Сурвалжлага: "Арав гаруй жил ажилласан ажлаа орхиж, оёдол хийх замыг сонгосон"

Сурвалжлага: "Арав гаруй жил ажилласан ажлаа орхиж, оёдол хийх замыг сонгосон"

Сурвалжлага: "Арав гаруй жил ажилласан ажлаа орхиж, оёдол хийх замыг сонгосон"

Бид энэ удаагийнхаа сурвалжлагаар Жижиг, дунд бизнес эрхэлж цөөнгүй хүмүүсийг ажлын байраар хангаж буй бизнес эрхлэгч, оёдолчин Ц.Байгальмаагийн ажил амьдрал, бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлсэн, ямар асуудлууд тулгарч байсан талаар хөндлөө.


Ц.Байгальмаа 2016 онд арав гаруй жил ажилласан ажлаа орхиж, оёдлыг хобби биш бизнес болгохоор шийдэж хувиараа бизнес хийх замыг сонгожээ. Учир нь түүний хувьд тухайн үед 600 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байж. Ажлынхаа хажуугаар ганц хоёр монгол дээл зарим үед пиджаж, өмдний захиалга авч оёдог байсан аж. Нэг удаа массын хувцасны захиалга авч сарын цалингаа гурван өдөрт олж, түүндээ урамшин хувиараа оёдол хийх санаа төржээ. Ингээд ажлаасаа гарч оёдол хийдэг юм уу гэж нэлээд бодсоны эцэст гэрийнхээ нэг өрөөг оёдол хийх зориулалтаар тохижуулж, эмээгийнхээ хуучин оёдлын машинтай, ажлынхаа хажуугаар анх бизнесийн гараагаа эхлүүлсэн байна.

Ингээд 2021 оноос эхлэн оёдол хийх зориулалтаар байр түрээсэлж, ингэхдээ гарааны мөнгө байгаагүй учир эгчээсээ 2,5 сая төгрөг зээлж эхний гурван сарын түрээсийн мөнгөө төлөөд үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өдгөө арав орчим хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Өдгөө тэрбээр, үндэсний хувцас, ажлын хувцас гээд олон төрлийн хувцасны захиалга авч гүйцэтгэдэг байна. Түүний хувьд зөвхөн өөрийн бизнесийг хөгжүүлэхээс гадна залуу хүмүүсийг авч ур чадвар олгож дадлагажуулж ажлын байраар хангадаг аж.

БГД, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 20. Оёдолчин Ц.Байгалмаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Ц.Байгальмаагийн хувьд Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн. Нутагтаа арван жилийн сургуулиа дүүргээд оюутан болоод анх хотод орж иржээ.  Тэрбээр, Чингис Соосэ олон улсын сургуулийг олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн ч өөрийн хүсэл сонирхлын дагуу "Сэтгүүл зүйн хүрээлэн"-д сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн байна. Ингээд амьдралынхаа арав гаруй жилийг улс болон хувийн хэвшилд ажиллаж өнгөрүүлжээ. Түүний хувьд бага байхаасаа эмээ болон авга эгчийгээ оёдол хийхэд дэргэдээс нь харсаар байгаад юм оёж сурсан байна. Ц.Байгальмаагийн анхны үйл нь өөрийн цамцаа тайрч загварыг нь өөрчилж өмсөхөөс эхэлсэн аж.

Тэрбээр "Хамгийн анх наймдугаар ангидаа өөрийнхөө урт жинсэн цамцыг тайрч, загварыг нь өөрчилж өмсөөд ангидаа очтол манай ангийнхан "ямар гоё юм бэ, хаанаас авсан юм, яаж ингэж өөрчлөө вэ" гээд маш их гайхаж бас их урамшуулсан. Тухайн үед гэрийнхэн, найзуудын хэлсэн үг надад маш их урам өгч, юм оёх сонирхол илүү төрж байсан. Үүний зэрэгцээ арван жилд байхдаа хөдөлмөрийн хичээлдээ маш дуртай, их бүтээлч ханддаг байсан. Гэхдээ би тухайн үед оёдолчин болно гэж бодож байгаагүй. Зүгээр л эмээ, авга эгч нар маань юм оёдог уран хүмүүс байсан болохоор сонирхоод  хааяа өөртөө хувцас оёж эхэлсэн. Ингээд хотод оюутан болж ирээд, өөрийнхөө хувцсыг оёод өмсчихдөг байлаа. Миний гар жаахан урт тэгээд хувцас авахаар цээжээрээ таараад ханцуй нь богинодоод байдаг юм.

Тэгээд ч өөрөө оёж чаддаг юм чинь хувцсанд мөнгө үрэхгүй гээд өөрийнхөө хувцсыг оёод өмсчихдөг байсан юм.

Ингээд сургуулиа төгссөний дараа ажилд ороод ч мөн ажлынхаа хажуугаар захиалга авч дээл, ганц нэг европ хувцасны захиалга авдаг байсан. Орой ажлаа тарж ирээд л шөнийн 2,3 цаг хүртэл юмаа оёод суучихна. Ингэхдээ хэзээ ч захиалгаа хугацаанаас нь хоцроож үзээгүй. Одоо ингээд бодоход юм оёх өгөгдөл байсан түүнийгээ орхилгүй хөгжүүлж тууштай байсны үр дүн гэж боддог доо" гэж ярих зуураа эсгэж, эмжиж ажилдаа огт түүртэхгүйн дээр тун ч шалмагхан хөдлөх ажээ. Ингэхдээ тэрбээр “Би ер нь их хурдан хөдөлгөөнтэй. Нэг өдөрт 100 гаруй монгол цамцыг дор нь эмжчихдэг. Сард 66 хүрэм оёж Хөх хотын үзэсгэлэнд анх оролцож байлаа. Хүүхэд байхаасаа оёж сурсан болохоор бүх зүйл гарт орчихсон. Нүд маань бараг метр л гэсэн үг” хэмээн инээмсэглэх нь хүн дуртай зүйлээ хийж, түүнийгээ амьдралынхаа эх үүсвэр болгосноор хэчнээн ачаалалтай байсан ч төвөгшөөдөггүй юм байна гэдэг нь түүний ажилдаа хандах хандлагаас харагдана.

БГД, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 20. Оёдолчин Ц.Байгалмаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Ц.Байгальмаа одоогийн ажлын байраа анх 2021 онд банкнаас зээл авч худалдаж авсан байна. Учир нь сар бүр түрээс төлөөд байх нь хэцүү байсан учир өөрийн юмтай болъё гэж шийдэхэд хүргэжээ. Ингээд зээл авч орон сууцны зориулалттай 40 орчим мкв байрыг оёдлын үйлдвэрээр тохижуулж юм оёход хэрэгтэй бүхий л зүйлсээр хангажээ. Анх ганцаараа эхэлж байсан бол одоо тэд арвуулаа болжээ. Энд ч эсгэж, тэнд ч наалт нааж, эмжиж зүйж зогсоо зайгүй оёдлын машин тачигнана.

Өөрөөр хэлбэл, нэг өрөөг эсгэх зориулалтаар, нөгөө өрөөг зөвхөн нааж, индүүдэх зориулалтаар, үлдсэн өрөөнд зургаан ширхэг оёдлын машин байршуулж зүйж, оёж товч шилбэ хадахад бэлэн болгодог байна.

Үндсэндээ эдний ажлын байр эсгэх өрөө, гал тогоо, наах өрөө, оёх өрөө, агуулах гээд дөрвөн жижиг өрөөтэй. Энд хүн бүр өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийж дараагийн хүндээ хүлээлгэж өгнө. Өөрөөр хэлбэл, нэг нь хэмжээ авч эсгэж наалт наахад бэлэн болгоно. Нөгөө нь эмжиж индүүдэж зүйхэд бэлдэж дараагийн хүндээ хүлээлгэж өгнө. Оёдолчин зүйж товч, шилбэ хадахад бэлэн болгоно гэдэг зарчмаар ажилладаг ажээ.

Энд өглөөнөөс орой хүртэл заримдаа 24 цаг үйл ажиллагаа явуулж хүний сэтгэлд, биед тохирсон хувцсыг урладаг аж.

Тэрбээр, “Одоо арав гаруй жил болж байгаа болохоор хүмүүс мэддэг болсон. Анх найзтайгаа хамт Хөх хотын үзэсгэлэнд очиж туршлага судалж тэнд нэг сар орчим байж дээл хүрэм зарж тэндээсээ 20 гаруй сая төгрөг олж байсан. Тухайн үед маш их мөнгө байсан. Ингээд олсон мөнгөө бараа материал авахад нэмэрлэсэн. Одоо бол нэг их тулгараад байгаа бэрхшээл алга байна аа. Юм болгон анх эхлэхдээ амаргүй байдаг. Хаанаас эхлэх үү, мөнгө санхүү яах билээ, чадах болов уу яах бол” гэсэн айдас байдаг. Гэхдээ хүмүүс оёдлыг хийхэд амархан гэж боддог. Маш их сууна, тууштай л байх хэрэгтэй. Сүүлийн үед наймаачид Эрээнээс хямд дээл их оруулж ирж худалддаг болж. Зах, Дүнжингарав дээр битүү урдаас оруулж ирсэн дээлүүд байна. Тийм болохоор зах зээл тийм ч сайн биш. Гэхдээ хүн өөрийн биеийн хэмжээ, онцлогт тохируулсан хувцас өмсөнө гэдэг шал өөр.

Хүний биед тохирсон хувцас урлана, тэр хувцас цор ганц гэж бодохоор үнэхээр сайхан санагдаж ажлаараа бахархдаг.

Манай урлан жилийн дөрвөн улиралд тасралтгүй ачаалалтай байдаг. Цагаан сар наадмаар илүү их ачаалалтай байдаг. Бусад үед массын хувцас тор гээд байнга захиалга орж ирдэг. Оёдол хийхэд материал маш чухал. Тэгээд технологийн дагуу оёх ёстой. Захиалагчийнхаа итгэлийг алддаггүй болохоор эргэх холбоо маш сайн байдаг” гэдгээ хэлж байсан юм.

Тэрбээр ажилчдаа ойлгож, урамшуулдаг гэдгийг тэдний ажилчид хэлж байсан юм. Тухайлбал, Б.Номин энд ажилд ороод хоёр жил болж байгаа аж. Түүний хувьд оёдол хийх ямар ч мэдэгдэхүүнгүй байсан бөгөөд ар гэрийн шалтгаанаас болоод байнгын өдрийн ажил хийх боломжгүй байжээ. Улмаар Ц.Байгальмаа ажил хийх санал тавьж, оёдол хийх аргыг бүгдийг эхнээс нь зааж өгсөн байна. Одоо Номингийн хувьд хүүхдүүдээ харахын зэрэгцээ оёдлоо хийдэг гэсэн юм. Ингэхдээ захиалгын хувцас л хугацаандаа гарч байвал, өглөө ирэх, орой ирэх нь тийм ч чухал биш гэлээ. Энд ажилчид нь хийснээрээ цалингаа авдаг. Ачаалал ихтэй үед 3 сая гаргаж цалин авах ч тохиолдол бий. Энгийн үед 2 сая гаруй төгрөгийн цалин авдаг. Дээл, цамц гээд бүгд материал хийцээсээ шалтгаалаад өөр, өөр үнэтэй байдаг ажээ. Дээлний үнийн хувьд 120 мянгаас 3,5 сая хүртэлх төгрөгөөр оёж өгдөг байна.

Тухайлбал, ноолууран дээл 2,5 сая төгрөгөөр захиалга авдаг бол хурган дотортой дээлийг 3,5 сая төгрөөр оёдог байна.

Эднийх "Амар байна уу” үзэсгэлэнд худалдаанд энэ удаа хоёр дахь жилдээ оролцож байгаа аж. Мөн БГД-ийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос үйлдвэрлэл эрхлэгчдээс дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой түрээсийн мөнгө төлөхгүй зөвхөн хэрэглээний зардлаа өгөх нөхцөлтэй дэлгүүр гаргаж гаргаж өгсөн байна. Тэнд оёсон дээлнүүдээ борлуулдаг байна.

Ц.Байгальмаагийн ойрын зорилго нь өөрийн гэсэн брэнд дэлгүүртэй болох мөрөөдөлтэй. “Ингэхийн тулд тасралтгүй ажиллаж илүү их хичээнэ” хэмээн ярина.

БГД, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 20. Оёдолчин Ц.Байгалмаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Тэрбээр өнгөрсөн 2025 онд мастер оёдолчин гэдэг цол авсан байна. Үүнийгээ олон жилийн тууштай хөдөлмөрийн үр шим гэнэ. Ажилчдынхаа цалинг таслахгүй илүү сайжруулах зорилготой. Ер нь аливаа ажлыг хийхэд гэр бүлийн дэмжлэг маш чухал. Хойноос чангаагаад байвал амжилтад хүрэхэд хэцүү. Манай гэр бүлийн хүн намайг маш их дэмждэг. Тэр ч утгаараа өнөөдөр би амжилттай яваа гэж боддог. Ямар ч зүйлийг хийхэд амар байдаггүй. Тууштай байдал чухал” гэдгийг хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2026-01-21 71.229.150.6

Yum hiideg buteedeg zorilgotoi humuus urgelj amjilttai baidag,Yu ch hiidegguinuud utas maajaad hun muulah ajiltai,amidral ni ch muu bsidag.Amjilt husei.

Avatar

Иргэн 2026-01-21 138.252.29.38

Л.Түдэв гуай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ "Өрх бүр үйлдвэрлэгч" гэж байсныг энэ охин хэрэгжүүлж байна уу?. Тэгвэл нөгөө нэр дэвшигч Бар улс болгоно гээд "БААР" улс болгосон уу?, Алт хөтөлбөр гээд "АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИД" болгосон уу?

Avatar

Нэргүй 2026-01-21 91.148.236.81

Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2026-01-21 202.126.89.94

hayag utas

Avatar

Нэргүй 2026-01-21 202.9.41.7

УРАН БҮСГҮЙД УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮЁЬЕ

Avatar

Нэргүй 2026-01-21 202.70.43.34

Хаяг нь хаана ьэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж