Энэ дүр дээр ажилласнаар дахиад КУДС төгссөнтэй дүйцэхүйц тийм чадвар, мэдлэгийг надад өгсөн. Тэгээд тайзны уран бүтээл олон хоног тавигддаг. Маш их туршлага бас хуримтлуулсан. Энэ дүрдээ дурлаж, мэдэрч, энэ дүрээр бүр хэсэг амьдарсан. Тэгээд 2013 онд Гэгээн муза-12 наадамд шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшиж байсан.
-Хотод хэзээ орж ирж, уран бүтээлээ эхлүүлсэн юм бэ. Анх "Шар гэгээ" уран сайхны кинонд Хоролгаравын дүр бүтээж хүмүүс тэр дүрээр нь илүү мэддэг болсон?
– "Аранжин пикчерс"-ийн хамт олонтойгоо "Шар гэгээ" кинонд мөн хамтран ажилласан. Дэлгэцийн уран бүтээл бол надад маш том сорилт байсан. Үзэгчид одоо намайг "Шар гэгээ" киноны Хоролгаравын дүрээр илүү таньдаг болсон. "Шар гэгээ" бол маргаангүй миний нэрийн хуудас болсон уран бүтээл болсон гэж хэлж болно. Орон нутагт тэр бүр кино уран бүтээл хийгээд байх боломж хомс байсан учраас хүсэл мөрөөдлөө биелүүлье, уран бүтээл хийе, туршлага сууя, илүү ихийг хийж бүтээе гэж шийдээд, зорилго руугаа ойртохын тулд хотод ирсэн. Жүжигчин хүн бүр л улаан хивсэн дээр алхахыг мөрөөддөг байх. Надад ч тийм мөрөөдөл байсан. Тэгээд л хотод орж ирээд уран бүтээлдээ шамдаад "Бүүвэй", "Шар гэгээ", "Нусан багааяа" зэрэг кино уран бүтээлд дүр бүтээлээ. "Мөрч" олон ангит кинонд Цэндийн дүр бүтээсэн.
-Тайз, дэлгэцийн уран бүтээл их ялгаатай байх л даа. Дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээхэд хэцүү байв уу?
-"Шар гэгээ" уран сайхны киноноос өмнө би чинь "Бүүвэй" гээд ганц хүний кинонд дүр бүтээсэн. Дэлгэцийн уран бүтээлээс холдоод удсан, тэгээд ганц хүний дүр гээд надад бол маш их сорилт болсон. Адаглаад л камертайгаа харьцах гээд. Тайзан дээр бол орон зай тийм чухал биш өөрийн дураар хөдөлнө. Гэтэл дэлгэцийн уран бүтээл тэгж болохгүй, хурдан ярьж, хөдөлж болохгүй, үйл хөдлөл бүрээ хянана. Нүдний харц, биеийн хэлэмжээ барина, камертайгаа харьцана гээд ер нь их хүнд дээрээс нь чадах болов уу гэсэн айдастай байсан ч амжилттай давж чадсан. Тэгээд түүний дараа "Шар гэгээ" УСК Хоролгаравын дүрийг бүтээсэн. Тэр үед бол их туршлагажсан байсан болохоор их хүнд байгаагүй. Гэхдээ шинэ уран бүтээл, сэдэв нь бас амаргүй болохоор дүрээ яаж хүмүүст хүргэх үү гэж их бодсон. Уран бүтээлчид маань их тусалж, дэмжиж багийнхантайгаа киноныхоо ард амжилттай гарч хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Ингээд бодоод байхад би бас аавынхаа тэр болгоно, чадна гэсэн занг дуурайсан юм билээ.
Нусан Багааяа уран сайхны кинон дээр баруун монгол аялгаар маш сайн ярьж байсан. Архангайнхан тийм аялгаар ярьдаггүй хаана тэгж ярьж сурсан юм бэ?
-Буянаа, Анхаа хоёр кино хийх гэж байгаа гэхээр нь яг тийм аялгаараа ярьдаг дүр байвал "би тоглоно шүү" гээд өөрөө хэлж байсан юм. Тэгээд манай хоёр дүү эгчээ хоёр дүү нь нэг ийм кино хийх гээд байна аа "та тоглох уу" гэхээр нь "тэгье" гээд л багшийн дүрд тоглосон. Яг ярихаар бас их хэцүү юм билээ. Тэгээд нутагт нь очоод ангийн маань хүүхдүүд, кино багийнхан дуудлагыг маань засаж өгч байсан. Хааяа тоглоод л ганц нэг үг хэлдэг байсан. Яг цагаа тулахаар бас хэцүү юм билээ. Гэхдээ тэр дүрдээ бас их хайртай.

-Тайзаа орхиод багагүй хугацаа өнгөрсөн байна. Дахин тайзан дээр гарах юмсан гэж бодогддог уу?
–Тэгэлгүй яахав. Нээх сайхан тайзан дээрээ гараад дүр бүтээх юмсан гэж маш их хүсэж байгаа. Тайзаа маш их санаж байна.
-Бүтээхийг хүсдэг нууцхан бодож явдаг дүр бий юу?
-Байна аа, байлгүй яахав. "Мандухай сэцэн хатан" шиг сэтгэлд хоногшсон тийм сайхан дүр бүтээнэ гэж бодож явдаг даа.
-Шинэ киногоо орон нутгийн үзэгчдэдээ толилуулаад эхэлсэн байгаа. Одоо хаана, хаана очиж тоглуулах гэж байна?
-"Задлаагүй захиа" киногоо Улаанбаатарт нээсний дараа Дархан, Эрдэнэт хотод очиж нээгээд ирсэн. Одоо маргааш буюу энэ сарын 24-нөөс аян замдаа гарна. Нэгдүгээр сарын 25-нд Увс аймгийн Улаангом хотод 18:00 цагаас киногоо нээнэ. Орон нутгийн үзэгчид маань маш сайхан хүлээж авч сэтгэл өндөр байгаа. Түүний дараа баруун аймгуудаар явах төлөвлөгөөтэй байгаа.
3,548.92






















































Нэргүй 2026-01-23 59.153.113.45
Анхны кино нь 650 гээд инээдмийн кино байдаг
baaxan zalulan zalyysuig xelmegdyylJ 2026-01-23 132.194.13.92
d, H \sp yn i_# eglzy fotoshfw
Нэргүй 2026-01-23 86.169.199.112
Аавдаа хайртай сайн охин байна.
Нэргүй 2026-01-23 203.91.115.37
Бэтгэрнэ гэдэг өөр утгатай шүү дээ, бүсгүй минь. Аавыгаа санаж дурслаа.
хүннү 2026-01-23 122.201.31.104
Мундаг жүжигчин, сайхан эмэгтэй. Өөрийн чинь бүтээсэн дүр болгон сэтгэлд хоногшин үлддэг. Амжилт хүсэе.
Нэргүй 2026-01-23 103.57.92.178
Мэргэжлийн хэллэгээр юу гэж тодорхойлохыг мэдэхгүй, ямартай ч энэ бүсгүйн бүтээсэн дүрүүд их сайхан санагддаг. Кино урлагт ихийг бүтээгээрэй
Гийчин 2026-01-23 202.126.89.221
Шар гэгээ сэтгэлд хүрсэн сайхан кино. Үзээд их баярласан. манайхан чадаж бна гэж бодсон. Энэ охин, тэр нөхөр нь болдог шовгор малгайт хоёр уу. Гоё гоё Уран бүтээлийн амжилт хүсье. Энэ удаа кино найруулсан юм бна, тийм үү.
Нэргүй 2026-01-23 66.181.179.189
Кинонд тоглосон юмуу кино хийсэн юм уу? ойлгосонгүй.
Нэргүй 2026-01-23 103.212.116.159
манай монгол эрчүүд биeэ бодмоор байна. эмнэлэгт дан нөхрөө сахисан эмэгтэйчүүд харагдаж байсан. нөхрүүд эсвэл сэхээнд, эсвэл хүний гарт орох шахсан. хамтдаа олон жилийг эцэс тултлаа туулах хэрэгтэй биз дээ
Нэргүй 2026-01-23 122.201.31.104
Үнэн л дээ. Гэхдээл өөрийгөө бодоод байж чаддаг юм аа. Үр хүүхэд, хань ижил минь бүлтэгнээд байхад…Нэг л мэдхэд сэхээний тасагт орчихсон байдаг юм ш дээ.
Нэргүй 2026-01-23 103.57.92.178
Эхнэрүүд нь л арчаагшй байхгүй юу, мөнхий юм нэхээд л