Цахим ертөнц, шар хэвлэлүүдийг дүүргэж буй сүүлийн үеийн шинэ сонин хүн гэвэл Бруклин Бекхэм. Дэлхийд данстай хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, хээнцэр спайс Викториа нарын дундаас төрсөн тэрбээр эхнэр авснаасаа хойш ээж, аавтайгаа таарамж муутай болсон. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа гэрэл зурагчин, загвар өмсөгч Бруклин Жосеф Пелтз Бекхэмийг онцолж байна.
Бруклин Жосеф Бекхэм 1999 оны гуравдугаар сарын 4-нд Лондон хотын Портлэнд эмнэлэгт төржээ. Дэлхийн бараг бүх хүний мэдэж байгаачлан, түүний аав бол хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэм, ээж нь Английн алдарт "Spice Girls"-ын гишүүн Викториа Бекхэм. Викториа хөл хүнд болсон гэдгээ Нью-Йоркийн Бруклинд явж байхдаа олж мэдсэн тул хүүдээ Бруклин гэх нэр өгсөн гэдэг.
Аав нь "Real Madrid", "LA Galaxy" клубүүдэд тоглож байсан тул Бруклины хүүхэд нас Мадрид, Лос Анжелес хотуудад өнгөрчээ. Түүний гурван дүүг Ромео Жэймс, Круз Дэвид, Харпер Севен гэдэг. Бруклин, Ромео нар 2004 оны арванхоёрдугаар сард баптисм хүртсэн. Дуучин Элтон Жон, кино найруулагч Дэвид Ферниш, жүжигчин Элизабет Хёрли нар бол Бруклины загалмайлсан эцэг эхчүүд юм.












Бруклин 15 настайдаа анх удаа ажил хийсэн нь Баруун Лондон дахь нэгэн кофе шоп байв. Энд тэрбээр амралтын өдрийн ээлжинд ажилладаг байжээ. Мөн Арсеналь хөлбөмбөгийн клубын академид тоглодог байсан ч тэтгэлэг авч чадаагүй тул 2015 онд гарчээ.
МАГТААЛ ХҮРТЭХ ЭРХГҮЙ ХҮН
Өдгөө түүний карьерыг загвар, гэрэл зураг, хоол гэсэн гурван зүйлээр тодорхойлж байна.
Загварын өндөр мэдрэмжтэй, хээнцэр ээжийн хүү Бруклин 2014 оноос мэргэжлийн загвар өмсөгчөөр карьераа эхлүүлжээ. "Vogue China", "Miss Vogue", "Interview", "L’Uomo Vogue", "T:The New York Times Style Magazine", "Dazed Korea" гээд нэр хүндтэй олон сэтгүүлийн нүүрийг чимсэн нь түүний загварын карьер тун амжилттай байсны нэг баталгаа. Түүнчлэн "Huawei" брэндийн элч төлөөлөгчөөр Скарлетт Йоханссон, Карли Клосс, Хенри Кавилл нартай мөр зэрэгцэн ажиллаж байв. Хамгийн сүүлд 2021 онд "Superdry" брэндийн элч төлөөлөгч болжээ.
Бруклин гэрэл зурагчны хувиар анхны том ажлаа авсан нь 2016 он. Тухайн үед тэр дөнгөж 16 настай байсан ч "Burberry"-ийн кампанит ажилд оролцож, алдартай моделиудын зургийг авчээ. Гэвч Бруклин Бекхэмийг ажиллуулсныхаа төлөө "Burberry" брэнд мэргэжлийнхний шүүмжлэлийг сонсчээ.
Тухайлбал, гэрэл зурагчин Крис Флойд "Бекхэмийг ажиллуулсан нь гэрэл зургийн салбарын нэр хүндийг унагасан явдал" гэсэн бол загварын гэрэл зурагчин Жон Горриган "Энэ бол танил талдаа давуу тал олгодог явдлын тод жишээ" гэж шүүмжилжээ.
Шүүмжлэлийг хүлээн авсан Бруклин 2017 онд Нью-Йорк дахь Парсонс загварын сургуульд албан ёсоор гэрэл зургийн чиглэлээр мэргэшиж эхлэв. Гэвч харамсалтай нь дөрвөн жил сурах ёстой байсан Бруклин эхний нэг жилээ ч бүрэн дуусгаагүй бөгөөд сүүлд нь сургуулиа бүр хаясан байна.








Түүний гэрэл зургийн анхны ном "Миний харсан зүйлс" 2017 оны зургадугаар сард хэвлэгджээ. Гэвч энэ ажил нь мөн л шүүмжлэлийн бай болсон бөгөөд хүмүүс зарим гэрэл зургийг нь "Х" платформд "дундаа тавиад хувааж иджээ." Харин номыг хэвлэсэн "Random House" хэвлэлийн компани Бруклин энэ бүтээлийг өсвөр насны шүтэн бишрэгчдэдээ түлхүү зориулсан гэж өмгөөлжээ.
Дараа нь 2019 онд тэрбээр Британийн гэрэл зурагчин Ранкины дэргэд дадлагажигчаар ажилласан байна.
Загвар өмсөгчийн карьераа орхисон, гэрэл зурагчны карьер нь шүүмжлэлийн бай болсон Бруклины хувьд тогоочийн карьер мөн л амаргүй байдаг бололтой.
Түүний мэргэжлийн тогооч болох хүсэл сонирхлыг олон нийт 2021 онд мэдэж авчээ. Гэвч цахим ертөнцөд цацсан "Бруклинтэй хамт хоол хийе" цуврал контент нь мөн л шүүмжлэл дагуулсан. Тус цувралын анги бүрт 62 мэргэжилтэн урьж оролцуулсан бөгөөд нэг ангийн зардал нь л дангаараа 100 мянган ам.доллар болсон гэдэг. Харамсалтай нь, номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэжилтэн биш тул Бруклин мөн л шүүмжлэл хүртсэн.








ИШИГ ЭВРЭЭ УРГАХААР ЭХЭЭ МӨРГӨДӨГ
Сонгосон карьерууд нь төдийлөн амжилттай болоогүй ч Бруклин Бекхэм олны хайртай хүү. Гэвч түүний энэ дүр төрх сүүлийн үед эвдэгдэх боллоо.
Юун түрүүнд Бруклин Бекхэм эхнэрээсээ өмнө жүжигчин, бүжигчин, дуучин, загвар өмсөгч гээд олон экстэй байв.
Түүний үерхлийн гинжин хэлхээг тасалж, үүрдийн хайр нь болохоор сонгогдсон эмэгтэй бол жүжигчин Никола Пелтз. Тэд 2020 оны нэгдүгээр сард анх үерхэж байгаагаа зарласан бөгөөд мөн оныхоо долдугаар сард сүй тавьжээ. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сарын 9-нд еврей маягаар гэрлэцгээжээ. Бекхэмийн элэнц өвөө, Пелтзийн аав хэн хэн нь еврей хүмүүс байсан аж. Эхэндээ Бекхэмийн гэр бүл шинэ бэртэйгээ эвтэй найртай байж, янз бүрийн арга хэмжээнүүдэд хамт харагдаж байсан.
Гэвч энэ он гарсаар Бруклин Бекхэм гэр бүлээсээ хөндийрсөн тухайгаа анхлан мэдэгдэж, эхэг эхтэйгээ зөвхөн хуульчдаар дамжуулан холбоо тогтооно гэсэн юм. Үүнийхээ дараа олон нийтэд зориулсан уртаас урт тайлбар мэдэгдэл гаргасан нь Бекхэмийн гэр бүлд ан цав үүссэнийг албан ёсоор баталсан. Тус мэдэгдэлдээ Бруклин гэр бүлтэйгээ эвлэрэх бодолгүй байгаагаа илэрхийлээд, эхнэр нөхрийн харилцааг сүйтгэхийг оролдсон, өөрийнх нь талаар сөрөг мэдээлэл тарахад нөлөөлсөн гэж аав ээжийгээ буруутгажээ.






Тэр дундаа хуримын анхны бүжгийг нь булаан авч, зохисгүй байдлаар бүжиглэсэн гэж ээжийгээ буруутгасан. Викториагийн бүжгийн бичлэг энд тэнд цацагдаагүй ч энэ мэдээлэл цахим орчинд асар хурдтай тархаж, янз бүрийн элэглэл, меме зураг ч олшроод байна. Цаашилбал, Николагийн хуримын даашинзны сонголтоос болоод үл ойлголцол үүссэнийг ч Бруклин дурджээ. Викториа бэрдээ өөрийн брэндийн даашинзыг өмсгөхөөр тохирсон байсан, Никола ч үүнд дуртай байсан боловч эцсийн мөчид хадам ээж шийдвэрээ өөрчилсөн байна. Тиймээс давчуу цаг хугацаанд баригдсан Никола "Valentino"-ийн даашинз сонгосон аж.
Дэвид Бекхэмийн баримтат кино 2023 онд гарсан боловч тус кинонд харуулсан зураглалуудыг олон нийтэд зориулсан хуурамч дүр төрх гэж зарим хүн шүүмжилж байна. Бруклины хэлснээр, тэдний гэр бүлийн хайр олон нийтийн сүлжээнд хэчнээн удаа бичлэг хийсэн, яаж зургаа авхуулснаар л хэмжигддэг. Мөн түүний гэр бүлийн амьдрал, олон нийтийн өмнө дэлгэх мэдээлэл зэргийг эцэг эх нь толгой мэддэг гэжээ. Дээр дурдсанчлан, гэрэл зурагчин, тогоочийн карьер нь олигтой зүйл болоогүйд эцэг эхийнх нь хараа хяналт буруутай аж.
Олон нийтийн хувьд зарим нь Бруклиныг өмгөөлж, Викториаг хахир хадам эх хэмээн цоллосон бол зарим нь ишиг эврээ ургахаар эхээ мөргөдөг, тэр одоо ч Дэвид Бекхэмийн мөнгөөр туйлж байгаа гэх зэргээр Бруклиныг буруутгажээ.
Бекхэмийн хүчирхэг гэр бүлийг "Бекхэм брэнд" гэж нэрлэдэг. Гэвч эцэг эх нь гэр бүлийн халуун дотно харилцааг бус энэ брэндээ л эрхэмлэдэг гэж Бруклин гомдож байна.
3,548.92




















































Bean 2026-01-22 202.126.89.128
"Aldaatai buteegdehuun" Andiig bas tgj helj bolkushde hahah
Балган 2026-01-22 192.82.65.175
эцсийн эцэст эцэг эхийн зөв байдаг шүү тэнэг хог бүрүүклин минь ээ, эртхэн ухаарах хэрэгтэй шүү, эцэг эхээсээ уучлал гуйгаад аятайхан яв
Нэргүй 2026-01-22 172.58.243.28
Үхэр монгол ханшиараа тат, тэнд шал аөр соёл буй !
Нэргүй 2026-01-22 66.181.165.234
Англи тэнэглэл мөнгө хийсээр
bldjilj, bayn munguur shax 2026-01-22 132.194.13.92
– nartaid shar materialaar movie