АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энх тайвны зөвлөл”-д Саудын Араб, Турк, Египет зэрэг долоон улс нэгдэх болсноо хамтарсан мэдэгдлээр зарлав. Үүнд мөн Йордан, Индонез, Пакистан, Катар багтаж байна. Израиль өмнө нь тус зөвлөлд оролцохоо албан ёсоор баталсан юм. Трамп өчигдөр (2026.01.21) ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөвлөлд нэгдэхийг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Путин дараа нь уг урилгыг судалж байгаа гэж хэлжээ.
Энхийн зөвлөл нь анх Газын зурваст Израиль болон Хамасын хооронд үргэлжилж буй дайныг зогсооход тусалж, сэргээн босголтыг хянах зорилготой байсан.
Гэвч зөвлөлийн санал болгож буй дүрэмд Газын зурвас болон Палестины нутаг дэвсгэрийн талаар нэг ч дурдаагүй байсан бөгөөд НҮБ-ын зарим үүргийг орлох зорилготой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Саудын Арабын мэдэгдэлд, тус зөвлөлд нэгдэж буй исламын шашинт орнууд Газад байнгын гал зогсоох, сэргээн босголтыг дэмжих, “шударга бөгөөд тогтвортой энх тайван”-ыг урагшлуулах зорилготой гэжээ. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Трамп олон улс түүний урилгыг хүлээн авсан гэж мэдэгдсэн. Харин ОХУ уг саналыг судалж байгаа бөгөөд хөлдөөсөн хөрөнгөөсөө нэг тэрбум ам.доллар гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Гэхдээ хэр олон улс урилга авсан даруйдаа элсэх нь тодорхойгүй хэвээр байна. Канад, Их Британи улсууд уригдсан ч хараахан хариу өгөөгүй. Харин Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Марокко, Вьетнам зэрэг хэд хэдэн улс аль хэдийн нэгдсэн байна.
Пап лам Лео Ватиканыг урилга хүлээн авсныг баталж, оролцох эсэхээ бодож үзэх шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин Словенийн ерөнхий сайд Роберт Голоб уг саналаас татгалзаж, тус зөвлөл нь олон улсын дэг журамд хөндлөнгөөс оролцож, аюул учруулж магадгүй гэж анхааруулжээ. Цахим сүлжээнд зураг нь нийтлэгдсэн баримт бичигт дурдсанаар, гурван улс албан ёсоор зөвшөөрөх юм бол Энхийн зөвлөлийн дүрэм хүчин төгөлдөр болох бөгөөд гишүүд гурван жилийн хугацаатайгаар нэгдэнэ. Мөн нэг тэрбум ам.доллар хандивласан улс байнгын суудал авах боломжтой аж.
Трамп зөвлөлийн даргаар ажиллаж, удирдах албан тушаалтнуудыг томилох өргөн эрх мэдэлтэй байна.
Цагаан ордон анхны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг зарласан. Тэдний дунд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ойрх Дорнодын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэр нар багтжээ.
Газын зурваст хариуцан ажиллах төлөөлөгчөөр НҮБ-ын хуучин албан тушаалтан томилогдсон. Гэсэн хэдий ч Израиль үүнийг өөртэй нь зөвшилцөөгүй, тус улсын бодлоготой зөрчилдөж байна гэж мэдэгдсэн байна. Энхийн төлөвлөгөөний эхний шатанд гал зогсоох, барьцаанд байгаа хүмүүс болон хоригдлуудыг солилцох, Израилийн цэргийг хэсэгчлэн татах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхээр тохиролцсон. Гэвч Хамас зэвсгээ хураахын оронд тусгаар тогтносон Палестин улс байгуулах шаардлага тавьж, Израиль Газын зурвасаас бүрэн гарахаа амлаагүй тул гал зогсоох хоёрдугаар шат бэрхшээлтэй тулгарч байна. Улмаар гал зогсоох хэлэлцээр эмзэг хэвээр байна. Гал зогсоосноос хойш Израилийн цохилтоор олон зуун палестин хүн амиа алдсан хэвээр байгаа юм.
Дайн 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамасын удирдсан халдлагаас эхэлж, ойролцоогоор 1,200 хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан. Үүний хариуд Израиль Газад цэргийн ажиллагаа явуулж, 71 мянга гаруй хүн амиа алдсан байна.
3,548.92






















































Нэргүй 2026-01-22 103.212.117.57
Барууныхны тэнэг хүмүүсийг маллаж эрхэндээ оруулахаар санаачилдаг Хэрэгтэй хэрэггүй олон улсын гэрээ конвенцид учрыг нь сайн мэдээчгүй байж гүйж очоод ороод байдаг манайхан 1 тэрбум долларыг өр тавиад ч хамаагүй нэр алдар олохын тулд орчих вий дээ. Элбэгээ байсан бол бид мэтийгээ зад фанаалдаж байгаад орчих байсан байх
Дорж 2026-01-22 192.82.65.175
Хүмүүсийг хуурч мэхэлж болох ч ийм юмаар хуурахгүй муу тараамп хог минь, чи эхнэрээ хуурч байна гэж бодоод байгаа юмуу?