Сирийн засгийн газар "SDF"-тэй гал зогсоох хэлэлцээр байгуулжээ

Сирийн засгийн газар "SDF"-тэй гал зогсоох хэлэлцээр байгуулжээ

Сирийн засгийн газар "SDF"-тэй гал зогсоох хэлэлцээр байгуулжээ

Сирийн засгийн газар Курдын удирдсан Сирийн Ардчилсан хүчнүүдтэй (SDF) шууд хэрэгжих гал зогсоох хэлэлцээр байгуулснаа зарлалаа. Ингэснээр бараг хоёр долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөн дуусч байна. Энэхүү гал зогсоох шийдвэр нь нийт 14 заалттай өргөн хүрээтэй гэрээний нэг хэсэг юм. Уг гэрээгээр Сири улсын ихэнх нутаг дэвсгэр дахин засгийн газрын хяналтад орно. Гэрээний дагуу "SDF"-ийн хүчнүүд Сирийн арми болон төрийн байгууллагуудад нэгдэнэ. Тус улсын ерөнхийлөгч Ахмед аль-Шараа хэлэхдээ, уг хэлэлцээрийн үр дүнд зүүн болон хойд Сирийн гурван бүс нутаг болох аль-Хасака, Дейр эз-Зор, Ракка мужуудыг засгийн газар дахин хяналтдаа авна гэж мэдэгдлээ. Тэрбээр Дамаскт АНУ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Том Баррактай уулзсаныхаа дараа уг мэдэгдлийг гаргасан юм.

Баррак 14 заалттай гэрээг “нэгдмэл Сири рүү чиглэсэн чухал алхам” гэж үнэлжээ.

"SDF"-ийн командлагч Мазлум Абди цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан уулзалтад оролцож чадаагүй ч гэрээг баталсан бөгөөд Дамаскаас буцаж ирсний дараа Курд иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө мэдэгдсэн байна. Гал зогсоох шийдвэр нь илүү өргөн хэмжээний дайнаас зайлсхийх зорилготой байсан гэж тэрбээр хэлсэн байна. Мөн өнгөрсөн 14 хоног үргэлжилсэн тулалдаан нь "SDF"-д тулгагдсан нөхцөл байдал байсан гэж тайлбарлажээ.

"SDF" нь Сирийн иргэний дайны үеэр АНУ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан юм.

АНУ-ын цэргийн тусламжтайгаар тэд Сирийн зүүн хойд хэсгээс “Исламын улс” (IS) бүлэглэлийг шахан гаргаж, ойролцоогоор арван жилийн турш тухайн бүс нутгийг захирч ирсэн. Шинэ гэрээний дагуу Сирийн засгийн газар "SDF"-ийн хяналтад байсан иргэний байгууллага, хил боомт, мөн Курдын өөртөө засах засаглалыг тэтгэж ирсэн нефть, хийн ордуудыг хариуцна. Дараа нь тус бүлгэмийн цэрэг, аюулгүй байдлын алба хаагчдыг шалгалтын дараа Батлан хамгаалах яам болон Дотоод хэргийн яаманд нэгтгэнэ.

Мөн “Исламын улс”-ын олон мянган гадаадын дайчид болон тэдний гэр бүлийг хорьж буй шорон, хорих лагериудын хариуцлагыг засгийн газар авна.

Үүнээс гадна Сирийн засгийн газар Курд ард түмний соёл, хэлний эрхийг хүлээн зөвшөөрөхөө дахин баталсан байна. Курд хэл албан ёсны хэлний статустай болж, Курдын шинэ жилийг үндэсний баяр болгон тэмдэглэх юм. Энэ нь 1946 онд Францаас тусгаар тогтносноос хойш Курд эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болж байна. Энэ талаар Абди хэлэхдээ, Курд удирдсан өөртөө засах засаглалын “ололт амжилт” болон “онцлог шинж чанар”-ыг хамгаалах байр сууриа "SDF" хадгалсаар байна гэж мэдэгдэв. Мөн шинэ гэрээ нь Сирийн “Исламын улс”-ын эсрэг АНУ тэргүүлсэн эвсэлд оролцохоо үргэлжлүүлэхийг баталгаажуулжээ. Ерөнхийлөгч аль-Шараа өнгөрсөн долоо хоногт “ямар нэгэн зэвсэгт бүлэг улс орны дөрөвний нэгийг хянаж, гол нефть болон стратегийн нөөцийг эзэмших нь хүлээн зөвшөөрч болохгүй зүйл” гэж мэдэгдсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-19 84.247.149.236

Чи гарчгийг нь хоёр удаа бичсэн байна, яарч байсан юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж