Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явах хэмжээнд бэхжээгүй байна

Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явах хэмжээнд бэхжээгүй байна

Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явах хэмжээнд бэхжээгүй байна

Он гарсаар Онцгой байдлын газарт "гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн" гэх дөрвөн удаагийн дуудлага ирсэн байна. Алба хаагчид дуудлагийн дагуу ажиллаж иргэдийг авран хамгаалжээ. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байгаа аж. Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэсээс гол мөрний мөсний үзэгдэл, зузааны хэмжээг гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 11-ны байдлаар, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 25-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-15 см ахиу, харин Үүр голын хувьд 5 см нимгэн байна. Бэлтэс гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол Эг голын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа аж.

Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 50-65 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 10-15 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-130 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын ихэнх нь 2025 оны мөн үеийн орчим байгаа бол Хануй гол Эрдэнэмандал сум орчимдоо 30 см нимгэн, харин Чулуут гол Өндөр-Улаан сум орчимд 50 см зузаан мөстэй байна.

Өгий болон Тэрхийн Цагаан нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 90-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийн орчим байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-50 см нэмэгдэж, 40-105 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-20 см ахиу, харин Хараа голын эх болон Туул голын адгаар 5-10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Мөн түүнчлэн Сэлбэ, Улиастай, Шарын голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

 Сэлэнгэ мөрөн, Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 45-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Эдгээр голуудын эхээр мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5 см орчим нимгэн, харин дунд болон адгаар 5-25 см ахиу байна. Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл зонхилж байна.

Номхон далайн ай савын гол мөрөн, нуур:

Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Барх, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 65-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-25 см ахиу, харин Онон гол Биндэр сум орчимд 10 см нимгэн мөстэй байна.

Буйр, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 65-85 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Нууруудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-15 см ахиу байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур:

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Булган, Буянт, Бодонч, Үенч, Сагсай, Согоог, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудад мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 25-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-30 см нимгэн, харин ус судлалын Ховд-Өлгий, Сагсай-Буянт, Турган-Сагсай, Харбут-Алтай, Буянт-Дэлүүн, Булган-Байтаг харуул орчимд 5-40 см ахиу байна. Мөн түүнчлэн Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Буянт зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

Хар ус нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5 см нэмэгдэж, 55 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 6 см-ээр нимгэн байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түйн, Байдраг, Цагаантуруут, Онги зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 35-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-40 см ахиу, харин Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Түйн зэрэг голууд 5-20 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Мөн түүнчлэн Хүнгүй, Завхан, Зүйл, Заг, Байдраг /Жаргалант сум/, Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн бол Чигэстэй, Богд, Буянт голд харз гүйх үзэгдэл зонхилсон хэвээр байна.

Тайгам, Хар нуур, Ойгон, Бөөнцагаан, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 45-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Нууруудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал Бөөнцагаан, Хар нуур 5-20 см нимгэн, харин Ойгон, Тайгам, Хөх нуур 5-15 см ахиу зузаантай байна.

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг, Хархираа, Хариг, Түргэн, Намир зэрэг голуудад 10-65 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 10-15 см нимгэн байна.

Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж, 50 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 10 см ахиу байна. Харин Хяргас нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногт төдийлөн нэмэгдээгүй байна.

Нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг холбогпох байгууллагуудаас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-20 202.55.188.86

Энэ сарын 11 өдрийн баыдлаар гэжээ. Одоо 21 ний адөр өолох гэж өаына. Шөнөдөө 40-50 хүрч хүйтэрч байхад мөс овоо зузаараа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж