Өчигдрийг сануулах өнөөдрийн сүүдэр

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Өчигдрийг сануулах өнөөдрийн сүүдэр

Ёрын бүүвэйн дуу ухаан санааг эзэмдэн улам бөх нойрсуулах ажгуу. Бүүвэйн дуунд,
…Улаан цусанд будагдсан хэлмэгдүүлэлтийн хар жилүүд хойно хоцорсон

Цэнхэр ардчиллын эрх чөлөөгөөр чи амьсгалж байна, хүү минь. Бүүвэй, бүүвэй… гэж дуулна. Гоёос гоё машинтай болчихлоо гэж зүүдэлсэн хүү сэрээд уйлдаг шиг өнөөдөр ч бид “аллага” дуусгавар болсон гэж хэлмэгдүүлэлтийн хөшөөнд хиймэл цэцгийн баглаа өргөнө. Өнөөдөр маргаашаар солигдоход өчигдрөө үгүйсгэж хэлмэгдүүлэлт үргэлжилж байгааг мэднэ.

1937 он гэж ирээд л ярьдаг хэлмэгдүүлэлт өнөөдөр ч зүсээ хувилган бодит утгаар үргэжилсээр буйг анзаарах сөхөөгүй өдрийн талхныхаа төлөө зүтгэж байна, бид.

Хамар доорхоо хараагүй бид хэдхэн хоногийн өмнө “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт" гэх сүржин нэртэй эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Тэр хурал тэртээх он жилүүдийн өнгөрснөөр аялсан гэвэл худал болохгүй. Энэ хуралтай, хуралгүй мянга мянгаар нь хэлмэгдүүлсэн тэр он жилүүдийн гашууныг мэднэ. Улс төрийн хилс хэрэгт холбогдсон хүүгийнхээ араас очсон эцэгтэй нь хамт хүүг нь буудан хөнөөсөн талаар ач охин нь жил бүрийн энэ өдөр эхэр татан уйлан ярьдагчлан олон гашуун түүхийг бид хангалттай сонссон. Өнөө орой ч телевизийн мэдээнээс энэ тухай сонсоно. Тэр бүхнийг мэдэхгүй монгол хүнгүй болсон ч толгой сэгсэрч, халаглан сонсдог.

Гэтэл өнөөдөр дөнгөж сургуулиа төгсөөд ажлын талбарт гарч буй залуус эвэртэн, туурайтнуудын золиос болж буйг тоочоод барахгүй. Сонголтыг нь луйвардсан эрх баригчдын эсрэг эрхээ хамгаалахаар жагсаад буудуулсан халуун амийн араас хэн ч уучлалт гуйгаагүйг мартахгүй. Буудсан эзнийг нь харин буудах ёстой мэт болгож өршөөлд хамруулсныг харсаар л суугаа. 

Бидний амьдралын өдөр тутамд хэлмэгдүүлэлт байсаар байна гэвэл та итгэх үү. Намайг долоон настай байх үед багачуудыг долоон наснаас нь эхлээд хичээллүүлэх шийдвэрийг төрөөс гаргалаа. Бага ангийн багш солгой хүүхдүүдийг баруун гартаа үзгээ барихыг шаардана. Төрөлхийн солгой би нэг л мэдэхэд зүүн гартаа шилжүүлчихнэ. Үүний хариуд бяцхан гарыг минь хөдлөхгүй болтол саваадах багш сандалтай зүүн гарыг уяж, нөгөө гарт үзэг бариулан бичүүлсээр баруун болгов. Гэм хийгээгүй зүүн гар бичих эрхгүй болсон нь тэр. бэлтгэлээс сургуульд ч оров. Долоон настнуудыг сургана гэж боловсролын тогтолцоогоо шинэчлэсэн эрхмүүд уламжлалт монгол бичгээ бас сэргээнэ гэж дөвчигнөлөө. Учраа мэдэхгүй нэгдүгээр ангид орсон миний үеийн мянга мянган хүүхдүүдийг монгол бичгээр сургаад эхлэв. Ингэсээр дөрөвдүгээр ангид элсэв. Гэтэл крилл үсгийг нь заах шийдвэрийг гаргахаа эвэртэн, туурайтангууд мартсангүй. Хөөрхий өнөөх бичиг үсэг сурах гэж орсон хүүхдүүд нэг хэлийг хоёр өөр үсгээр сураад эхлэхээр гар хөлийг нь салгаад зэрэмдэглэсэн хүүхэлдэй шиг мэдлэгийг толгойдоо хийж байгаа нь тэр. Ойлгомжгүй зүйл их. Уул  гэдэг нэр үгийг криллээр бичихдээ хуучин бичиг шигээ санан “Агула” гэж бичээд хоёр авна. Дунд ангид орос хэл үзэж байснаа гэнэт англи үзэх болж, тэгснээ болиод орос хэлийг оромдоглуулав. Тухайн үеийн боловсролын яамны толгойд байсан боловсролгүй хэдэн эрх мэдэлтнүүд Монголын нэг үеийн хүүхдүүдийн маргаашаар нь ийн тоглож хэлмэгдүүлсэн. Тиймээс ч бидний үеийнхэн эх хэлээрээ эрэмдэг зэрэмдэг бичдэг. Харин хэзээ ч бидний “Агула” гэж бичиж хоёр авч байсныг цагаатгаагүй.

Жишээгээ хүндрүүлбэл, Ц.Нямдорж улсын нууцыг урд хөршид айлчлахдаа задалсан хэрэгт холбогдож байсан. Энэ хэргийг нь эрхэм гишүүн Л.Гүндалай УИХ-ын даргад баримттай нь мэдүүлснээр өнөөх өөрөө улсын нууцыг задлагч болоод хувирчихав. Ингээд хилээр зорчих эрхийг нь түр түтгэлзүүлж, хэрэгт холбогдсон хүмүүсийнхээ нэрийг хэл гэхэд Л.Гүндалай тухайн үеийн тагнуулын газрын дарга генерал Ж.Баатарыг зааж өгч улсын нууцыг задалсан гэгдэж долоон жилийн хорих ялыг сонсгосон.
21-р зуунд улсын нууц задруулсан гэх хэргийн хамгийн анхдагч нь Ж.Баатарын хэрэг болж таарсан. Үнэндээ нууцыг задалсан Ц.Нямдорж уснаас хуурай гарсан. Хуурай гарахын тулд ч Ж.Баатарыг хэлмэгдүүлсэн гэдэг.

Тэгвэл улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэргээр анхан шатны шүүхээс 17 жил хорих ял УИХ-ын Тамгын газрын ажилтан асан Ц.Жаргалсайханд сонсгожээ. Энэ бүхэн Төрийн албан хаагчдын дунд битүүхэн айдсын харангыг дэлдэв. Магадгүй би ч гэсэн флайш дискээр файл зөөсөн. Арай тэр маань улсын нууцын зэрэглэлд хамаарах баримт байсан юм биш биз гэсэн бодолд төрийн албаны залуус живж эхэллээ. Ц.Жаргалсайханы хувьд улсын нууцад хамаарах мэдээллийг дамжуулсан гэж байгаа боловч авсан гэдгийг нь батлаагүй.

Түүнийг шалгах явцад зургадугаар сарын 3-нд Оросын дипломатчийн цүнхнээс гарсан гэх Хятадын Төрийн зөвлөлийн дарга Вень Зя Баогийн Монголд хийсэн тухай айлчлалын зургадугаар сарын 1-ны уулзалтын мэдээ нь өмнөх өдөр нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сайтуудад гарч л байсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ОХУ-д хийсэн айлчлалын тухайд ямар ч гэрээ байгуулаагүй, ердийн уулзалтууд байсан гэдгийг нотлох хангалттай баримт бий талаар эцэг нь болох ахмад дипломатч Д.Цахилгаан мэдээлж байна. Үүний үр дүнд үүсэн нөхцөл байдал нь түүнийг ч нууц задруулсан хэрэгт татаж болох аж. Өмнөх нийгэмд аав нь хүүгээ өмөөрөөд хамтдаа буудуулсан бол энэ удаад хамтдаа хоригдож магадгүй нь.     
Хэлмэгдүүлэлт үнэндээ хаалга тогшин байгааг аав хүү хоёр хэн хэн нь мэдээгүй биз.
Тиймээс л бидний өнгөрсөнд бус өнөөдөр хэлмэгдүүлэлтийн сүүдэр тусч буйг илчлэх энэ мэт баримт гэвэл олон. Хэлмэгдүүлэлтийг бид хуучин цагт улс төрийн өөр үзэл бодолтой гэж үзсэнээ л буудан хороож амь нас маргаашийг нь үгүйрүүлдгээр төсөөлдөг. Харин өнөөдөр энэ томъёог “Ноёнтой сөрвөл толгой, нохойтой сөргөвөл хормойгүй” гэх үгээр ойлгож болно. Үүний хор хөнөөл салбар бүрт бий учраас хүн бүхэн амсаж буй нь гарцаагүй ч түүнийгээ мэдэхгүй. Ардчиллаар замнасан 20 жилийн хугацаанд хэлмэгдүүлэлт оршсоор л байна. Гашуун түүх сөхвөл, 1945 оны дэлхийг донсолгосон Смершийн хэрэг. Германчуудад олзлогдон хорих лагерт нь хоригдсон оросууд автоматаар л эх орноосоо урвасан гэх тодотголыг зүүсэн юм. Сталин шууд улстөрийн хэрэгтэнээр татаж дайны тэргүүн фронт буюу үхэх нь тодорхой цэг рүү тэднийг илгээж байв. Тэндээс амьд үлдэгсэдийг ч эх орондоо ирэхэд үхэх л тавилан хүлээж байсан нь ойлгомжтой. 68 мянга гаруй дайчин ийм эмгэнэлт байдлаар эх орноосоо урваагүй байж урвасанаараа цоллуулсан. Өнөөдөр үүнээс өөр нийгэмд амьдарч байна гэх итгэл даанч алга. Шаардлагатай гэвэл хэрэгнийг цагаатгаж, дургүйг нь хүргэвэл хэнийг ч болов улсын нууц задалсан, төрд тэрсэлсэн хэргээр торны цаана суулгаж, буудан хөнөөж байна. Бид хэтэрхий их эрх мэдлийг монгол Сталинуудад өгснөөр өөрсдөө хэлмэгдэж буй нь энэ.  Энэ мэтээр “Анод”-ын хэргээс эхлээд олон хэргийг сөхөж болох ч үүгээр өндөрлөе.

Уучлаарай, өнгөрсөнд бус өнөөдөр хэлмэгдүүлэлтийн сүүдэр тусч байна.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж