Дональд Трамп яг нэг жилийн өмнө АНУ-ын 47 дэх ерөнхийлөгч болж Цагаан ордонд "Америкийн дахин аугаа болгоё" уриагаа цуурайтуулсаар ирсэн. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэг зүйлийг товч тодорхой ойлгуулсан нь анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа "дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлнэ" байв. Улмаар өнгөрсөн 365 хоногийн хугацаанд Трампын засаг захиргаа эдийн засаг, дипломат болон нийгмийн бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн нь АНУ болон дэлхийн аль алиных нь нөхцөл байдлыг өөрчилсөн. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч нэг жилийн хугацаанд ямар ажлуудыг амжуулсан талаар онцолж байна.
228 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАМЖИД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН
Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа эргэн ирсэн эхний өдрөө 26 гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан. Ингэснээр ерөнхийлөгч албан тушаалдаа орсон эхний өдрөө хамгийн олон гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан шинэ дээд амжилтыг тогтоожээ. Гүйцэтгэх захирамж гэдэг нь АНУ-ын ерөнхийлөгчийн гаргасан удирдамж юм. Эдгээр нь холбооны засгийн газрын удирдлагатай холбоотой байх ёстой бөгөөд холбооны хуулийг давж гарах ёсгүй. Гэвч Трамп хязгаарыг давдаг тул түүний гүйцэтгэх захирамжийн олонх нь шүүхийн маргаан дагуулдаг гэж шүүмжлэгч нар үзэж байна. Гэсэн хэдий ч тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн эхний нэг жилийн хугацаандаа нийт 228 гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан. Энэ нь 2017-2021 он хүртэлх дөрвөн жилийн анхны бүрэн эрхийн хугацаандаа гарын үсэг зурсан 220 тушаалаас давсан үзүүлэлт юм.

ДОР ХАЯЖ 605 МЯНГАН ХҮНИЙГ АЛБАДАН ГАРГАСАН
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) мэдээлснээр, Трампын засаг захиргаа 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар "DHS"-ийн ажиллагааны хүрээнд дор хаяж 605 мянган хүнийг албадан гаргасан. Үүнээс гадна нэмэлт 1.9 сая хүн "сайн дураараа" АНУ-ыг орхин явсан. Өнгөрсөн жилийн хугацаанд АНУ-д амьдарч буй 1.6 сая орчим хүн хууль ёсны цагаачийн статусаа алдсан. Үүнд түр хугацаагаар хамгаалагдсан статусаа цуцлуулсан болон оюутны, өндөр мэргэшсэн визний янз бүрийн визтэй хүмүүс багтаж байна. Мөн Трампын тушаалын дагуу Цагаачлал, гаалийн алба дор хаяж 66,886 хүнийг саатуулж, улс орон даяар өдөрт дунджаар 821 хүнийг баривчилсан. Үүнээс гадна Трамп саяхан 75 орны иргэдийг цагаачлалын виз авахыг хориглосон.

БҮГДЭНД НЬ ТАРИФ
Трампын 2025 онд хэлэх дуртай үгсийн санд "холбоотон", "хөршүүд" болон "дайснууддаа ногдуулсан тариф" гэх үгс тэргүүлсэн. Энэ нь дэлхийн худалдааг хямруулж, олон улсын харилцаанд хурцадмал байдлыг улам бүр нэмэгдүүлж байв. Дунджаар АНУ-ын бүх худалдааны түншүүд 10 хувийн тарифт өртсөн бол Энэтхэг улс 50 хувийн татвараар хамгийн хүнд цохилтод өртсөн.
Сангийн яамны өдөр тутмын мэдээллээр, АНУ-ын ногдуулсан тариф нь 2025 онд гаалийн татвар болон бусад татвар, хураамжаас 287 тэрбум ам.долларын орлого олсон байна. Гэсэн хэдий ч АНУ-ын өрх бүрт тариф нь жилийн турш дунджаар 1500 ам.долларын нэмэлт зарлага гаргахад нөлөөлж байна гэж Йелийн их сургуулийн Төсвийн лаборатори мэдээлж буй.

ХОЛБООНЫ АЖЛЫН БАЙРНЫ ЦОМХОТГОЛ
Дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийн удирдлага дор Засгийн газрын үр ашгийн яам (DOGE)-ийг Трамп гүйцэтгэх захирамжаар байгуулсан. Үүний зорилго нь АНУ-ын хамгийн том ажил олгогч болох холбооны засгийн газрын зардлыг бууруулах явдал байв. Ердөө 10 сарын дараа "DOGE" нь холбооны дор хаяж 317 мянган ажлын байрыг халсан. Тухайлбал, Олон янз байдал, тэгш байдал, оролцооны (DEI) бүх оффисыг хааж, Боловсролын яамыг эрс цомхотгосон. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжүүлсэн төслүүдийн үйл ажиллагааг зогсоож, Төрийн департаментын мэдэлд орох хүртэл нь танасан.

ОЛОН УЛСЫН ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА
Трамп ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноосоо хойш Ромын пап Францисын оршуулгын ёслолд оролцохоор Итали, Ватиканд богино хугацаанд айлчилсан. Үүний дараа албан ёсоор анхны айлчлалаа Саудын Арабаар эхэлсэн юм. Одоогоор Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд 13 оронд айлчилж, олон улсын дипломат ажиллагаатай бизнесийн хэлэлцээрүүдийг хийсэн байна. Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаандаа 25 оронд айлчилсан боловч "Covid-19"-ийн улмаас зарим айлчлал нь хойшлогдож байсан.

ДОЛООН ОРНЫГ БӨМБӨГДСӨН НЬ
Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхэн үедээ олон улсын мөргөлдөөнүүдийг дуусгана гэж амлалт өгсөн. Үүнээс хойш түүний засгийн газар долоон оронд цохилт өгсний сүүлийнх нь Венесуэл юм. Зэвсэгт мөргөлдөөний байршил, үйл явдлын мэдээллийн хяналтын мэдээллийн дагуу АНУ болон түүний холбоотнууд 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос энэ оны оны нэгдүгээр сарын 5-ны хооронд дор хаяж 658 удаа агаарын болон нисгэгчгүй онгоцоор цохилт хийсэн байна. Трамп нэгдүгээр сард албан тушаалаа авснаасаа хойш дор хаяж найман дайныг зогсоосон гэж мэдэгдсэн боловч түүний "шийдвэрлэсэн" гэх хэд хэдэн зөрчил улам бүр даамжирсан.

УУР АМЬСГАЛ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН
"Drill, baby, drill" гэсэн уриатай Трамп 2.5 сая гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг далайн эргийн өрөмдлөгт зориулан нээсэн нь холбооны байгаль орчныг хамгаалах ажлыг зогсоосон дохио болсон. Тэрбээр Парисын хэлэлцээрээс гарах зэрэг Байдены үеийн дор хаяж 30 уур амьсгалын бодлогыг гүйцэтгэх захирамжаар цуцалсан.

3,548.92






















































Нэргүй 2026-01-22 103.212.117.88
2025 оны 3 дугаар сард явуулсан судалгаагаар судалгаанд оролцсон АНУ-ын иргэдийн 40% нь Трампын өөрчлөлтүүдийг дэмжиж, 43% нь эсэргүүцэж байсан бол оны сүүл гэхэд дэмжигчдийн тоо 34% болж буурч, эсэргүүцэгчдийн тоо харин 49% болж өссөн байна лээ дээ. Мөн ТРАМП БОЛ ХААН БИШ гэсэн эсэргүүцлийн жагсаалууд ч өрнөж байгаа. Хэдхэн хоногын өмнө Грийнландыг АНУ-д нэгтгэх санааг нь эсэргүүцсэн гээд Европын 8 оронд өндөр тариф ноогдуулна гэж зарлиг гаргачихаад 7 ч хоноогүй байхад БОЛИЛОО БОЛИЛОО гэх ккк
Нэргүй 2026-01-22 188.162.254.93
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
зочин 2026-01-22 66.181.186.174
Ядуу буурай,хүч чадал сул орныг цэргийн хүчээр эзлэн түрэмгийлж,нийгмийн баялагийг нь сорж мөлжих үүд хаалгыг Трамп нээж өглөө, Олон улсын харилцааны хэв хэмжээг зөрчин НҮБ-ын гишүүн орны тусгаар тогтнолд бүдүүлгээр халдаж,бусдыг дорд үзэж буй ,АНУ-ын энэ мэт түрэмгийллийг бусад хүчирхэг гүрэн яагаад давтаж хэрэгжүүлж болохгүй билээ, Барууны гол зорилго бол ОХУ ,БНХАУ-ыг сүйрүүлэн ,дэлхийд ганцаар ноён суух ,колоний системээ сэргээх явдал гэдэг нь улам ил тод болсоор байна
Аугаа 2026-01-22 174.198.133.97
Аугаа гэдэг үгийг агуу гээд бичээд сурч байна даа хөөрхий. Ядаж хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчид зөв бичээд байвал олон нийт ойлгох болно. Агуу гэдэг уул агуй гэдэг агуу юм.