Дэлхийн эдийн засгийн форум буюу олны нэрлэж заншсанаар Давосын чуулган Швейцарийн Давос хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн чуулган нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд "Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь" сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
56 дахь удаагийн чуулга уулзалтын хамгийн од зочноор яах аргагүй Дональд Трампыг нэрлэнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн дэг журмыг эвдэхээрээ нэг болсон Трамп Давосын чуулганд урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй. Харин бусад оролцогчийн хувьд түүний тарифын заналхийллийн эсрэг хэрхэн тэмцэх вэ гэж толгой гашилгаж байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Трампын тусгай элч Стив Виткофф нар багтжээ.
Трамп өнгөрсөн жил бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээсээ хэдхэн өдрийн дараа Давосын чуулганд оролцож байв. Энэ үеэр тэр дэлхий дахиныг тарифаар заналхийлж, НАТО-ийн орнуудыг батлан хамгаалахын зардлаа өсгөх хэрэгтэй гэж шавдуулан, хүүгийн хэмжээгээ яаралтай бууруулахыг Холбооны нөөцийн санд уриалсан билээ. Түүний хүргэсэн уриалгууд дараагийн 12 сарын эмх замбараагүйтлийг тодорхойлсон гэхэд болно.
Өнөөдөр Орос, Украины дайн, Хятадын өсөн нэмэгдэж буй автократ дэглэм зэргээс болж дэлхийн дэг журам улам алдагдаж, яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээхэд амаргүй болжээ.
Геополитикийн нэн эгзэгтэй үед энэ жилийн чуулга уулзалт тохиож байна. Украины ерөнхийлөгч Зеленский Давосыг ашиглан олон улсаас тусламж дэмжлэг хүсч байна.
Давосын чуулгантай холбогдуулан дэлхий даяарх 1300 гаруй улстөрч, бизнес эрхлэгчид, академичдээс ирээдүйд юунаас хамгийн их айж буйг нь асуужээ. Тэд ирэх хоёр жилийн хамгийн эрсдэлтэй хүчин зүйлээр гео-эдийн засгийн сөргөлдөөнийг нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засгийн дайнаас мэргэжлийнхэн айж байна.
Харин хоёрдугаарт, хамгийн их айж буй зүйлээрээ тэд үндэстэн хоорондын шууд мөргөлдөөнийг нэрлэжээ.
Сүүлийн хэдхэн долоо хоногт л гэхэд Трамп Венесуэль ажиллагаа явууллаа, Украиныг энх тайвны санаачлагад хойрго хандаж байна гэж буруутгалаа, Ираны дэглэмийг АНУ заналхийллээ.
Гэхдээ Давосын зочдын бүрэлдэхүүнд НАТО-ийн тэргүүн Марк Рутте, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен зэрэг энх тайвныг уриалагсад олноор багтжээ. Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулганд оролцоно. Тэрбээр 2026 оны тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулахдаа дэлхийн удирдагчид олон улсын эрх зүйд бүдүүлэг хандаж, дэлхийн дэг журмыг алдагдуулаад зогсохгүй аюултай жишиг тогтоож байна гэж буруутгасан юм.
Батлан хамгаалахын зардал дэлхийн хэмжээнд 9.4 хувиар өсч, 2.7 их наяд ам.доллар хүрсэн нь хүйтэн дайнаас хойших хамгийн огцом өсөлт юм. Орос, Хятад, АНУ-ын аюул заналхийлэл болон сүүлийн үед тохиолдсон үйл явдлуудаас болоод улс орон болгон батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхээр чармайж байна. АНУ-ын нөлөө асар их хэвээр байгаа ч Хятад тэргүүтэй хөгжиж буй орнууд эдийн засгаа улам бэхжүүлсээр байгаа нь урт хугацаандаа хүчний тэнцвэр Вашингтоноос аажмаар холдож буйг илтгэнэ.
Олон улс хоорондоо янз бүрийн салбарт хамтран ажилласаар байгаа ч хэвлэлүүд мөргөлдөөн, сөргөлдөөнд илүү анхаараад зарим сэдэв орхигдох болжээ.
Тухайлбал, НҮБ энэ жил хиймэл оюун ухааны чиглэлээр бие даасан шинжлэх ухааны зөвлөл байгуулна. АНУ давамгайлсан тус салбарт тэнцвэрийг авчрах зорилгоор 40 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн бүлэг тус зөвлөлд ажиллана.
Мэдээж улстөрчдөөс гадна дэлхий дахины баячууд, хүчирхэг эрхмүүд Давосын чуулганд оролцдог. Энэ жилийн тухайд 60 гаруй төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, 55 сайд, 800 гаруй гүйцэтгэх захирал, корпорацийн тэргүүнүүд оролцож байна. Бизнесийн салбарын томоохон төлөөлөгчдөөс дурдвал, "Nvidia"-ийн ерөнхийлөгч Женсен Хуан, "Microsoft"-ын гүйцэтгэх захирал Сатья Наделла, "Anthropic"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дарио Амодей нар багтаж байна. Тэднийг АНУ-ын хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн ард байгаа гол хүмүүс гэж болно.
Дашрамд дурдахад, Давосын чуулганд оролцохоор хувийн тийрэлтэт онгоц хөлөглөсөн хүмүүсийн тоо энэ жил 2023 оноос гурав дахин нэмэгджээ. Үүний цаана уур амьсгалын нөлөөллийн асуудал яригдаж байгаа гэдгийг "Greenpeace" байгаль орчны байгууллага дурдав.
Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч, Норвегийн сайд асан Борге Бренде энэ жилийн чуулганы талаар яриа өгөхдөө "Ерөнхийлөгч Трамп болон түүний баг хэлэлцээ хийх дуртайг бид мэднэ. Гэхдээ хэлэлцээ хийхийн тулд харилцан яриа өрнүүлэх хэрэгтэй. Энэ жилийн уулзалт Дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулж эхэлснээс хойших геополитикийн хамгийн төвөгтэй нөхцөлд болж байна" гэжээ.
Түүнчлэн "UNAIDS"-ийн гүйцэтгэх захирал Винни Бьянима Давосын чуулган дахь Трампын оролцоог маш зөрчилдөөнтэй гэж дүгнэж байна. Тодруулбал, дүрэм журамд суурилсан, урьдчилан таамаглах боломжтой хамтын ажиллагаа л дэлхийн эдийн засагт хувь нэмэр оруулна. Бизнесүүд ашиг орлогын төлөө, харин засгийн газрууд ард иргэдийнхээ хэрэгцээг хангахын төлөө ажилладаг байх ёстой. Харин Трамп бол "хүчтэй нь дийлнэ" гэсэн үзэл баримтлалтай гэдгийг Винни Бьянима хэлжээ.
Давосын хэлэлцүүлгүүд тухайн жилийнхээ дипломат чиг хандлагыг тодорхойлдог байсан цаг бий. Энэ нь 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үе буюу дэлхийн санхүүгийн хямралаас өмнөх үе юм. Давосын чуулганы ийм өөдрөг өнгө аяс өнөөдөр алга болсон ч дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд тэнд очиж харилцан бие биедээ нөлөөлөх боломж байсаар байгааг "One charity" олон улсын буяны байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд дэлхийн залуу удирдагчдын нэг Жэйми Драммонд хэллээ.
3,548.92






















































Нэргүй 2026-01-20 202.126.89.65
Бага хурал, чуулган, семинар зэрэг нь бүгд л онгоцны бизнесийг тэтгэдэг. Иймэрхүү хурлаар юу ч шийддэггүй.
Иооооү 2026-01-20 103.80.211.14
Урсула энхтайвныг эрхэмлэгч үү тэ.ккк
нацист өвөөтэф бсан хүн шүү.
нацист дэглэм, яргалалыг дэмждэг, дайныг дэмжигч н**ш авгай
Нэргүй 2026-01-20 124.158.119.35
ИНГЭЖ МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭХГҮЙ ЭЭ. МАНАЙ УЛСААС ХЭН2 ЯМАР ҮҮРЭГ РОЛЬТОЙ ОРОЛЦОЖ БН, БОДЛОГО ЧИГЛЭЛ НЬ ЮУ БАЙНА-ГЭЭД ОЛИГТОЙ СУРВАЛЖЛААД МЭДЭЭЛЭЛ ТАВИАЧ. ЗҮГЭЭР Л ГАДНЫ САЙТААС ХУУЛААД ТАВЬЧИХ ЮМ. ТОЛГОЙ ТАРХИА АЖИЛЛУУЛААЧ