Хятад, Өмнөд Солонгосын өрсөлдөх шинэхэн талбар

FASHION

Хятад, Өмнөд Солонгосын өрсөлдөх шинэхэн талбар

Хятад, Өмнөд Солонгосын өрсөлдөх шинэхэн талбар

Фүжиан мужийн 28 настай нягтлан бодогч Шиэ Роүмэй ахлан ангийн сурагч байхаасаа эхлэн Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн ашиглаж эхэлжээ. Тэрбээр үе тэнгийн охид, бүсгүйчүүдийн адил Солонгос гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл хөгжиж буй үед арьс арчилгаа, будалтаа анхаарч эхэлсэн юм. Зөвхөн Шиэ ч гэлтгүй тус улсын поп дуу, олон ангит цуврал кино, "толь мэт арьс" трендийн давлагаа хүчтэй үргэлжилж, аль ч улсад гоо сайхны бараа бүтээгдэхүүн нь алдаршиж, хэрэглэгчдээр тасардаггүй "гүрэн" болон хувираад буй. Өдгөө Өмнөд Солонгос улс гоо сайхны экспортоороо дэлхийн хоёрт жагсаж, 200 гаруй улс оронд байнгын хэрэглэгчтэй гэгдэж байна. Харин нэгдүгээр байрыг Франц улс эзэлдэг аж. Гэхдээ саяхан гарсан судалгаагаар Хятад улс гоо сайхны ертөнцөд хүч түрэн орж ирээд байна.

Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар Хятадын косметикийн экспорт бараг л 4 тэрбум ам.доллар хүрч, 2024 онтой харьцуулахад 8.7 хувиар нэмэгджээ.

Мөн адил хугацаанд Өмнөд Солонгосын экспорт 10.3 тэрбум ам.долларт хүрсэн. Хэдийгээр тус улс гоо сайхны салбарт тэргүүлж байгаа ч Хятад хэзээ мөдгүй түрүүлэх нь байна. Учир нь хүн амын тоогоор илүүрхэх Хятадын хэрэглэгчид дотоодын бүтээгдэхүүнээ илүүд үзэж эхэлсэнтэй холбоотой. Өнгөрсөн онд Хятадын импорт буурч, дотоодын гоо сайхны салбарын магнатууд зах зээлийг эргүүлэх болжээ. Хэдийгээр одоог хүртэл Өмнөд Солонгосын гоо сайхны бараа бүтээгдэхүүн Хятадад алдартай хэвээр байгаа ч хэрэглэгчдийн хувьд ялгаа нь бараг мэдэгдэхээргүй болсон гэж хэлж байна. "Бүтэц, өнгө, үнэр, арьсан дээр үзүүлэх нөлөө нь мэдэгдэхүйц ялгаатай байхаа больсон" гэж Шиэ онцлов. Тиймээс Өмнөд Солонгосын гоо сайхны ертөнцөд Хятад гэх томоохон өрсөлдөгч гарч иржээ.

ХЯТАДЫН ГОО САЙХНЫ САЛБАР ДОТООДЫН ЭХ ОРОНЧ ХЭРЭГЛЭЭНЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ

Хятадын гоо сайхны салбарын огцом өсөлт нь “гуочао” хэмээх эх оронч хэрэглээний чиг хандлагатай холбоотой. Тухайлбал, 2010-аад оны сүүл үеэс эхлэн хэрэглэгчид үндэсний соёл, өв уламжлал, гоо зүйг шингээсэн дотоодын брэндүүдийг илүүд үзэх болсон юм.

2024 он гэхэд Хятадын гоо сайхны дотоодын зах зээлийн 55.7 хувийг орон нутгийн брэндүүд эзэлж байсан гэж Солонгосын Худалдаа, Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг мэдээлжээ. Энэ өсөлт нь гадаадын брэндүүдийн зах зээлийн эзлэх хувийг багасгасан байна. Мөн Хятадын зах зээлийн өсөлт Өмнөд Солонгост хамгийн их мэдэгджээ. АНУ-ын пуужингаас хамгаалах системийг 2016 онд Өмнөд Солонгост байрлуулсан. Үүний дараа Хятад улс Өмнөд Солонгосын соёлын бүтээгдэхүүн болон хэрэглээний бараанд албан бус хязгаарлалт тавьжээ. Улмаар Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн Хятадын зах зээлээс ухрахад хүрсэн байна.

"Euromonitor"-ийн мэдээллээр, Хятадын зах зээлд эзлэх Өмнөд Солонгосын гоо сайхны экспортын хувь 2022–2025 оны хооронд 69 хувиас 23 хувь болж огцом буурчээ.

Одоо дотоодын хэрэглээ саарч, өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр Хятадын гоо сайхны салбар гадаад зах зээл рүү түргэн тэлэх шинэ шатанд орж байна. Жишээлбэл, "Ushopal Group" компани 2024 оны гуравдугаар сард 70 гаруй оронд салбартай, зуу гаруй жилийн түүхтэй Францын арьс арчилгааны "Payot" брэндийг худалдан авсан. Уламжлалт хятадын гоо зүйг бүтээгдэхүүндээ шингээдэг дээд зэрэглэлийн "Mao Geping" брэнд мөн их дэлгүүрийн лангуу болон онлайн сувгаар дамжуулан олон улсад тэлэх төлөвлөгөөгөө зарлажээ. Мөн гүнж маягийн сав баглаа боодолтойгоороо алдартай "Flower Knows" брэнд Сөүл хотод анхны түр дэлгүүрээ нээж, Өмнөд Солонгосын зах зээлд зориулсан албан ёсны онлайн дэлгүүрээ ажиллуулсан юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, хэрэглэгчдийн итгэл нэмэгдэж буй нь Хятадын брэндүүдийг дээд зэрэглэлийн сегмент рүү шилжих боломж олгож, тэднийг зөвхөн хямд үнээр өрсөлддөг гэсэн ойлголтыг эвдэж байна.

Хятад улс өрсөлдөхүйц үнийг хадгалах хэр нь бүтээгдэхүүний чанар, үйлчилгээг хурдан сайжруулах стратеги баримталж байгаа нь бусад салбарт ч амжилттай хэрэгжиж иржээ. Өмнөд Солонгосын томоохон гоо сайхны компанийн нэгэн удирдах албан тушаалтан нэрээ нууцлан хэлэхдээ, “Өнөөдөр Хятад брэндүүдийн гоо сайхны зах зээлд хариу үйлдэл үзүүлэх хурд, цар хүрээ, хөрөнгө оруулалттай бодитоор өрсөлдөх чадвартай брэнд цөөн байна” хэмээн хэлжээ.

ХЭСЭГЧИЛСЭН ӨРСӨЛДӨӨН ҮҮ?

Хятадын гоо сайхны брэндүүд хурдацтай өсөж байгаа ч хоёр орон одоогийн байдлаар бүх салбарт шууд өрсөлдөгч болоогүй байна. Учир нь тус бүр өөр өөр төрлийн бүтээгдэхүүнээрээ давуу талтай. Өмнөд Солонгос улс арьс арчилгааны бүтээгдэхүүнээр гоо сайхны экспортынхоо гол хэсгийг бүрдүүлсээр байна. Харин Хятадын компаниуд нүүр будгийн гоо сайхны бүтээгдэхүүн болох нүдний тень, уруулын будаг, хиймэл сормуус зэргээрээ илүү амжилттай ажиллаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь брэндийн үнэнч хэрэглэгч бага шаарддаг бөгөөд чиг хандлагад суурилсан хэрэглэгчдэд илүү таалагддаг.

Сөүл хотод ажилладаг нүүр будалтын мэргэжилтэн Хон Жүми “Temu, AliExpress зэрэг платформоор дамжуулан Хятадын нүдний будаг, хиймэл сормуус зэрэг бүтээгдэхүүнийг хямд үнээр авч, шинэ хэв маягийг туршиж болдог” гэжээ. Гэхдээ тэрбээр гадаадын арьс арчилгааны шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ болгоомжтой ханддаг, учир нь урт хугацааны нөлөөнд нь эргэлздэг байна. Энэ нь "Perfect Diary", "Florasis" зэрэг Хятадын брэндүүдэд нийтлэг тулгарч буй асуудал юм.

Эдгээр компаниуд өнгө будгийн бүтээгдэхүүнд зах зээлийн байр сууриа олсон ч илүү үнэтэй арьс арчилгааны салбартаа хэрэглэгч татахад хүндрэлтэй тулгарсан хэвээр байна гэж шинжээчид хэлжээ.

Арьс арчилгааны салбарт амжилт олохын тулд хэрэглэгчдийн урт хугацааны итгэл маш чухал юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өнөөдөр Өмнөд Солонгос, Хятадын гоо сайхны бүтээгдэхүүнүүд ойролцоо үнэтэй болсон тул үнэ нь ялгах гол хүчин зүйл байхаа больжээ. Харин Өмнөд Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүний гол давуу тал нь 15 гаруй жилийн турш дэлхийн зах зээлд бий болгосон итгэл юм. Тус улсын арьс арчилгааны брэндүүд мөн тодорхой давуу талтай. Үүнд брэндийн хүчтэй таних тэмдэг, соёлын нөлөө, дэлхий даяарх түгээлтийн сайн сүлжээ багтана. Тэд чинээлэг Барууны зах зээлд амжилттай нэвтэрч, сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнод болон Өмнөд Америкт байр сууриа бэхжүүлжээ.

Өмнөд Солонгосын соёл дэлхий даяар түгэн дэлгэрсэн нь гоо сайхны салбарт нь эерэг нөлөө үзүүлж, арьс арчилгаа, гоо заслын үйлчилгээ хайсан олон улсын жуулчдыг татаж байна.

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Шанхайд болсон гоо сайхны арга хэмжээнд оролцож, дотоодынхоо гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилжээ

Энэ нь тус улсын брэндүүдийн нэр хүндийг өсгөж, урт хугацаанд экспортын эрэлтийг дэмжих боломжтой гэж шинжээчид үзэж байна. Мөн хоёр улсын харилцаа сайжирвал Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн Хятадын зах зээлд дахин хүчээ авах боломжтой.

 

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bodlooyugl 2026-01-21 132.194.13.92

yuch,saitaar zasaglyylj, ardbarsyk medee buchij kolont?

Avatar

иргэн 2026-01-21 66.181.181.36

Хор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж