Их Британи улс Лондон хотын төв хэсэгт асар том талбайг хамрах шинэ Элчин сайдын яам байгуулах Хятадын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрчээ. Тус байгууламжийг тагнуул болон аюулгүй байдлын эрсдэлтэй гэж болгоомжилж байсан тул эцсийн шийдвэр хэд хэдэн удаа хойшлогдож байсан юм. Хятадтай ойр дотно харилцаагаа эвдэлгүйгээр эцсийн шийдвэрийг гаргах нь Их Британийн засгийн газрын хувьд сорилт болжээ.
Элчин сайдын яам байгуулах ажлын үйл явцыг тагнуулын байгууллагууд нарийн хянаж байгаа бөгөөд аливаа эрсдэлийг журмын дагуу зохицуулна гэдгийг Их Британийн Аюулгүй байдлын сайд Дан Жарвис хэлэв. Хятадын дипломат албаны долоон өөр газар байсан байршлыг нэг дор нэгтгэснээрээ энэ байгууламж үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээний давуу тал болж байгаа аж.
Барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг тодорхой нөхцлүүдийн дагуу олгосон гэж орон сууцны асуудал хариуцсан сайд Стив Рийд хэлсэн байна.
Хятадын Элчин сайдын яам Лондон хотын төвд, маш их мэдээлэл дамжуулдаг шилэн кабелиудын ойролцоо байрладаг тул нууц мэдээлэл алдагдах вий гэх болгоомжлол бий. Гэхдээ уг байршлыг ашиглах нь кабелиудад ямар ч саад учруулахгүй гэж албаныхан мэдээлж байна.
Сөрөг хүчний намынхан болон иргэд олон нийт зэргээр мега Элчин сайдын яам байгуулах төслийг эсэргүүцэгсэд ч мэдээж бий. Тухайлбал, консерватив улстөрч Прити Пател хэлэхдээ "Кейр Стармер супер Элчин сайдын яам байгуулах энэ ичгүүртэй төлөвлөгөөнд бууж өгснөөрөө үндэсний аюулгүй байдлаа Хятадын Коммунист намд зарж байна" гэжээ. Мөн Их Британи дахь хонгконгчуудын аюулгүй байдлын асуудал ч энд хөндөгдөнө гэдгийг Либерал ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Калум Миллер хэлэв.
Мега Элчин сайдын яамны байгууламж 20 мянган метр квадрат талбайг хамарна. Европын өөр хаана ч одоогоор ийм том зай талбай эзэлсэн Элчин сайдын яам байхгүй.
Хятад улс тус байгууламжийг 2018 онд 255 сая фунт стерлингээр худалдаж авсан бөгөөд Элчин сайдын яам байгуулах зөвшөөрлөө урт хугацаанд хөөцөлджээ. Аюулгүй байдлын асуудлаас шалтгаалаад Тауэр Хамлетс зөвлөл 2022 төлөвлөгөөг буцаасан. Гэхдээ Хятадын тал 2024 онд дахин хүсэлт гаргажээ.
Аяганы хариу өдөртөө гэдэгчлэн, Их Британи улс ч бас Бээжин хотод өөрсдийн Элчин сайдын яамыг барихаар зөвшөөрөл хүлээж байна. Тус байгууламжийн ажлыг 100 сая фунт стерлинг гэж төсөвлөж байна.
Дашрамд дурдахад, ерөнхий сайд Кейр Стармер ойрын хугацаанд Бээжинд айлчлахаар төлөвлөж буй. Их Британи улсын ерөнхий сайд 2018 оноос Хятадад айлчлаагүй тул энэ удаагийн айлчлал нэн ач холбогдолтой.
3,576.02






















































Нэргүй 2026-01-21 103.212.162.204
Zvvnii vzeltnvvd asuudal garsan hoino ni amaa baridiimaa. Conservativuud tom ersdeltei alham hezee ch hiideggv.
Нэргүй 2026-01-21 103.57.94.141
eeeee hoorhiidoo anglichuud hytaduudiiin omno buult hiih gej .dalain ih guren bailaa tsagtaa
Нэргүй 2026-01-21 103.57.95.46
МИ 6 хянаж чадна гэдэгтээ итгэлтэй байсан болоод зөвшөөрсөн биз