Вьетнамын Коммунист нам шинэ удирдагчаа сонгоно

Вьетнамын Коммунист нам шинэ удирдагчаа сонгоно

Вьетнамын Коммунист нам шинэ удирдагчаа сонгоно

Вьетнамын эрх баригч Коммунист нам таван жил тутамд болдог их хурлаа хийж, шинэ удирдлагыг сонгох болон хурдтай хөгжиж буй эдийн засгийнхаа гол зорилтуудыг тодорхойлж байна. Энэхүү их хурал нь нэг намын тогтолцоотой тус улсын хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг газар юм. Их хурлаар эдийн засаг, гадаад бодлого болон намын дээд удирдлагыг сонгодог бөгөөд хамгийн хүчтэй албан тушаал нь ерөнхий нарийн бичгийн дарга юм. Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга То Лам энэ албан тушаалдаа дахин сонгогдох магадлал хамгийн өндөр байна. Тэрбээр 2024 оны наймдугаар сард уг албан тушаалыг авснаас хойш өргөн хүрээтэй шинэчлэлүүдийг эхлүүлжээ. Ерөнхий нарийн бичгийн даргыг олон нийтээс далд, намын удирдлагын хүрээнд сонгодог.

Вьетнам улс эдийн засгийн хурдтай өсөлтөөрөө Хятадын жишгийг дагахыг эрмэлзэж ирсэн бөгөөд экспортод тулгуурласан үйлдвэрлэл нь өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байна.

Тус улс Зүүн өмнөд Азийн хамгийн хурдан өсөж буй эдийн засагтай, экспортын үйлдвэрлэлийн томоохон төв юм. Гэсэн хэдий ч олон бэрхшээлтэй тулгарч байна. Жишээлбэл, авлигын индексэд тус улс 180 орноос 88-д бичигддэг бөгөөд өмнөх хоёр ерөнхийлөгч нь авлигын хэрэгт орж, огцорч байсан. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон тарифууд томоохон эрсдэл болж байна. Анх Вьетнамын импортод 46 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн ч одоо 20 хувь болгож бууруулжээ. Гэсэн ч АНУ руу хийсэн экспорт 28 хувиар өсөж, дээд хэмжээнд хүрсэн байна.

Тус улсын хувьд нэг намын социалист тогтолцоо нь бодлогын тогтвортой байдлыг хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тусалж ирсэн гэгдэж байна. Ялангуяа компаниуд Хятадаас нийлүүлэлтийн сүлжээгээ багасгаж, Вьетнамд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Сүүлийн хэдэн арван жилийн турш эдийн засаг нь жил бүр зургаан хувиас дээш өссөн ч засгийн газар 2026 онд 10 хувийн өсөлтөд хүрэх зорилт тавьжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ зорилтод хүрэхэд амаргүй ч эдийн засгийн амжилт нь Коммунист намын хууль ёсны байдалд чухал ач холбогдолтой.

Их хуралд Коммунист намын 1,600 орчим төлөөлөгч оролцож, ирэх таван жилийн бодлогын баримт бичгийг баталж, 200 орчим гишүүнтэй Төв Хороог сонгоно.

Төв Хорооны гишүүдээс 17–19 хүнийг намын хамгийн дээд шийдвэр гаргагч байгууллага болох Улс төрийн товчоонд (Политбюро) сонгох бөгөөд үүнд ерөнхий нарийн бичгийн дарга багтана. Бүх нэр дэвшигчийг урьдчилан сонгосон байдаг тул санал хураалт бараг санал нэгтэйгээр явагддаг. Энгийн иргэд үндэсний удирдагчдыг сонгоход шууд оролцдоггүй. Шинэ удирдлагыг их хурлын сүүлийн өдөр болох нэгдүгээр сарын 25-нд зарлана.

То Лам 2024 оны долоодугаар сард нас барсан өмнөх удирдагч Нгуен Фу Тронгийн оронд ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм.

То Лам

Тэрбээр одоогийн байдлаар намын удирдлага, Улс төрийн товчоо, Нарийн бичгийн дарга нарын газрыг удирдаж, зэвсэгт хүчнийг хянахын зэрэгцээ авлигатай тэмцэх ажлыг ахалж байна. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан То Лам өөрийгөө эдийн засгийн өсөлтийг дэмжигч шинэчлэгч хэмээн тодорхойлж, Вьетнам улсыг “үндэсний сэргэн мандалтын эрин”-д оруулна гэж амладаг. Түүний зорилго нь 2045 он гэхэд Вьетнамыг өндөр орлоготой, мэдлэгт суурилсан, технологийн эдийн засагтай улс болгох явдал юм.

Албан тушаалд орсноосоо хойш тэрбээр төрийн захиргааны шинэчлэл, үндэсний хөгжил, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж, мөн өмнө нь удирдаж байсан аюулгүй байдлын байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна. То Лам дахин ерөнхий нарийн бичгийн даргаар үлдэх нь бараг тодорхой боловч шинэ засгийн газрыг бүрдүүлэх үйл явц бага зэрэг удааширч магадгүй. Тус улсын парламентын сонгууль гуравдугаар сарын 15-нд болж, шинэ Үндэсний ассамблей дөрөвдүгээр сард хуралдан дээд удирдагчдыг албан ёсоор томилно. Мөн То Лам дараагийн бүрэн эрхийн хугацаанд ерөнхий нарийн бичгийн дарга болон ерөнхийлөгчийн албан тушаалыг нэгтгэх сонирхолтой байгаа тухай мэдээлэл гарсан байна. Тэрбээр өмнө нь эдгээр хоёр албан тушаалыг түр хугацаанд хавсран гүйцэтгэж байсан юм.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-19 202.126.91.19

1788 онд Вьетнам нь 10 түмэн манжийн монгол цэргүүдийг хиар цохиж амбаардаад хөөж байсан гайхалтай түүхтэй улс. Тэгээд тэднийг удирдаж байсан манж жанжин нь ялагдсан гэж цаазлуулах ёстой байтал хохирол багатай эргэн ирлээ гэж тэнгэр тэтгэгчид магтуулдаг нь үнэхээр инээд хүрч элэг хөшөөмөөр.

Avatar

Нэргүй 2026-01-19 59.153.115.124

Монголчууд сонгуулиар албаар Ардын намыг сонгож, дараа нь хуучны коммунистууд хавчиж байна гэсэн нэрийдлээр АНУ-аас орогнол хүсэх гэж байгаа юм. Зүүний намыг сонгодог нь гадаадад орогнох хүсэл агуулдаг. Вьетнамын хувьд мөн адил кэйс.

Avatar

Нэргүй 2026-01-19 66.181.178.80

ГАЗАР ДООРОО БАЯЛАГГҮЙ, АМЕРИКИЙГ ДАГААГҮЙ ХЭРНЭЭ ЗҮҮН ӨМНӨД АЗИДАА ТОЛГОЙ ЦОХИСОН ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС БОЛЖ ЧАДСАН НЬ ГАЙХАМШИГТАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж